Хүний дархлал хомсдолын вирүс (ХДХВ)-ийн халдвар дэлхий нийтийн хэмжээнд цар тахал хэлбэрээр тархаж 5 сая гаруй хүн уг вирүсийн халдвар болон Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинд өртөөд байна. ХДХВ-ийн халдварт өртөх, ХДХВ/ДОХ-ын илрэх шинж тэмдэг, эмгэг жам нь үндэстэн ястнуудын хооронд төдийгүй хувь хүн бүрт ялгаатай байгаа юм. ХДХВ-ийн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсон, хамт амьдарч байсан, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн ч халдвар авдаггүй, зарим хүн ХДХВ-ийн халдвар авсан ч урт, удаан хугацаанд ямар нэг шинж тэмдэггүй эрүүл саруул байх, зарим хүн богино хугацаанд ДОХ-ын шинж тэмдэг илэрч, өвдөж, нас барж байгаагаас үүдэн, ХДХВ/ДОХ-д өртөхгүй байх болон халдварын явцад нөлөөлж байгаа биологийн хүчин зүйлийн эрэл эхэлсэн. ДОХ-ыг үүсгэгч хүний биед халдварлах, түүний эмгэг жам, өвчний хувьсал хөгжилд вирүсийн хэв шинж болон хүний биологийн хүчин зүйлийн аль аль нь чухал нөлөө үзүүлж байгааг олон судалгаанууд батлан харуулсан. Т эс, макрофагийн гадаргуу дээр байдаг CD4 тосуул нь CCR5 хемокин тосуултай хамсарч ХДХВ-ийг эсэд нэвтрүүлдэг болохыг судлаачид тодорхойлжээ. Цаашдын судалгаанууд ХДХВ-ийн халдвар авахгүй, тэсвэртэй байх биологийн хүчин зүйл нь CCR5 генийн локус дахь 32 хос нуклеотидийн делеци буюу CCR5∆32 мутаци бөгөөд уг мутацийн тархалт нь цагаан арьстай үндэстнүүдийн дунд их, бусад үндэстнүүдэд бага байгааг тогтоосон.(Aarons et al., 1997, Dean et al., 1996, Winkler et al., 1998). Цагаан арьстнуудын 1% орчим нь тухайн мутацийн хомозигот хэвийг агуулж байгаа ба тэдгээр хүмүүс нь ХДХВ-ийн халдварт өртсөн ч халдвар авахгүй, тэсвэртэй байгааг олон судлаачид тэмдэглэсэн байна. CCR5∆32 хетерозигот хэвийг агуулсан хүмүүс ХДХВ-ийн халдварт тэсвэртэй биш боловч вирүсийн халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх, өвчлөх явц нь удаан байсан байна. CCR2-64I мутаци нь хар, цагаан, шар арьстны аль алинд элбэг байдаг. Судлаачид CCR2-64I хомозигот, хетерозигот хэвийн аль аль нь ХДХВ-ийн халдвар, ДОХ өвчний явцыг удаашруулдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх, өвчний явц, амьдрах хугацаанд чухал нөлөө үзүүлдэг CCR5-59029, CCR5m303, SDF1-3’ зэрэг хемокины бусад төрлийн мутациудыг ч олж нээсэн байна.
Манай улсын хувьд 1987 онд Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институтын дэргэд “Дархлалын олдмол хомсдол өвчний лавлах төв” байгуулагдаж, ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээг эрсдэлт бүлгийн хүмүүст хийж эхэлснээс хойш 5 жилийн дараа (400000 гаруй хүнийг шинжилсэн) 1992 онд ХДХВ-1-ийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн ба сүүлийн 5 жилийн хугацаанд халдвар авсан хүний тоо зогсолтгүй нэмэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, UNAIDS-с дэлхийн улс үндэстэн бүрийн дунд тархаж байгаа ХДХВ/ДОХ-ын халдварын бүртгэгдсэн тохиолдлын ангилалаар манай улс халдварын тархалт багатай орны тоонд олон жил явж ирсэн. Халдварын тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгааг манай судлаачид хийсэн боловч биологийн хүчин зүйл Монголчуудад ямар байгаа нь судлагдаагүй байгаа юм. Эдгээр үндэслэлээр өөрийн орны хүн амын дунд биологийн хүчин зүйлийг судлах болсон.
Зорилго: Судалгааны ажлын гол зорилго нь ХДХВ/ДОХ-ын халдварт тэсвэртэй байх, халдварын явцад нөлөөлдөг CCR5, CCR2 хемокин тосуулын генийн полиморфизм, эсийн дархлааны зарим үзүүлэлтийг Монголын хүн амын дунд судлан тодорхойлоход оршив.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0