Орчин үеийн монголын хүүхдийн утга зохиол төрөл зүйлийн хувьд бүрдэл болж байна. Жараад оныг хүртэл хүүхдийн утга зохиол нийт утга зохиолын дотор дайврын чанартай хөгжиж байв. Зохиолчид хүүхдэд зориулсан зохиолыг насанд хүрэгчдэд зориулсан бүтээлийнхээ зав чөлөөгөөр бичиж байсан юм. Хуучин уран зохиол, аман зохиолын нөлөө хүүхдийн зохиолыг дүрслэх аргад удтал зууралдсаар байна. Нэг бол гаднаас нь магтах, эсвэл бүх юмыг ардын үлгэрийн уламжлалт дүрээр үзүүлэх хандлага байжээ. Энэ 2 аргаас аман зохиолыг тулгуурлан бичсэн зохиол хүүхдийн сэтгэхүйд нийцдэг юм. Шүлэг, өгүүллэг нь манай хүүхдийн утга зохиолд хамгийн ахмад төрөл зүйл мөн. Дөчөөд оны сүүлчээс тууж жүжиг гарч иржээ. Тавиад онд хүүхдийн анхны кино зохиол бичигджээ. Жараад онд сургуулийн өмнөх насныханд зориулсан наадам ном, зурагт ном, шүлэг өгүүллэг нилээд хэвлэгдэж, адал явдлын болон уран зөгнөлт зохиол роман гарлаа.Монгол Ардын Хувьсгалт Намын прогаммд "Үндэсний соёлын дэвшилтэт уламжлалыг баяжуулан, дэлхийн соёл, юуны өмнө ах дүү социалист орнуудын социалист утга зохиол, урлагийн шилдэг ололт амжилтыг эзэмшиж, уран бүтээлийн ажлыг хөгжүүлэх" тухай заасан нь манай хүүхдийн утга зохиолын цаашдын хөгжлийн баримтлах шугам болж байна.