Монгол уран зохиолыг орчуулгын олон арван бүтээл баяжуулсаар ирсэн бөгөөд дорно зүгийн уран зохиолын дээжийг эрт дээр үеэс эхлэн орчуулжээ. Харин өрнийн уран зохиолын орчуулгын хувьд ХХ зууны эхэн үеэс эхэлсэн тул дорныхыг бодоход харьцангуй бага судлагдсан. Оросын уран зохиолын орчуулгын бүтээлийг судалсан мэдээ сэлт, судалгаа шинжилгээний бүтээл бий ч өрнийн бусад хэлний орчуулгын тухай судалгаа ховордуу, эхлэл төдий байна. 1913-2004 оны хооронд Францын 350 гаруй жүжиг, тууж, роман, туурь, найраглал, өгүүлэг, шүлэг, дуу, эссэ, үлгэрийг франц, орос, чех хэлнээс орчуулсан бөгөөд эдгээр бүтээлийн тухай ямар нэгэн тодорхой, системтэй судалгаа бараг алга байна. Иймээс франц хэлнээс орчуулсан бүтээлийг цэгцлэн эмхэтгэж, орчуулгын он дараалал, онцлог, орчуулагчдын тухай мэдээллийг цэгцэлж эрдэм шинжилгээний судлагдахуун болгохыг зорьсон билээ. Орчуулсан хэд хэдэн бүтээлийг франц эхтэй нь тулгах явцад соёл, сэтгэлгээний онцлогийг тод томруун харуулдаг өвөрмөц хэлц хэллэг, шашны зан үйл, мяндаг тушаалтай холбоотой үг хэллэгийг түүвэрлэн утгын дагуу бүлэг болгон ангилж, орчуулгын онолын үүднээс тайлбарлан, эдгээр онцлогийг орчуулж болох өөр хувилбар бий, үгүйг тодрууллаа.