Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухаан



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2153
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Шүтлэг бишрэл, хорио цээр, уран зохиол, хууль цааз

Аннотаци

Уг ажил нь удиртгал, 3 бүлэг, 6 зүйл, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэц бүхий 147 хуудас болно.Энэхүү судалгааны ажлаараа ахуй амьдралын хэв заншил, хорио цээр, тахилга шүтлэгийн ёс, ардын аман зохиол, аман яриа, хууль цааз зэрэгт тулгуурлан монголчуудын байгальтайгаа зохицож, хамгаалж ирсэн арга ухааны уламжлалыг судлан тодруулахыг гол зорилго болгов. Эл судалгаа нь он цаг, газар нутгийн хувьд ихээхэн өргөн цар хүрээтэй тул энэ удаад монголчуудын байгаль хамгаалах уламжлалыг ихэвчлэн Монгол улсын монголчуудын хүрээнд голлон авч үзлээ. Гэхдээ хорио цээр, шүтлэг бишрэлийн ёс, ахуй амьдралын хэвшил зэргийн байгаль хамгаалах үүргийн талаар авч үзэхдээ он цагаар төдийлөн заагласангүй. Горилогч сан тахилгын судрууд, хээрийн шинжилгээний хэрэглэгдэхүүн, аман яриа нилээд хэмжээгээр цуглуулж судалгаандаа ашиглав. Сэдвийн дагуу угсаатны зүйн хээрийн судалгааны ажлыг Завхан, Сүхбаатар, Дорнод, Увс аймгийн нутгаар явуулсан бөгөөд судалгааны явцад нутгийн настан буурлууд, уламжлалт соёл, ёс заншлаа сайн мэддэг, сэргээх зорилго эрмэлзлэлтэй оюунлиг олон хүмүүстэй уулзаж, тахилга шүтлэгтэй, онгон ариун газар устай холбоотой аман яриа, тахилгын зан үйлийн талаар мэдээ цуглуулан ашиглав. Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалт арга ухааны асуудлыг тусгайлан судалсны үр дүнд дараах дүгнэлт, гаргалгааг хийж болох байна. Монголчуудын дунд байгаль орчноо хамгаалах хэд хэдэн гол арга хэлбэр бүрэлдэн бий болж, хадгалагдсаар иржээ.
1). Шүтлэг бишрэл, шашны үзэл санаа, тахилга тайлгын зан үйлээр дамжуулан байгаль хамгаалах хэлбэр.
2). Хорио цээрийн ёсыг дагаж мөрдөх замаар байгалиа хамгаалах хэлбэр.
3). Газар нутгийг дархлан, тусгай хамгаалалтад авч хамгаалах хэлбэр.
4). Уран зохиол, аман яриаг ашиглан ард олон, залуу хойч үедээ байгалиа хайрлах хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх арга.
5). Нүүдэлчдийн оршин тогтнох зайлшгүй шаардлагаас үүдэлтэй байгаль орчинтойгоо зохицон амьдрах дадал хэвшил.
6). Төрийн хууль цаазад байгаль хамгаалах асуудлыг тусгайлан тусгаж байгалиа хамгаалах арга. Дээр дурдсан арга хэлбэрээс гадна төр, шашны зүтгэлтэн болон тухайн цаг үе, нийгмийн элит давхаргынхны идэвх санаачлага, оролцоо байгаль хамгаалалд багагүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна. "Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёсзүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 592
Сүүлийн сард 58
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :