Судалгааны зорилго нь Өвөр Байгалийн ой ургамалжилтын мужийн Сэлэнгийн хошууны нөхцөлд үр бэлтгэж байгаа эгэл нарсан ой болон моддод селекцийн үнэлгээ хийж, тэдгээрийн өсөлтийн онцлогийг илрүүлэх, улмаар үрлэлт, үрийн чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлж, тухайн бүс нутгийн нөхцөлд селекцийн үнэлгээнд үндэслэн шилмэл моддыг сонгох, үрийн талбай байгуулах үндэслэлийг боловсруулахад оршино. Уг зорилгыг биелүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:
1. Моддын үрлэлтийн байдалд үнэлгээ өгөх, үр, боргоцойн морфологи үзүүлэлтүүдийн онцлогийг илрүүлж, үрийн чанарыг тодорхойлох;
2. Ойн үрийн байнгын талбай сонгоход үрийн моддод тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох,
3. Үрийн моддын үндсэн үзүүлэлтийн хамаарлын зүй тогтол, өсөлтийн онцлогийг илрүүлэн, селекцийн үнэлгээ өгөх;
Судалгааны шинэлэг тал нь Эгэл нарсны үр, боргоцойн шинж чанар, морфологи үзүүлэлтүүдийн хамаарлыг тодорхойлж, үрийн моддын таксацийн үзүүлэлтүүдэд үндэслэн селекцийн үнэлгээ хийж, моддын өсөлтийн онцлогийг илрүүлж, шилмэл, сайн чанарын модыг сонгож тэдгээрийн генетик нөөцийг хамгаалах судалгааг Өвөр Байгалийн ой ургамалжилтын мужийн Сэлэнгийн хошууны Дэлгэрхааны тойргийн нарсан ойд анх удаа гүйцэтгэж байгаагаараа шинэлэг юм. Энэхүү судалгаа нь Монгол орны эгэл нарсан ойн тархалтын зонхилох бүс нутаг болсон Сэлэнгэ аймгийн нарсан ойн үрлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлж, үр бэлтгэж байгаа ойд селекцийн үнэлгээг өгч, улмаар өсөлт хөгжилтөөр нь ангилан цаашид сайн чанарын үрийн моддыг сонгох, генийн санг хадгалах нөхцөлийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой. Үр түүх, бэлтгэх моддын шинж чанар, төлөв байдлыг үнэлэх, цаашлаад сайн чанарын, шилмэл модыг сонгон шалгаруулах, эгэл нарсан ойн генетик нөөцийг хамгаалахад энэхүү ажлын практик ач холбогдол оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0