Зохиогч энэхүү эрдэм шинжилгээнийхээ ажилд хөдөлмөрчдийн коммунист хүмүүжилд хөдөлмөрийн хамт олны ролийн тухай марксист ленинист сургаалийг онол арга зүйн үндэс болгож, МАХН-ын программ болон их хурал, Төв Хорооны бүгд хурлын тогтоол, БНМАУ-ын хуулиудын заалт, Ю.Цэдэнбалын бүтээлүүдийг удирдлага болгон, монгол-зөвлөлтийн эрдэмтдийн ном зохиолуудыг ашигласан болно. Энэ зохиол нь оршил, 3 бүлэг, 7 зүйл, төгсгөл хэсгээс бүрдэж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэггүй хамт олны хөдөлгөөнийг өрнүүлж байгаа практик ажиллагаа, хэрэгт холбогдон хорихоос өөр хөнгөн ял шийтгүүлсэн, ял тэнсэж хянан харгалзсан буюу хорих газраас суллагдсан, хэрэг зөрчилд орж болзошгүй хүмүүсийг хамт олны нөлөөллөөр хүмүүжүүлж байгаа ажлын арга барилд зохиогч шинжилгээ хийж, уул ажлыг цаашид боловсронгуй болгох, практик үр дүнг дээшлүүлэх үндсэн боломжууд болон дээрх хүмүүсийн хүмүүжлийн байдалд социологийн судалгаа явуулж үнэлэлт дүгнэлт хийхийг хичээсэн болно.