Вируст гепатит нь дэлхий даяар өргөн тархсан, хүн амын эрүүл мэнд хийгээд эдийн засагт асар их хохирол учруулдгаараа халдварт өвчний дотор онцгой байр эзэлдэг байна. Судлаач нөхөн үржихүйн насны Монгол эмэгтэйчүүдийн цочмог С гепатитын эмнэлзүйн шинж төрх хийгээд түүний алсын тавиланг судалж, оношлох, эмчлэх, хянах аргыг боловсруулахыг зорьсон. Судалгааны ажлын шинэлэг тал нь: · Өөрийн орны нөхцөлд орчин үеийн өндөр мэдрэг оношлуур ашиглан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цочмог С гепатитын эмнэлзүй, алсын тавиланг анх удаа тодорхойлов. · Цочмог С гепатит төрөлтөнд хэрхэн нөлөөлдгийг судалсан. · Цочмог С гепатит нь аядуу хөнгөн явцтай хэдий ч АЛАТ ферментийн идэвх удаан хугацаанд өндөр байх, өвчин сэдрэлттэй явагдах нь түүний цаашдын тавиланд сөргөөр нөлөөлдгийг тогтоов. Судалгааны ажлын практик ач холбогдол: Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд цочмог С гепатитын эмнэлзүйн шинж төрхийг судалснаар эмнэлзүй-лабортори шинжилгээний үзүүлэлт дээр үндэслэн, ийлдэс судлалын шинжилгээ хийх боломжгүй, ялангуяа хөдөө орон нутагт онош тавих шалгуур шинжүүдийг тогтоосон. Цочмог С гепатитаар өвдсөний дараа хяналт явуулах аргачлалыг боловсруулав.