Онол арга зүйн үндэс: Сэдвийг судлахад диалектикийн ерөнхий зарчмыг удирдлага болгон түүхэн ба логик харьцуулалтын аргыг хэрэглэв. Инженер техникийн асуудлыг судлахад нам, төрийн байгууллагын архив, боловсролын удирдах байгууллага, их, дээд сургуулиудын архив, статистикийн материал, үйлдвэр аж ахуйн газарт ажиллаж байгаа инженерүүд, техникийн их сургуульд сурч буй оюутнуудын дотор хийсэн социологийн судалгаа, сонин хэвлэлийн материалуудад тулгуурлав. Судалгааны шинэ, шинэлэг зүйл. Уг сэдвийг түүхийн шинжлэх ухааны чиглэлээр анх удаа бие даан судалсан нь зохиолын гол шинэлэг тал мөн. Зохиолд Монгол улс хөгжил дэвшлийн шнэ замд үндэсний сэхээтэн, нэн ялангуяа инженер-техникийн сэхээтнийг бүрдүүлж төлөвшүүлсэн үйл ажиллагааг нийгмийн хөгжилтэй холбон үзэв. Судалгааны практик ач холбогдол, хэрэгжилт. Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн дагуу үүсэн төлөвшсөн инженер-техникийн сэхээтний бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааг түүхчлэн гаргаж, өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл санаа, хүнлэг ардчилсан нийгэм байгуулах шаардлагад түүнийг нийцүүлэн судлах оролдлого хийсэнд уг сэдвийн практик ач холбогдол оршино. Дүгнэлт. Феодалын байгууллаас нийгмийн дэвшлийн замаар хөгжсөн Монгол орны өнгөрсөн түүхийн нэг чухал ололт бол үндэсний сэхээтний давхраа төлөвшин бүрэлдэж түүний дотор орчин үеийн шинжлэх ухаан, техникийн дэвшлийг хэрэгжүүлэх хувь тавилантай инженерийн сэхээтэнтэй болсон явдал юм. Тус оронд хүнлэг ардчилсан нийгэм байгуулах, төр засаглалын шинэ тогтолцоог бүрэлдүүлэх, улс орны эдийн засгийг зах зээлийн системд шилжүүлэх үед инженер-техникийн сэхээтэн бэлтгэх системийг боловсронгуй болгох, тэдэнтэй ажиллах арга барилыг өөрчлөн сайжруулах зорилт чухлаар тавигдаж байна.