Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн хоногшуулах асуудал: Монголын ноолууран бүтээгдэхүүний жишээнд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3648
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Хоногшуулалт, Олон улсын зах зээл, Маркетинг, Олон улсын худалдаа,

Аннотаци

Монгол ямааны ноолуур нь чанараараа олон улсын зах зээлд танигдсан бөгөөд нөхөн сэргээгддэг түүхий эд, нөөцийн хувьд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс давуу талтай баялаг юм. Өнөөгийн нөхцөлд олон улсын зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар хоногшуулах стратегийг боловсруулах нь онол практикийн чухал асуудал болж байна.
Монголын ноолууран бүтээгдэхүүн, түүний брэндийг олон улсын зах зээлд таниулж, хоногшуулахад тулгамдаж буй асуудал:
-Монголын түүхий ноолуурын бэлтгэлийн 70 орчим хувь нь олон улсын зах зээлд экспортлогдож байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид үлдсэн 30 орчим хувиар бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод болон олон улсын зах зээлд борлуулж байна. Тухайлбал, “Буян” ХХК нь үйлдвэрлэлийн хүчин чадлын 5-10 хувийг, “Говь” ХК нь 25-30 хувийг ашиглаж байгаа юм.[65] Энэ нь Монголын ноолуур үйлдвэрлэгчид үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ худалдах боломжоо алдаж байгаа нэгэн шалтгаан юм.
-Олон улсын хөрөнгө оруулагч компаниуд хамтын ажиллагааны стратеги төлөвлөлтөө тогтвортой хэрэгжүүлэх үүднээс ихэвчлэн 3-5 жилийн хугацаатайгаар хийдэг бол Монгол улсын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь тэдгээр компануудын Монголын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахад хүндрэл үүсгэдэг байна. [66]; Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг байхаар бол тогтвортой байдлын гэрээг 10 жил; харин 50 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байхаар бол 15 жилээр тус тус байгуулах боломжтой байдаг. [111] Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголын ноолуур үйлдвэрлэгчид татах боломжийг судлан, хамтран ажиллах боломжийг төлөвлөх шаардлагатай байна.
-Дэлхийн зах зээлд тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ бол Louis Vuitton брэнд бөгөөд уг брэнд нь хагас зуун жилийн түүхтэй тансаг ноолуурын бүтээгдэхүүнээр дагнан үйлдвэрлэл явуулж Лоро Пиана брэндийг өөрийн салбар брэнд болгосноос тодорхой харагдаж байна. Үүнээс үүдээд дэлхийн хувцас загварт тансаг хэрэглээний ноолууран бүтээгдэхүүн өөрийн гэсэн байр суурийг олж байна гэж салбарын шинжээчид үзэж байна. Мөн Япон улсын ноос, эрдэм шинжилгээний төвийн захирал Сүзүки Хаяаши JWIF-ийн 2011 онд Монголд болсон зөвлөгөөнд “Японы зах зээлд импортлогдож байгаа нийт ноолууран бүтээгдэхүүний 90 хувиас илүү нь Хятад улсаас импортлогдож байна. Энд, Өвөр Монголоос голчлон ноолууран бүтээгдэхүүн импортолж байгаа ба энэ нь ноолуурын чанарын шаардлагаас үүдэлтэй юм. Олон улсын зах зээл дэх салбарын шинжээчид нь Монголын ноолуурын талаар мэдлэгтэй боловч тухайн орны хэрэглэгчдэд төдийлөн танигдаагүй. 2007 онд Япон улсад 100 хувь ноолуур гэсэн хуурамч шошготой бүтээгдэхүүн илэрсэн бөгөөд судалж үзэхэд 50 хувиас бага хольц бүхий ноолууртай байсан байна. Үүнээс шалтгаалан Хятадын ноолууран бүтээгдэхүүний Япон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ нь 30 хувь болж буурсан” гэж илтгэв.[65] Үүнээс үзэхэд Монгол улсын хувьд дээрхи зах зээлийн үлдсэн 70 хувийн эрэлтийг хангахад оролцох боломж гарч байна.
-Тиймээс дотоод дахь үйлдвэрүүдийн ноолуур үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж олон улсын аль зах зээлд ямар хэлбэрээр гарвал Монголын гэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн брэндийг амжилттай хоногшуулах боломжтойг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхой хувилбаруудыг дэвшүүлэх шаардлага урган гарч байна.
Судалгааны ажлын зорилго, зорилтууд
Зорилго:
Олон улсын худалдааны болон бүтээгдэхүүний хоногшуулалтын онол, практикийн судалгааны үндсэн дээр Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хоногшуулах стратегийн хувилбаруудыг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын гол зорилго оршино.
Зорилтууд:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
1.Олон улсын худалдаа болон бүтээгдэхүүний хоногшуулалтын онолын судалгааны үндсэн дээр Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хоногшуулах өөрийн гэсэн судалгааны арга зүйг боловсруулах;

2.Монголын ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх хоногшуулалтын өнөөгийн байдлыг судлах, түүнд үнэлгээ өгөх;

3.Олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүний брэндийн шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан судалгаанд хамрагдсан улс орнуудын зах зээл дэх ноолууран бүтээгдэхүүний хоногшуулалтын харьцуулсан судалгаа хийх;

4.Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хоногшуулах зах зээлийн боломжит хэсэгчлэл болон зорилтот зах зээлийг тодорхойлох;

5.Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хоногшуулах стратегийн хувилбаруудыг тодорхойлох зэрэг болно.
Судалгааны объект, судлах зүйл, хамрах хүрээ
Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний гадаад худалдаа болон олон улсын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүнд оролцогчдын үйл ажиллагааны тогтолцоо нь судалгааны ажлын объект; олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүний хоногшуулалтын онол, арга зүй, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хоногшуулах стратегийн хувилбарууд нь судалгааны ажлын судлах зүйл; Монгол улсын болон олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, ноолууран бүтээгдэхүүний хэрэглэгч, Монголын ноолууран бүтээгдэхүүнийн голлон импортлогч орнууд нь уг судалгааны ажлын хамрах хүрээ тус тус болж байна.
Судалгааны ажлын онол , арга зүйн үндэслэл
Уг судалгааны ажил нь олон улсын худалдаа, бүтээгдэхүүний хоногшуулалт болон түүний стратегийн онол арга зүйн судалгаанд үндэслэж байгаа болно. Энэхүү судалгааны ажилд шинжлэх ухааны судалгааны ерөнхий аргуудаас гадна М.Портерийн өрсөлдөөний таван хүчин зүйлийн шинжилгээ (Ромбо загвар), Б.Балласын харьцангуй давуу талын индекс (Relative comparative index-RCA), СВОТ болон ТОВС шинжилгээ, Аналитик шаталсан загвар (AHP – Analytic Hierarchy Process) зэрэг аргуудыг ашиглав. Мөн судалгаанд гадаад болон дотоодын эрдэмтдийн олон улсын худалдаа, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүний хоногшуулалт, түүний стратегийн талаархи бүтээл, Дэлхийн худалдааны байгууллагын (WTO - ITC) статистик мэдээлэл, мөн салбарын холбогдох компаниудын мэдээллийг тус тус ашиглав.
Судалгааны шинэлэг тал, ач холбогдол
Шинэлэг тал:
Энэхүү судалгааны ажлын шинэлэг тал нь Монголын ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх зорилтот зах зээлийг 7 хүчин зүйлээр үнэлэн тодорхойлж, баримтлах хоногшуулалтын хувилбаруудыг олон улсын зах зээл дэх ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн туршлага болон аналитик шаталсан загварт тулгуурлан 2025 он хүртэл боловсруулан, тэдгээрийг сайжруулахтай холбогдсон өөрийн гэсэн санал, зөвлөмж гаргасанд оршиж байгаа болно.
Ач холбогдол:
1.Монголын ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээл дэх хоногшуулалтын судалгаа нь Монголын нийгэм, эдийн засгийн төдийгүй олон улсын ач холбогдолтой юм.

2.Монголын ноолууран бүтээгдэхүүний судалгаа нь дотоод болон гадаад зах зээлтэй холбогдон олон улсын туршлага дээр үндэслэсэн судалгааг агуулж байгаагаар аж ахуй нэгж, бодлого боловсруулагчдад чиглэл болохуйц зөвлөмж өгөх практик ач холбогдолтой.

3.Монголын ноолууран бүтээгдэхүүний судалгааны үр дүн нь мэдээллийн сан бүрдүүлэхүйц цогц материал агуулж байгаагаар шинжлэх ухаан, практикийн чухал ач холбогдолтой ажил юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 478
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :