Арьсны атопийн үрэвсэл (ААҮ) нь “ихэвчлэн хүүхэд насанд эхэлдэг, арьс улайх, хуурайших, хүчтэй загатнах шинжээр илрэх архаг, дахилтат, үрэвсэлт арьсны өвчин” юм. ААҮ-ийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй ч өртөмтгий бодгалиудад хүрээлэн буй орчны хүчин зүйлс, тухайлбал халдвар үүсгэгч, харшил төрүүлэгчдийн нөлөөгөөр арьсны хоригийн үйл ажиллагаа ба дархлааны урвалын зохицуулга хямарсаны дүнд үүсдэг гэсэн үзэл баримтлалыг олонх судлаач хүлээн зөвшөөрөөд байна. Cүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын дунд бүртгэгдсэн ААҮ-ийн шинэ тохиолдолын тоо
5.7 дахин нэмэгджээ. ААҮ-ийн эмнэлзүйн онош батлагдсан тохиолдол бүрт харшлын урвалын шинж илрэхгүй байгаад үндэслэн өвчнийг эмгэгжамын extrinsic буюу “харшлын”, intrinsic буюу “харшлын бус” хувилбарт ангилан судлаж байна. ААҮ-ийн эмгэгжамын “харшлын” хэлбэр нь арьсны өнгөн хөрсний ялгаран хөгжилд оролцон, хоригийн үйлд чухал үүрэг гүйцэтгэдэг филаггрин (Filaggrin) уурагтай холбоотой. Филаггрин уургийг кодлогч ген (FLG, Filaggrin Gene)-ийн мутацийн дүнд арьсны хоригийн үйл алдагдсанаар ААҮ үүсэх улмаар харшлын ринит, гуурсан хоолойн багтраа болон даамжрахад нөлөөлдөг болохыг тогтоосон. Тэгвэл FLG-ийн мутаци бүхий ААҮ-ийн “харшлын” хэлбэрийн үед арьсны хамгаалах хоригийн үйл алдагдсанаар ийлдсийн IgE ихэсч, хэт мэдрэгших урвалд өртөмхий болдог бол “харшлын бус” хэлбэр нь дархлааны эсүүдийн харилцан үйлчлэлийн зохицуулга алдагдсантай холбоотой байж болох юм. Энэ нөхцөл байдал нь ААҮ-ийн үед өрнөх дархлааны эмгэг урвалын хэвшинж, эмнэлзүйн илрэл хоорондын хамаарлыг судлах шаардлагатай байгааг харуулж байна. Судалгааны ажлын зорилго ААҮ-тэй Монгол өвчтөнүүдэд өрнөж буй дархлааны эмгэг урвалын хэв шинжийг тодорхойлж, түүнд нөлөөлж буй зарим гадаад ба дотоод хүчин зүйлийг илрүүлж эмнэлзүйн илрэлтэй холбон судлахад оршино.
Судалгааны материал ба арга зүй: ААҮ-тэй өвчтөний эмнэлзүйн илрэлийг арьс судлалын практикт өргөн хэрэглэдэг SCORAD (SCORing Atopic Dermatitis) үнэлгээгээр үнэлэв.
ААҮ-ийн үед өрнөж байгаа дархлааны эмгэг урвалын хэв шинжийг тодорхойлох судалгаанд Hanifin.J болон Rajka.G нарын оношлогооны шалгуураар ААҮ-ийн онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуурыг бүрэн хангасан 1-51 насны 120 өвчтөнийг хамруулав. Нийт өвчтөний ийлдсэнд нийт IgE ба дархлааны урвалын зохицуулгад оролцдог зарим цитокины (Human IL-4, IL-8, IL-10, IL-12, IFN-γ, TNF-α; Eucardio Laboratory, USA; ELISA) агууламжийг фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-ын аргаар, захын цусны лимфоцит эс, тэдгээрийн дэд бүлэгт (CD3/CD19, CD4/CD8, CD25, IL4, IL10, IL22, IL17A, RORγT, IFN-γ, FoxP3) хамаарах эсийн тоо ба хувийг урсгал эс тоолуурын аргаар (Exbio, Czech, eBiosciences, FACS canto II) тус тус тодорхойлов.
ААҮ-ийн эмгэг жамд нөлөөлөх зарим гадаад эрсдэлт хүчин зүйлийг тодруулах зорилгоор ISAAC-ийн стандарт асуумж (http://isaac.aukland.ac.nz)-ийг өөрийн орны хөрсөнд буулган ашиглаж, амьсгалын замын болон хүнсний нийт 40 нэр төрлийн аллерген өвөрмөц IgE-ийн илрэлийг иммуноблотын арга (Rida Allergy Screen kit, R-Biopharm, Germany)-аар үйлдвэрлэгчийн дагалдуулсан зааврын дагуу тус тус тодорхойлон судлав.
