Энэ диссертацийн ажлаар Монгол орны төвийн бүсийн 8 аймгийн 94 сумаас авсан хөрсний 268 дээжинд байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг гамма спектрометрийн үнэмлэхүй аргаар тодорхойлж, газрын хөрсөнд агуулагдах эдгээр цацраг идэвхт изотопуудын задралаар үүсэх гамма квантуудаас 1м өндөрт агаарт өгөх шингэсэн тунгийн чадлыг өөрийн гарган авсан шилжүүлэх коэффициентуудын утгыг ашиглан тооцоолж, дээрх сумдын оршин суугчдын жилд авах гадаад шарлагын тунгийн чадлыг тогтоож, хөрсний дээж дэх байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийн болон гадаад шарлагын тунгийн утгыг бусад аймгууд болон дэлхийн бусад орнуудын харгалзах дундажтай харьцуулж үзэв.
Ажлын зорилго: Хөрсний цацраг идэвхийг судлах гамма спектрометрийн үнэмлэхүй аргыг нарийвчлан боловсруулах, Монгол орны төвийн бүсийн аймгуудын хөрсөн дэх цацраг идэвхт элементийн хувийн идэвхийг боловсруулсан аргаараа хэмжиж судлах, хөрсөн дэх байгалийн цацраг идэвхт элементүүдийн хувийн идэвх ба хөрсний бүтэц, үүсгэгч чулуулгийн харилцан уялдаа холбоотой эсэхийг судлах, үүсмэл цацраг идэвхт изотоп 137Cs-ийн хөрсөн дэх хурамтлалын хэмжээг тогтоох, хөрсөнд агуулагдах цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг газрын гадаргаас 1м өндөрт гамма цацрагийн шингэсэн тунгийн чадалд шилжүүлэх коэффициентуудын утгыг нарийвчлан тооцон тодорхойлж, эдгээр коэффицентуудыг ашиглан төвийн бүсийн аймгийн төв, сумдын оршин суугчдын жилд авах гадаад шарлагын тунг дэлхийн дундажтай харьцуулж үнэлэх нь энэхүү судалгааны ажлын зорилго болно.
Ач холбогдол: Гадаад орчны төрөл бүрийн дээжинд байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох спектрометрийн үнэмлэхүй аргыг нарийвчлан боловсруулсан болон хөрсөнд агуулагдах цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг газрын гадаргаас 1м өндөрт гамма цацрагийн шингэсэн тунгийн чадалд шилжүүлэх коэффициентуудын утгыг нарийвчлан тооцож тодорхойлсон нь цацраг идэвх, цацрагийн экологи, цөмийн геохими, геофизик, цацрагийн эрүүл ахуй, цацрагийн мониторингийн судалгаанд чухал ач холбогдолтой юм. Монгол орны төвийн бүсийн 8 аймгийн 94 сумын хөрсний 268 дээжийн байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийн хэмжээг тогтоож, үр дүнгээр төвийн бүсийн аймаг, сумдын хөрсний цацраг идэвхийн карт зохиож, хөрсний цацраг идэвхийг түүний бүтэцтэй холбож тайлбарлав. Энэ нь төвийн бүсийн байгалийн цацрагийн дэвсгэр түвшингийн нэг гол бүрэлдэхүүн болох хөрсний цацраг идэвхийн суурь үнэлгээ болж, цацрагийн экологи, цацрагийн эрүүл ахуй, цацрагийн мониторингийн чиглэлийн судалгааны чухал өгөгдөл болно.
Шинэлэг тал: Хөрсний байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг тодорхойлох гамма спектрометрийн үнэмлэхүй арга зүйг нарийвчлан боловсруулсан.
Төвийн бүсийн хөрсний цацраг идэвхийг хөрсний төрөл, хөрс үүсгэгч чулуулгийн бүтэцтэй холбож тайлбарлах оролдлого хийсэн.
Төвийн бүсийн 8 аймгийн 94 сумаас авсан хөрсний 268 дээжинд байгалийн цацраг идэвхт изотопууд 238U, 232Th, 40К-ийн болон үүсмэл цацраг идэвхт изотоп 137Cs-ын хувийн идэвхийн хэмжээг анх тогтоож, эдгээр аймаг сумдын хөрсний цацраг идэвхийн карт зохиосон.
Хөрсөнд агуулагдах байгалийн цацраг идэвхт изотопуудын хувийн идэвхийг газрын гадаргаас 1 метрийн өндөрт гамма цацрагийн шингэсэн тунгийн чадалд шилжүүлэх коэффициентийн утгуудыг нарийвчлан олсон. Хөрсний дээж авсан цэгүүдийн байршлыг GPS-ээр оруулж өгсөн нь урьд өмнөх судалгаануудад хийгдэж байгаагүй онцлог, орчин үеийн техник технологийг судалгааны ажилдаа ашигласан. Төвийн бүсийн 8 аймгийн 94 сумын оршин суугчдын хөрсний цацраг идэвхт изотопуудаас авах гадаад шарлагын тунгийн чадлыг тооцож, хүн амын жилд авах эффектив эквивалент тунг үнэлсэн зэрэг нь шинэлэг талууд болно.