Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүйн холбох тогтолцоо



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 787
Хамгаалсан он : 1988
Түлхүүр үг : Сэдэв, хүрээ, нэгж, нийлмэл өгүүлбэр, холбох ёс, зэрэгцүүлэн холбох ёс

Аннотаци

Зорилт. Сонгож авсан энэ сэдэв, онол-практикийн хувьд харьцангуй бага судлагдсан хийгээд монгол хэлний хэлзүйн системд онцгой чухал байр эзэлж байгаа учраас монгол хэлний өгүүлбэр дэх үгсийн холбоо, холбоо үг, өгүүлбэрийн гишүүд, энгийн ба нийлмэл өгүүлбэр, тэдгээрийн бүрэлдүүлэгчийн хоорондын холбоо, түүнийг илрүүлэх хэлзүйн арга хэрэглүүрийн тогтолцоог бүтэц судлалын чиглэл, системийн хандлагын үүднээс судалж, тодорхойлон бичих нь эдүгээ монгол судлалд хойшлуулшгүй зорилт болж байна. Монгол хэл шинжлэлд харьцангуй нилээд хоцорч байгаа өгүүлбэрзүйн үндсэн асуудлын хүрээ, нэгжүүдийн систем, бүтэц, хоорондын холбоо хамаарал тэрчлэн өгүүлбэрзүй заах аргын зарим тулгамдсан асуудлыг судалж боловсруулахтай шууд нөхцөлдөж байгаа юм. Диссертацийн ажилд нэг талаас, орчин цагийн монгол хэлний холбоо үг, түүний хоёр бүрэлдүүлэгчийн холбоо, энэхүү холбооны хэв маягаас эхлээд энгийн ба нийлмэл өгүүлбэр, тэдгээрийн хоёр хэсгийн холбоо, хэв маягийг хүрэлх, нөгөө талаас, үг болоод өгүүлбэрийн гишүүдийг холбох ёсноос нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийг холбох ёсыг хүртэлх нилээд өргөн хүрээтэй, тэр тусмаа өгүүлбэрзүйн үндсэн асуудлын төвийн тогтолцоо, нэгжүүдийн амин сүнс болж байгаа асуудлыг тусгайлан судалсан юм. Эндээс үүдэж, судалгааны ажилд: а/. "Монгол хэлний холбох ёс" сэдэвт холбогдох өмнөх судалгааны бүтээлүүдэд товч анализ хийж улмаар өгүүлбэрзүйн холбооны тухай асуудлын ерөнхий хэлшинжлэлийн үндэслэлийг тайлбарлан үзүүлэх; б/. Монгол хэлний өгүүлбэрзүйн үндсэн нэгжүүд /холбоо үг, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, өгүүлбэрийн гишүүд г.м./-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох өгүүлбэрзүйн холбооны хэв маягтууд, бүтэц, нэгдмэл системийг нээн үзүүлж, ангилах; в/. Орчин цагийн монголын утга зохиолын хэлний бодит баримт дээр тулгуурлан, өгүүлбэрзүйн холбооны дэд систем түүний хэсгүүдийн хэлбэр-бүтцийн өвөрмөц онцлогийг тусгайлан судалж, тодорхойлон бичих гэсэн хэдэн зорилго тавив. Судалгааны ажлын онол-практикийн ач холбогдол. Энэ ажлын үнэ цэн нь монгол хэлний өгүүлбэрзүйд холбохын олон шаталсан өвөрмөц нэгдмэл систем байгааг утга зохиолын хэлний баялаг жишээн дээр тулгуурлан нээн үзүүлэх явцад энэ системийн бүрэлдэхүүн хэсгүүд, түүний хэв шинж, ангиллыг өгүүлбэрзүйн үндсэн нэгжүүдийн системтэй нягт уялдуулан хэлзүйн холбоо-хэлзүйн арга-хэлзүйн материаллаг хэрэглүүр гэсэн амьд холбоо бүхий гурвалжнаар хөдлөнги байдлаас авч судлан, тодорхойлон бичих, ингэснээрээ орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн үндсэн асуудлын судалгааг онолын хувьд боловсронгуй болгож, онолын судалгааны зарим үр дүнг практикт хүргэдэх оршиж байна. Үүний зэрэгцээ энэ сэдвийн судалгаа нь монгол хэлний үгзүй, өгүүлбэрзүйн олон сурвалж асуудлын мөн чанар, залгамж холбоог олж, боловсронгуй болгон системчлэх, тэрчлэн дунд сургууль, их, дээд сургуульд хэлзүй заах, төрөл болоод төрөл бус хэлнүүдийн зэрэгцүүлсэн, харьцуулсан судалгаа хийх зэрэгт онол-практикийн ач холбогдолтой. Бас орчуулгын болон хэлзүйн найруулгын практикт ч зохих ач холбогдлоо өгөх юм. Дүгнэлт. Монгол хэлний өгүүлбэрзүйн холбох ерөнхий тогтолцоотой холбогдсон асуудлуудыг нэгтгэн дүгнэж үзэв.Судалгааны ажил, монгол хэлний өгүүлбэрзүйд хэд хэдэн дэд системийн олонлогоос бүтсэн холбохын нарийн нэгдмэл систем байгааг харууллаа. Системийг задлан шинжлээд, зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох гэсэн хоёр үндсэн хэв маягт тулгуурласан монгол хэлний өгүүлбэрзүйн төвшин тус бүрт харгалзаж чадах хэд хэдэн дэд хэсгийн тоголцоо байна гэж үзэв. Өгүүлбэрзүйн холбооны дэд хэсгүүд нь холбохын ерөнхий системтэйгээ тусгай, ерөнхий диалектик нэгдлээр харилцан холболдсон нь сонин . Монгол хэлний холбоо үгийн бүрэлдүүлэгчийн хоорондын холбоо, өгүүлбэрийн гишүүд хоорондын холбоо, улмаар нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийн хоорондын холбоо нь өөр хоорондоо материаллаг нэгдэлтэй, холбооны хэв шинж, холбох арга, хэлзүйн хэрэглүүр, морфологи баазын хувьд залгамжлагдсан шинж чанартай байгааг монгол хэлний хөгжлийн өнөөгийн байдал, хэлний бодит баримт, түүнд хийсэн анализ харуулж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 640
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :