Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар дээд боловсролын тогтвортой хөгжлийг хангах боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3824
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : удирдлагын чадамж, стандарт, боловсролын шинэчлэл, насан туршийн боловсрол, сэтгэл ханамж

Аннотаци

Монгол улсын дээд боловсролын салбарын хувьд төгсөгчдийн дөнгөж 40% нь сурсан мэргэжилтэйгээ холбоотой ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд олон удаагийн судалгааны дүнд төгсөгчдийн ажил эрхэлж чадахгүй байгаагийн нэг шалтгааныг мэргэжлийн төвшин, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна гэсэн эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын дээд боловсролын байгууллагын менежментийн чадавхийг дээшлүүлэх, жил бүр өөрчлөн шинэчлэгдэж буй зах зээлийн эрэлт хэрэгцээтэй хөл нийцүүлэн алхах боломжийг эрэн хайж энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудын их дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлага, арга зүйг судалсны үндсэн дээр Монгол Улсын их дээд сургуулиудад чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001) нэвтрүүлэх замаар боловсролын үйлчилгээг сайжруулах боломжтой гэж үзэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Сувилахуйн сургууль” болон Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулиудын боловсролын үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн гарсан үр дүнг харьцуулан туршиж үзсэн.
Чанарын Менежментийн тогтолцоог нэвтрүүлэхийн өмнө их дээд сургуулиудын удирдлагын чадамжийг тодорхойлж, ажил олгогчид, багш, оюутнуудтай ярилцлага хийх замаар тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлсон.
Судалгааны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн 94 орны 311 их дээд сургуулийн чанарын бодлого, түүний хэрэгжүүлэх арга замыг судлан үзэж өөрийн улсын их дээд сургуулиудын онцлогт тохирсон чанарын бодлогыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон туршин нэвтрүүлсэн. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсний үр нөлөөг илрүүлэхдээ давхардсан тоогоор Сувилахуйн сургуулийн 170 багш, ажиллагсад, Дархан-Уул аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн 82 багш, ажиллагсад, Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн 118 багш, ажиллагсад, 1658 оюутан сурагчдыг хамруулсан.
Сургуулиудын менежментийн чадамжийг Монгол улсын төрийн захиргааны 30 гаруй байгууллагын чадамжийн үнэлгээнд хэрэглэсэн 9 бүлэг, 90 асуулт бүхий асуулгын арга, оюутан сурагчдын сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг SERVQUAL аргыг ашиглан, ажил олгогчид болон зорилтод бүлгийхэнтэй фокус ярилцлага хийх замаар тодорхойлсон.
Судалгааны ажлын хүрээнд ашигласан арга зүй, дүгнэлт, санал нь Монгол улсын их дээд сургуулиудын менежментийн чадавхийг дээшлүүлэх, чанарын бодлогыг боловсруулах болон хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэ цэнэтэй эх сурвалж болно.
Судалгааны ажлын холбогдох хэсгийг боловсролын байгууллага, менежмент, чанарын удирдлага, сэтгэл зүй болон удирдлагын чадамжийн чиглэлээр бакалавр, магистр, докторантын сургалт судалгаанд ашиглах практик ач холбогдолтой.
Энэхүү судалгаагаар их дээд сургуулиудад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх загвар санал болгосноор “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого 2024”-ийн зарим заалтын хэрэгжилтийг хангахад дэм болно.
Диссертацийн бүтэц нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 8 зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт, 22 хүснэгт, 28 зургаас бүрдсэн 146 хуудас бүтээл болно.
“Дээд боловсролын байгууллагын чанарын менежментийн онол арга зүйн үндсэн асуудал, орчин үеийн чиг хандлага” нэгдүгээр бүлэгт дээд боловсролын үйлчилгээний тогтолцоо, үндсэн шинжүүд, онцлог, дэлхийн улс орнуудын дээд боловсролын үйлчилгээний тогтолцооны харьцуулсан судалгаа болон дээд боловсролын чанарын менежментийн тогтолцоонд бодлого, төлөвлөлтийн гүйцэтгэх үүрэг гэсэн суурь асуудлуудыг авч үзсэн.
“Дээд боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” хоёрдугаар бүлэгт Монгол улсын дээд боловсролын үйлчилгээний чанарын менежментийн тогтолцоо, эрх зүйн баримт бичиг, түүний хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, дээд боловсролын үйлчилгээний чанарын менежментийн тогтолцооны өнөөгийн төлөв байдлын талаар оролцогч талуудаас судалгаа авч түүнд өгсөн үнэлэлт дүгнэлтийг тусгасан.
“Дээд боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоог боловсронгуй болгон төлөвшүүлэх арга зам” гуравдугаар бүлэгт дээд боловсролын байгууллагын чанарыг үнэлэх аргууд, үйлчилгээний чанарын менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, нийтлэг загварыг санал болгож, түүний бүтэц агуулгыг авч үзсэн.
Туршин нэвтрүүлсэн гурван их сургуулийн удирдлага, зохион байгуулалтанд эерэг өөрчлөлт гарсан нь боловсролын салбарт чанарын менежментийн тогтолцоо практик аргачлал үр дүнтэй болох нь тодорхой байна.
Интервенцийн туршилт судалгаагаар үр дүн болон анхаарах зүйлсийг онцлон авч үзсэн бөгөөд эдгээрээс чанарын ойлголтын талаар ажилтнуудын прадигмийн өөрчлөлт, үйл явцын баримтжуулалтын талаар гарсан үр дүн болон санхүүгийн нөөц, хүний нөөцийн зөв хуваарилалт, мэргэжлийн зөвлөгөө, тусламж, айдасгүй шийтгэлгүй соёл бий болгох буюу дотоод аудитын зөв ойлголт бий болгох зэрэг сургамжууд хамгийн чухал анхаарах ёстой хүчин зүйлүүд болохыг онцлон тэмдэглэж байна.
Цаашид дээд боловсролын байгууллагууд нь өөрийн тогтвортой хөгжлийг хангахын тулд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх нь хамгийн хялбар арга бөгөөд богино хугацаанд хүссэн үр дүнд хүрэх боломж юм. Ингэхдээ өөрийн сургуулийн онцлог давуу талд тулгуурлан бусад стандартуудтай хослуулан нэвтрүүлэх нь зүйтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 338
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :