Манай оронд зүрх судас судлал, тухайлбал зүрх судасны мэс засал зохих өндөрлөгт гарч ирж буй нөхцөлд монгол хүмүүсийн зүрхний морфологи судалгааг анхаарал татаж буй чиглэлээр явуулах асуудал зүй ёсоор гарч ирж байна. Судалгааны зорилго Бид өөрийн нөхцөлд насанд хүрсэн монгол хүний зүрхний харьцангуй эрүүл, эмгэг үеийн хэмжил зүй болон артерийн судасны хэлбэрийг харьцуулан судлах явцдаа тэдгээрийн титэм судасны дутагдал хийгээд зүрхний эмгэгшлийн үеийн өөрчлөлтийн зүй тогтнолыг илрүүлэх Судалгааны ажлын шинэлэг тал Бид өөрийн орны нөхцөлд насанд хүрсэн монгол хүний зүрхний эрүүл, эмгэг үеийн хэмжигдэхүүнийг харьцуулан, улмаар титэм судасны цусан хангамжтай нь холбож анх удаа судлаад насанд хүрсэн монгол хүний зүрхний цусан хангамж таван хэлбэртэй байгааг тодохойлоод, эдгээрээс зүүн давамгайлсан, жигд хэлбэр бусад үндэстнийхтэй харьцуулахад илүү байдгийг илрүүлсэн. Шинжлэх ухаан, практикийн ач холбогдол Энэхүү ажлын үр дүнд насанд хүрсэн монгол хүний эрүүл зүрхний хэмжил зүйн үндсэн үзүүлэлт болон цусан хангамжийн хэлбэрийг тодорхойлж, титэм судасны салаануудын морфологийн болон гистотопографийн үзүүлэлтийг тогтоож өглөө. Судалгааны дүнд монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд амьдардаг хүмүүсийн зүрхний ангиоархитектоникийн онцлог байдал үндсэндээ тайлбарлагдлаа. Манай орны уугуул оршин суугчдыг гэнэтийн үхэлд хүргэдэг шигдээстэй болон эмгэгшилтэй зүрхний титэм судасны зураглалыг харьцуулан гаргалаа. Судалгааны үр дүн Монголчуудын зүрхний урт (9,7±0,1 см) , зузаан (4,8±0,07 см) нь европчуудынхаас богино, зузаанаараа ялгаатайн зэрэгцээ зүрхний ерөнхий жингийн нэлээд хувийг /33%/ баруун хагас нь эзэлдгээрээ онцлог байна. Монголчуудын зүрхэнд судасжилтын зүүн давамгайлсан /38,9%/, жигд /18,9%/ хэлбэр бусад хэлбэрээсээ илүү байдаг нь тогтоогдлоо. Монголчуудын зүрхний зүүн титэм судасны тойрсон салаа /3303±244,7 мкм/ ба баруун титэм судасны голч /3650±269,6 мкм/ бусдаасаа их /p<0,05/ байлаа. Монголчуудын зүрхний баруун тал илүү ачаалалтай ажилладагийг түүний жингийн үзүүлэлт болон судасжилтын шинж төлөв гэрчилж байна. Зүрхний эмгэгшлийн зузаарсан хэлбэрийн үед титэм судасны рентген зурагт үндсэн голч ихсэх, зүрхний ханын эдэд III, IY эрэмбийн артерийн судасны тор сийрэгжиж, харин зүрхний эмгэгшлийн тэлэгдэх хэлбэрийн үед дээрхийн эсрэг шинж илэрдэг нь тогтоогдлоо.