Манай улсад нэгэн үе уналтанд орж байсан металлург, метал боловсруулалтын салбар нь дахин хөгжих замдаа орлоо. Энэ нь бидэнд дотооддоо шаардлагатай байгаа эд ангийг үйлдвэрлэх бололцоо гарч байна. Гагцхүү бидэнд олон улсын стандартын дагуу технологийн өндөр түвшинд, эдийн засгийн хувьд хямд аргаар үйлдвэрлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд цутгуурын үйлдвэрлэл нь энэ шаардлагад нийцсэн метал боловсруулалтын нэг чухал салбар юм.
Манай орны хувьд жилд 5000-6000 т цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 8000-10000 т орчим цахиурын давхар ислийн агуулга өндөртэй элс шаардлагатай гэсэн тооцоо байдаг.
Цутгамал бүтээгдэхүүний чанарт хэвний материал онцгой нөлөөлдөг бөгөөд гологдол бүтээгдэхүүний 80 орчим хувь нь цутгуурын хэвтэй холбогдож гардаг. Хэвний материалаас цахиурын давхар ислийн агуулга өндөртэй элс нь галд тэсвэрлэлт сайнтай, ямар ч хэлбэрийн хэв барих боломжтой, хангалттай бат бөх чанартай, цутгасны дараа амархан бутрамтгай, олон дахин ашиглаж болох, эдийн засгийн хувьд хямд зэрэг олон давуу талтай учир дэлхийн бүх орон цутгуурын үйлдвэрлэлдээ үүнийг өргөн хэрэглэдэг. Манай орны хувьд Эрдэнэтийн ЗМЗ-ын Цутгуурын цех нь цутгуурын хэвний элсийг гадаадаас худалдан авч ашигладаг бөгөөд цутгуурын бусад үйлдвэр, цехүүд орон нутгийн элсний жижиг орд газраас шууд авч ашиглаж байгаа нь хэвний материалын техникийн наад захын шаардлагыг хангахгүй гологдол, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалтгаан болж байна.
Иймд цутгуурын хэвний элсний орд газар, илэрцийг нарийвчлан судалж зарим орд газрын элсийг баяжуулах технологийг боловсруулах судалгааг Монгол орны элсний орд газруудад хийж судалгааныхаа үр дүнд тулгуурлан хялбар баяжуулах боломжтой орд газрыг сонгон авч нарийвчилсан судалгаа явуулж сайн чанарын баяжуулсан элс гарган авах шаардлага тулгарсан юм.
Цутгуурын хэвний элсийг гадаадаас авч хэрэглэж байгаа тохиолдолд шингэн шилээр барьцалдуулах замаар хэрэглэсэн хэвний холимогт регенераци хийж түүнийг дахин хэрэглэх технологи өргөн хэрэглэдэг. Регенераци хийх гэдэг нь хэрэглэсэн хэвний холимгийг үйлдвэрлэлд дахин ашиглах зорилгоор шинэ элсний шинж чанарт дөхүүлж дахин боловсруулах арга бөгөөд энэ нь экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед үйлдвэрийн хаягдлыг аль болох бүрэн ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэг юм.
Судалгааны ажлын зорилго:
Цутгуурын хэв барих технологийн шаардлагын дагуу эх орны орд газрын элсний шинж чанарыг судласны үр дүнд элс баяжуулах оновчтой технологи боловсруулах
Судалгааны зорилт:
• Монгол орны элсний орд газар, илэрцүүдийг судлан шинжлэж, химийн найрлагын харьцуулсан дүн шинжилгээ хийх
• Элс баяжуулах технологийн процессын оновчтой горимыг тогтоох
• Баяжуулсан элсэнд хими, технологийн шинжилгээ хийх
• Ашиглагдсан элсэнд регенераци хийж үнэлэлт, дүгнэлт хийх
Судалгааны объект:
Дорнод аймгийн Сүмбэр сумын Алтанголын элс, Эрдэнэтийн ЗМЗ-ын цутгуурын цехийн шингэн шилээр барьцалдуулсан хэвний хэрэглэсэн элс
Судалгааны арга зүй:
• Хөвүүлэн баяжуулах арга
• Элсний физик, хими, минералогиийн шинжилгээний арга
• Гранулометр болон оптик шинжилгээний арга
• Хэвний холимгийн технологи шинжилгээний арга
• Нойтон идэвхжүүлэлтийн аргаар регенераци хийх арга
• Судалгаа туршилтын ажлын үр дүнг боловсруулах математик статистикийн арга
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
Цутгуурын хэв барих технологийн шаардлагад нийцсэн элс баяжуулан гаргаж авах технологийн процессыг загварчилж, оновчтой горимыг тодорхойлсон.
Судалгааны ажлын практик ач холбогдол:
• Дорнод аймгийн Сүмбэр сумын Алтанголын орд газрын элсэнд баяжуулалт хийж цутгуурын хэвний технологийн шаардлагыг хангасан элс гарган авсан.
• Шингэн шилээр барьцалдуулан цутгуурт хэрэглэсэн элсэнд регенераци хийх судалгаа явуулсан туршилтын үр дүнд элсний хаягдлыг багасгаж цутгуурын хэв барихад дахин ашиглах боломжийг бүрдүүлсэн.
• Бидний хийсэн туршилт, судалгааны үр дүн нь цутгуур, металлург, барилга, галд тэсвэртэй материалын чиглэлээр судалгаа хийж буй судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан, үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудын судалгааны суурь материал, гарын авлага болно.
- Нэгдүгээр бүлэгт монгол орны элсний орд газруудын судалгаа, нөөц зэргийг судалж дүн шинжилгээ өгсөн ба элс баяжуулсан судалгааны ажлын тойм, элс баяжуулах болон регенераци хийх аргууд,
- Хоёрдугаар бүлэгт судалгаа явуулах арга зүй, туршилт судалгаа явуулсан аргачлал,
- Гуравдугаар бүлэгт элс баяжуулах болон регенераци хийх технологийн судалгаа, нөлөөлөх хүчин зүйлийн хамт оруулж үр дүнг нэгтгэн технологийн оновчтой горим зэргийг тус тус тодорхойлов. Дөрөвдүгээр бүлэгт судалгааны ажлын үр дүнг нэгтгэн боловсруулж туршилт төлөвлөлтийн математик боловсруулалт хийж технологийн оновчтой горимыг тогтоолоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0