Монголын түүхэнд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг үнэлэх, судлахдаа бид олон талаас нь, олон ургальч үзлийн үүднээс хандахыг эрхэмлэж байна. Энэ хүнийг судлахдаа дэлхийн хэмжээний аугаа их жолоодогчид: Чингис хаан, Македоны Александр, Юлий Цезарь, Доголон Төмөр, Хубилай, Наполеон Бонапарт, Петр I, Сталин, Мао Цзедун, Дэн-Сиопин, Вашингтон, Линкольн, Рузвельт, Черчилль, Коль, Буш, Путин нартай адилтган тавихгүй ч гэсэн дэлхийн түүхэнд аугаа их ул мөр үлдээсэн монголчууд хэмээх эрчим тэмүүлэл бүхий, ер бусын үндэстний нэг удирдагч, тэр тусмаа XX зууны энэ ард түмний гол удирдагч байсан гэдэг утгаар авч үзэхийг бид зорьж байгаа юм. Америкийн нэрт зохиолч Кристиан Боуви: "Энэ хорвоо аугаа их хүмүүсээр амьсгалж байдаг. Тосгон бүр, хот бүр, хязгаар нутаг бүр өөрийн гэсэн аугаа хүнтэй байдаггүй гэж үү" хэмээн хэлсэн нь аль нэгэн бага буурай үндэстэн ястан бүр ч нөлөө бүхий өндөр нэр хүндтэй лидер хошуучлагчидтай байдаг гэдгийг нотлохыг оролдож буй бидний эрмэлзлийг зоригжуулж байна. Ямар ч атугай тусгаар тогтносон төр, улсын жолоог 44 жил барьж, төр, ард түмнийхээ төлөө өөрийгөө золиослон зүтгэсэн төрийн тэргүүн дэлхийн түүхэнд тийм ч олон байдаггүй болохоор энэ түүхэн зүтгэлтний үйл ажиллагааг судлахдаа хошуучлагч хэмээх асуудалд улс төрийн шинжлэх ухаан хэрхэн хандаж ирсныг арга методологийн нэгэн үндэс болгохыг бид зорьсон болно.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0