Судалгааны зорилго, зорилт. 1. "Зүүн " оппортунизмын мөн чанар, хэлбэр, түүний нийгэм эдийн засаг, улс төр, үзэл суртал, танин мэдэхүйн нийтлэг үндсийг марксист-ленинист онол болон практик үйл ажиллагаатай уялдуулан тодорхойлох;
2. олон улсын коммунист, ажилчны намуудаас "зүүн" оппортунизмын эсрэг явуулсан тэмцлийн арга зүй, сургамжийг нэгтгэн дүгнэх;
3. МАХН-д "зүүн" оппортунизм үүсч даамжирсан явц, түүний онцлог, хор уршгийг тодорхойлох;
4. МАХН-д "зүүн" оппортунизм үүсэхэд нөлөөлсөн объектив, субъектив хүчин зүйлийг тодотгох;
5. "Зүүн" оппортунизмын эсрэг МАХН-ын тэмцлийн арга хэлбэр, онцлог, туршлага, ач холбогдлыг судалж дүгнэх зорилт тавив. Судалгааны шинэлэг санаа. Диссертацид "зүүн хэлбэрэл", "зүүнтэн", "зүүний аюул"-ын ялгааг гаргахын зэрэгцээгээр тэдгээрийг тодорхойлох шалгуурыг тогтоож хэрэглэхийг оролдлоо. Түүнчлэн МАХН-д үүссэн "зүүн" оппортунизмын эсрэг тэмцлийн чиглэл, практик сургамжид шинжилгээ хийхийн зэрэгцээгээр "зүүн" оппортунизмын эсрэг МАХН-ын тэмцлийн туршлага, түүний орчин үеийн ач холбогдлыг шинжлэн үзсэн болно. Судалгааны практик ач холбогдол, хэрэгжилт. Хувьсгалын ардчилсан шатны үед МАХН-д "зүүн" оппортунизм хэрхэн үүсч гүнзгийрсэн болон түүний мөн чанар, хор уршиг, түүний эсрэг манай намын тэмцлийн туршлагыг дэлхийн хувьсгалт үйл явцын хөгжилт, социалист орнууд, ялангуяа манай оронд хэрэгжиж буй өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл санаа, шинэ шаардлагад нийцүүлэн судлах оролдлого хийсэнд уг сэдвийн практик ач холбогдол оршино. Дүгнэлт: Диссертацийн төгсгөлд зохиогч судалгааныхаа ажлын үр дүнг нэгтгэн, системтэй дүгнэлт хийсэн явдал мөн. Олон улсын коммунист, ажилчны ба хувьсгалт ардчилсан хөдөлгөөнд гарч байсан, одоо ч байгаа "зүүн" оппортунизмын тухай асуудлыг марксист-ленинист онол, арга зүйг удирдлага болгон авч үзэв.