Үндэслэл
Уламжлалт анагаах ухааны онол ёсоор өвчин үүсгэх нөхцөл учрахад цусны тамир хорлогдож арвидах, хорогдох, хямралдах байдлаар тэнцвэрт байдлаа алдан цусны өвчин үүснэ.
Цус царцах өвчний үед уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн Зомошин 6 танд (Ceaselpinia sappan L) Суман модыг голлогч эм болгох ба Монгол эмч нар мөн нэрийн дор (Caragana jubata (Pall. Poir) буюу Дэлт харгана ургамлыг уг жорын найрлаганд оруулан ашигладаг байв.
Ишданзанваанжилын туурвисан Жүрү дошал зохиолд Зомошин-6 танг хий, халууныг боловсруулах, сарын хирийн хямралыг тэгшитгэх, царцсан цусыг шингэлэх, эмэгтэйчүүдийн хий цус бүрэлдсэн өвчний үед хэрэглэнэ гэжээ.
Зорилго
Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг Зомошин-6 тан, Дэлт харгана ургамлын цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааг ЭМШУИС-ийн УАС, УАШУТҮК, Мал эмнэлгийн хүрээлэн, Прецилаб лабораторийг түшиглэн 2012-2013 онуудад ЭМШУИС-ийн Био анагаахын ёс зүйн хяналтын салбар хорооны зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн ба УАШУТҮК-ийн виварт үржүүлж буй харьцангуй эрүүл 220-250 грамм жинтэй 220 толгой Wistar үүлдрийн харх, 22-28 грамм, мөн эр, эм тэнцүү тооны 60 толгой лабораторийн цагаан хулгана ашиглав. Уг судалгаанд туршилт судалгааны арга зүйн дагуу нормокоагуляци, гипокоагуляци, гиперкоагуляцийн эмгэг загваруудыг харх, хулганад үүсгэж цусны бүлэгнэлтийн, биохимийн, эд судлалын шинжилгээний аргуудаар үнэлж дүгнэсэн.
Үр дүн
Судалгааны үр дүнгээс үзэхэд Зомошин-6 тан, Дэлт харганы бэлдмэл нь туршилтын эрүүл амьтны цусны бүлэгнэлтийг сааруулан, цус гоожих хугацааг уртасгах нөлөөтэй. Мөн ЗЗТ протромбины хугацааг 14-48,6%-иар, ЗИТХ-г хугацаанаас хамаарч 57,1-115,8%-иар уртасгасан бол Дэлт харганы бэлдмэл 36,7-68,4%-иар уртасгасан байна. Тромбины хугацаа 38,8-116%-иар Зомошин-6 тангийн бүлэгт уртассан бол Дэлт харганы бэлдмэл 8,8-92,6%-иар тус тус уртассан байна. Харин фибриногений хэмжээ Зомошин-6 тангийн бүлэгт 29,8- 43,3%-иар багассан бол Дэлт харганы бэлдмэл 5,1-20,5%-иар тус тус бууруулсан (p=0,05). Эллагийн хүчлээр үүсгэсэн хэт бүлэгнэлтийн загварын үед хяналтын бүлэгтэй харьцуулахад протромбины хугацаа Зомошин-6 тан 19,3%, Дэлт харганы бэлдмэл 26,1%, Гурван үрийн тан 14,7%-иар уртасгасан байв Харин ЗИТХ-г 77,7%-иар Зомошин-6 тан уртасгасан бол Дэлт харганы бэлдмэл 50,3%, Гурван үрийн тан 41%, Суман модны бэлдмэл 58,5%-иар тус уртасгасан байв. Тромбины хугацааг Суман модны бэлдмэл 62,5%, Гурван үрийн тан 77,5%-иар уртасгажээ (p=0,05).
Чихрийн шижингийн загварын үед Дэлт харганы бэлдмэл, Зомошин-6 тан, Суман модны бэлдмэл фибриногений хэмжээг 3,8,
21.5, 25,7 %-иар багасгасан байв (p=0,001). Харин протромбины хугацааг Зомошин-6 тан, Дэлт харганы бэлдмэл 1,3 дахин, суман модны бэлдмэл 1 дахин уртасгаж байсан (p=
0.01).
Бид цусны урсгалын зогсонгишил, эдийн тромбопластинаар өдөөсөн тромбозыг үүсгэсэн бөгөөд бүтцийн хувьд гүний венийн судасны улаан тромб болох нь гистоморфологийн шинжилгээгээр нотлогдсон. Зомошин-6 тан, Дэлт харганы бэлдмэл, Суман модны бэлдмэл нь тромбын бүтцийн үндсэн элемент болох фибриний хэмжээг бууруулж, судасны хөндий чөлөөтэй байлгаж, судас тромбоор бөглөрөхөөс сэргийлэх үйлдэлтэй нь тогтоогдсон.
Дүгнэлт
1. ЗЗТ, ДХБ нь анхдагч цус бүлэгнэлт, ЗЗТ, СМБ, ДХБ нь хоёрдогч бүлэгнэлт буюу гадаад, дотоод замд саатуулах нөлөө үзүүлж байв.
2. ЗЗТ, СМБ болон ДХБ нь Эллагийн хүчлээр үүсгэсэн хэт бүлэгнэлтийн эмгэг загварын үед цусны бүлэгнэлтийг сааруулж протромбин, ЗИТХ, тромбины хугацаанд нөлөөлж уртасгах үйлдэлтэй байна.
3. ЗЗТ, СМБ, ДХБ нь аллаксонаар үүсгэсэн чихрийн шижингийн загварын үеийн протромбины хугацааг уртасгах, фибриногений хэмжээг бууруулах замаар хэт бүлэгнэлтийг багасган цус шингэлэх, глюкоз, триглицерид, холестрол, шээсний хүчлийн хэмжээг бууруулах нөлөөтэй байлаа.
4. ЗЗТ, СМБ, ДХБ нь туршилтын амьтанд үүсгэсэн венийн судасны тромбозын үүсэлтийг сааруулах, фибриний хэмжээг багасгах үйлдэлтэй байна.
5. ЗЗТ, СМБ, ДХБ-г удаан хугацаагаар хэрэглэхэд архаг хорон чанар үүсгэхгүй ба тромбоцитын тоог бууруулах үйлдэлтэй нь нотлогдлоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0