Зорилго: "Монголын уран зохиолын аргын судалгаа" ганц сэдэвт зохиолд монгол уран зохиолын аргын онол түүхийн асуудлыг анхлан цогцолбороор судлах зорилт тавьж, уран бүтээлийн аргын систем тогтолцоог тодорхойлон тогтоох зорилго тавьсан. Монголын орчин үеийн уран зохиолд социалист реализмын аргын хөгжлийн онцлог, үе шат, гадаад хүчин зүйлс юу байв? зэрэг зангилаа асуудлуудад хариу өгөхийн үүднээс системийн, дүрслэлийн, элементийн түвшинд судалгаа хийх зорилго тавьсан. Шинэлэг тал: Энэхүү судалгаанд реалист болон реалист бус арга, монгол уран зохиолын аргын түүхэн уламжлал, туршлагыг тодорхойлон гаргаж: -реалист, -реалист бус, -холимог аргын гурван зүйл систем буйг судлан тогтоосон. Уг судалгааны шинэлэг талыг дараах дүгнэлт харуулна. -Монголын уран зохиол нь реалист төдийгүй реалист бус арга найруулгын тогтсон системтэй, -Дорно дахины гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн онцлогтой уялдан монгол уран зохиолын реалист, реалист бус хоёр чиглэл, арга бэлгийн ёсоор зэрэгцэн хөгжиж, харилцан нөлөөлөх жам зүйгээр дүрслэл ба элементийн түвшинд аль алиныхаа онцлогийг хадгалсан холимог хэлбэрээр хөгжиж ирснийг аман ба бичгийн уран зохиолын уламжлалд тулгуурлан тодорхойлсон. -Монголын уран зохиол өөрийн үндэсний өвөрмөц түүхэн уламжлалтай төдийгүй хүн төрөлхтөний уран сайхны соёлын хөгжлийн хүрээнд эрх тэгш, уламжлал-залгамжлалын харилцан холбоонд хөгжсөн уран сайхны үйл явц мөн зэрэг дүгнэлтүүд болон орчин үеийн судалгааны арга зүйг ашигласнаараа шинэ юм. Судалгааны бүтэц. Энэхүү судалгааны ганц сэдэвт зохиол нь удиртгал, үндсэн 4 бүлэг, 16 хэсэг, дүгнэлт, ном зүйн хэсгээс бүрдэж байна. Дүгнэлт: -Монголчуудын уран бүтээлийн арга нь реалист, реалист бус, холимог гурван үндсэн чиглэлээр хөгжиж харилцан бие биеийг нөхцөлдүүлэн баяжуулж ирсэн байна. -Уран сайхны сэтгэлгээний реалист арга, өв туршлага нь домог зүй, сэргэн мандал, шүүмжлэлт, социалист реализмын гэх зэрэг олон үе шатыг дамжин хөгжиж ирсэн уламжлалт гол арга мөн. -реалист бус арга, чиглэл нь монгол ардын аман зохиол, иргэний болон шашны, бичгийн уран зохиолд реалист сэтгэлэгийн хамт үүсэн хөгжиж өөрийн гэх үндэсний өвөрмөц онцлогтой натурализм /хуулбарлах/, символизм /бэлгэдэх/, формализм /хэлбэрдэх, абстракционизм /хийсвэрлэх/, схематизм /загварчлах/, конструктивизм /бүтцийн/ зэрэг реалист бус туурвил зүйн туршлагыг нэгтгэсэн бүхэл бүтэн системийг бий болгожээ. Монголын уран зохиол нь түүхийн бүх үед дэлхийн аль ч улс орны уран зохиол, уран сайхны сэтгэлгээ, туурвил зүйн туршлага, эрэл нээлтээс хоцроогүй бөгөөд зөвхөн 1940-өөд оноос хэт улс төржсөн реализмын хатуу зарчим онолыг баримталснаас туурвил зүйд төдийгүй судалгаанд өрөөсгөл хандлага бий болж мухардмал байдал үүсчээ. Үүнийг нэн шинэ үеийн /1985-одоо/ олон эшт үзэлд суурилсан уран зохиолын хөгжлийн өнөөгийн чиг хандлага тодорхойлж байна. -Чөлөөт сэтгэлгээ, чөлөөт өрсөлдөөнд суурилсан олон арга, урсгал чиглэл бүхий уран зохиолын шинэ хандлага нь монгол уран зохиолыг хүн төрөлхтөний уран сайхны сэтгэлгээний нийтлэг жам зүйд нийцүүлэх чиглэлээр эрэл хийж хэтийн төлөв нь тодорхой болж байна. Монголын уран зохиолыг бүх талаас нь судлах ялангуяа аман болон эртний уран зохиол дахь үндэсний давтагдашгүй онцлог, туурвил зүйн туршлагыг эрдэмтдийн хамтын хүчээр шинэ маягийн сэтгэлгээнд тулгуурлан орчин үеийн судалгааны аргаар судлах зорилт тулгарч байна.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0