ААҮ-ийн эмгэг жамд нөлөөлөх зарим дотоод эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор FLG-ийн полиморфизмийг ААҮ-тэй 46 өвчтөнд захын цуснаас ялгасан ДНХ-ын бүтээгдэхүүнд полимеразын гинжин урвал (ПГУ)-ын аргаар илрүүлэн загасан хайрстал оноштой 12 өвчтөний үзүүлэлттэй харьцуулав. ПГУ-ын бүтээгдэхүүнийг БНСУ-ын Макроген лабораторид нуклеотидын дараалал тодорхойлох шинжилгээг хийсэн болно. ААҮ-тэй 12 өвчтөний арьснаас авсан эдэд иммуногистохими (ИГХ)-ийн аргаар филаггрин уургийн илрэлийг тодорхойлж харьцангуй эрүүл 12 хүний үзүүлэлттэй харьцуулав.
Судалгааны үр дүн: ААҮ бүхий 1-51 насны 120 өвчтөний дундаж нас
16.16±
10.79 жил (хүүхдийн дундаж нас
9.00±
4.30 жил, насанд хүрэгсдийн дундаж нас
27.28
8.06 жил) байна. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу
63.3% нь эмнэлзүйн хүнд явцтай байсан ба ААҮ-ийн эмнэлзүйн явц хүнд байх нь эмгэгжамын “харшлын” болон “харшлын бус” хэлбэрээс үл хамаарч байв (p=
0.69). Эмгэгжамын “харшлын” хэлбэр (ийлдсийн нийт IgE-ийн агууламж хэвийн хэмжээнээс их, аллерген өвөрмөц IgE эерэг)-ийн бүлэгт судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 86 (
71.6%) өвчтөн ангилагдав. Харин эмгэгжамын дээрх хэлбэрүүд нь тухайн өвчтөний өвчин анх эхэлсэн нас (p=
0.003), өвчилсөн хугацаа (p=
0.042)-аас гадна зохицуулагч Т эс (FoxP3, p=
0.026)-ийн тоо, ийлдсийн нийт IgE (p=
0.011)-ийн агууламж, хүнсний (p=
0.0002) ба амьсгалын замын (p=
0.001) зарим аллергенд өвөрмөц IgE-ийн илрэлийн хувьд ялгаатай байсан юм. Эмгэгжамын дээрх хэлбэрүүдийн үед SCORAD оноо өндөр байх нь өвчин анх эхэлсэн нас (p=
0.049), хүнсний (p<
0.000) болон амьсгалын замын аллерген өвөрмөц IgE-ийн агууламж (p<
0.000)-тай холбоотой байгааг регрессийн шинжилгээгээр үзүүллээ. Th1 хамааралт цитокин болох IFN-γ-ийн агууламж өндөр байх нь ААҮ өвчний эмнэлзүйн явц хүндрэхтэй (OR=1.3, p=
0.004) холбоотой болох нь тогтоогдлоо. ААҮ-ийн үед FLG-ийн 3-р экзоны I давтагдсан дарааллын бүсэд 1150C>T, 1741A>T, 1791C>T, 2181C>G, 2191A>G болон 2263G>A полиморфизм (SNP) илэрлээ. ИГХ-ийн шинжилгээгээр ААҮ-тэй өвчтөнүүдийн арьсны эд дэх филаггрин уургийн илрэл эрүүл хүмүүсийнхээс буурсан байдаг нь тогтоогдсон.
Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан ААҮ-тэй өвчтөнүүдэд Th1 эсээр дамжсан дархлааны урвалын зохицуулга илүүтэй хямарсан ба өвчин архагших, эмнэлзүйн явц хүнд байх нь Тh1 хамааралт цитокин болох IFN-γ-ийн агууламж их байхтай холбоотой ба энэ нь эмгэгжамын “харшлын” ба “харшлын бус” хэлбэрээс хамааралгүй байна. ААҮ-ийн “харшлын” хэлбэрийн үед нийт IgE-ийн агууламж ихэсч, хүнсний болон амьсгалын замын аллерген өвөрмөц IgE илэрсэн байна. ААҮ-тэй өвчтөнүүдэд FLG-ийн 1150C>T, 1741A>T, 1791C>T, 2181C>G, 2191A>G болон 2263G>A полиморфизм илэрч, арьсны эд дэх филаггрин уургийн илрэл буурсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0