Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд: “Монгол Улсын батлан хамгаалах нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол Улсын хүн ам, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг аливаа зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийллээс хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ мөн” гэж заасан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль (1992)-д улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхээ даяар олноо зарлан тунхаглаж: “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж заажээ. Энэ үүргийг биелүүлэхэд төрийн байгууллагын тогтолцооны онцгой хэлбэр-зэвсэгт хүчний өөрчлөлт шинэчлэлт онцгой ач холбогдолтой юм.
Монгол оронд өрнөсөн төр, нийгмийн өөрчлөн байгуулалт дээд боловсролын тогтолцоог шинэ нийгмийн хэрэгцээнд тулгуурлан өөрчлөх хойшлуулшгүй зорилт, бодит шаардлагыг бий болгосон. Энэ утгаараа Монголын боловсролын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон батлан хамгаалах салбарт цэргийн мэргэжилтэй, хүний нөөц бэлтгэх үйл ажиллагаанд нэгэн адил хамаарч байна.
Цэргийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт орсноор сургалтын чанарыг дээшлүүлэх, цэргийг мэргэжлийн талаас нь бэлтгэх түвшин тодорхойлох эрх зүйн норматив акт(стандарт)–ыг боловсруулах асуудал онцгой чухал болоод байна.
Монгол Улсын Боловсролын багц хуулиуд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2001, 2003, 2006 онуудын 290 [3], 463 [4] ,481 [5] дүгээр тушаалуудаар баталсан дээд боловсролын стандарт боловсруулах журмыг батлан гаргасан нь цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх эрх зүйн норматив стандартыг боловсруулах орчин бүрдэж байна.
Стандартыг хэрэгжүүлэхэд онол, арга зүйн судалгааг зайлшгүй явуулах нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд:
- сургалтын агуулга, технологийг өөрчлөн шинэчилж батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өнөөгийн болон ойрын ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц өндөр, мэдлэг, дадлага бүхий боловсон хүчин бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх;
- сонсогч, сурагчид, цэргийн албан хаагчид бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар төлөвшөөгүй, боломж хязгаарлагдмал, цэргийн албаны зохион байгуулалтыг цэргийн шинэ дүрмүүдийн шаардлагын дагуу сайжруулах ажил удаашралтай, төгсөгчдийн анги, салбарт ажиллах дадлага, чадвар шаардлагын түвшинд хүрээгүй;
- цэргийн мэргэжлийн онцлогтой уялдуулан одоо мөрдөгдөж буй дээд боловсролын стандартын агуулгад нийцүүлэн өөрчлөх;
- хийсэн судалгаанаас үзэхэд цэргийн сургалтын (хөтөлбөрийн) агуулга нь хэтэрхий нягтралтай, ачаалалтай, түүнийг хэмжих нэгж нь тодорхой биш. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн сургалтын агуулга бүхэлдээ бүрхэг байгаа;
- цэргийн мэргэжлээр, ялангуяа офицеруудыг иргэний талаас нь бэлтгэх шаардлага өндөржсөн. Үүнээс хамаарч сонсогчдын сургалтын үйл ажиллагаа болон боловсролын стандартыг хэрэгжүүлэх нөхцөлийг судлах зайлшгүй шаардлага гарч ирсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0