113 хуудас бичлэгийн хэмжээтэй. Диссертацид 15 зураг схем, 3 хүснэгт, 80 нэрийн ашигласан хэвлэлийн жагсаалтыг оруулав.
Монголын цирк нь үндэсний соёл, урлаг, зан үйл, амьдралын дадалд уяалдаж хөгжин боловсорч иржээ. Энэхүү “үзүүлбэрт урлаг” нь нийгмийн хөгжилтэй уялдаж, шинэчлэгдсээр ирсэн нь монголын циркийн урлагийн үүсэл, хөгжлийг судлах явцад улам тодорч байна. Циркийн урлагийн хувьсал, өөрчлөлт, шинэчлэлд түүний найруулга нь онцгой үүргийг гүйцэтгэж буйг олон улсын болон монголын циркийн урлагийн бүтээлүүдэд хийсэн ажиглалтаас дэвшүүлж байна. Циркийн урлаг нь орчин цагийн тайз, дэлгэцийн урлагтай нэгэн адил урлагийн бүтээл туурвих зарчим, нөлөөлөх хүчин зүйлсийн шууд хамаарал дор бүтээгдэж, хөгжим, бүжиг, жүжиглэх, дүрслэх урлагийн нийлмэл цогц бүтээлд хослон шинэчлэгдэж хөгжжээ. Орчин цагийн циркийн урлаг нь уран сайхны илэрхийлэлийн бие даасан долоон төрөл нь хөгжлийн явцад хорших, нэгдэх, уусах, мөн техник технологийн дэвшилтэй уялдан циркийн урлагийн шинэ хэлбэр илэрхийлэлд боловсорсныг судалгаанд онцлон авч үзлээ. Монголын уран нугаралт гэж олон улсад нэршсэн уран нугаралтын үзүүлбэр бол циркийн урлагийн акробат, тэнцвэрийн төрлийн хослол байна. Монголын уран нугаралтыг бүтээн туурвисан Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн, Б. Норовсамбуу нарт 1971 онд Төрийн шагнал хүртээсэн байна.
Циркийн урлагийн тоглолтын хэлбэр болох “үзүүлбэр”, “хөтөлбөр”, “циркчилсэн жүжиг”-ийн ялгааг тодруулж тус бүрийн онцлогийг судлан үзээд циркийн урлаг нь үзүүлбэрээр дамжиж тоглогдох ба хөгжөөх, цэнгээх урлаг болох нь ажиглагдав.
Монголын циркийн тоглолтод үзэгч өөрөө мөн тухайн тоглолтын оролцогч буюу хамтран тоглогч болдогоор бусад урлагийн тоглолтоос ялгарч байна. Үүгээрээ үзэгч нь циркийн найруулгад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг субьект болох таамгийг дэвшүүлж байна. Үзэгч ба жүжигчний сэтгэл зүйн уялдааг циркийн урлагийн найруулгад чухалчилан хөгжүүлэх хандлага нь найруулагч Ж. Дамдинсүрэн, Т. Цэнд-Аюуш, Б. Бадрууган,Д. Зориг нарын найруулгын арга барилд тусгалаа олсон байна.
Манай драм, киноны урлагийн найруулагчид зохиолын утга санаанд тулгуурлан дүр бүтээх ажлаас найруулгаа эхэлдэг бол монголын циркийн найруулагчид трюк зохион бүтээх ажлаас найруулгаа эхэлдэг байна. Монголын циркийн найруулагчид хөгжмийн бүтээлд тулгуурлан хөдөлгөөний хэмнэл, бүтцээ олж авдаг бол драм, киноны найруулагчид дүрийн сэтгэлийн илэрхийлэл, зохиолын өгүүлэмжийн тодотголд хөгжмийн бүтээлийг ашигладаг онцлогтой байгаа нь ажиглагдав.Циркийн урлагийн тоглолт нь биеийн хүч, авхаалж самбааг, жүжиглэх ур чадвартай хослуулснаар спортоос эрс ялгаатай урлагийн онцлох төрлийн нэг болжээ. Циркийн найруулга зүйд жүжиглэх урлагийн онол, зарчим, системээс өргөн хүрээтэй шингээж, жүжигчний ур чадвар, авхаалж самбаагаар гүйцэтгэх “трюк”-ээр үзэгчийн сэтгэл хөдлөлд хүрдэг урлаг болно. Трюкийн эхлэл, өрнөл, төгсгөл нь нэгэн цогц үйлдэл юм. Трюк эхлэхээс дуустал жүжигчин болон үзэгч нь сэтгэл хөдлөлийн нэгэн хэмд хамтдаа байж, трюкийн эрсдэл, айдас, бахархалыг хамтдаа туулж, хүний бие бялдар, гоо сайхан, сэтгэлийн тэнхээ, ур чадварын гайхамшигт баясан цэнгэж, тайтгаралыг хүлээн авснаар дуусдаг. Энэхүү цогц үйл ажиллагааг уран сайхны дүрслэлийг агуулан урлагийн бусад төрөл зүйлээр баяжуулан бүтээн туурвих нь циркийн урлагийн найруулга зүйн гол үндэс нь болж иржээ.
Монголын циркийн урлагийн үзүүлбэр, хөтөлбөр, циркчилсэн жүжгийн найруулга зүйг тодорхойлох шинжилгээний цогц аргачлалыг шинээр боловсруулсан нь бидны судалгааны ажлын гол зорилтын нэг хэсэг байв. “Хүн-циркийн урлаг-орчин” системийн хандлагаар циркийн урлагийн найруулга зүйн асуудлыг цаг хугацаа, орон зайн хүрээнд авч үзэхэд: найруулагчийн удирдлагад жүжигчний оюун санаа, сэтгэхүй, биеийн үйлдэл, хөдөлгөөний оролцоотойгоор “трюк”-ийг хөгжим, бүжиг, жүжиглэх урлагийн нийлмэл бүтцээр гүйцэтгэхдээ аппаратур, техник, технологийн дэвшлийг ашигласан үзүүлбэрийг үзэгчдэд хүргэсэн цогц систем болох нь ажиглагдлаа.
Циркийн урлаг нь тайзны урлагийн төрөлд багтах ба биеийн хөдөлгөөн, үйлдлийн иж бүрдэл бүхий үггүй жүжиглэх урлаг юм. Жүжиглэх урлагийн суурь дээр үндэслэсэн найруулга зүй нь циркийн урлагт зонхилон хөгжжээ. Ингэж манай циркийн урлагийн найруулга зүйд “ жүжиглэх урлаг”-ийн онол, арга барилын үндэс бүрэлдэн тогтсон нь судалгаанаас харагдаж байна. К.С. Станиславский. “сэтгэл хөдлөлийн урлаг”, В.Э. Мейерхольдын “урлахуйн урлаг”, буюу биомеханикийн арга, Р.Лабаны “хөдөлгөөнөөр сэтгэлийг илэрхийлэх”, Ф. Дельсрозийн “хөгжмийн аялгуун дахь уран сэтгэмжийн хөгжил”, Э. Дельсартегийн “дохио, зангаа, гарын болоод нүүрний хувирал”, Д. Грандын “жүжигчний оюун санаа, тархийг удирдах” зэрэг онол, зарчмыг багтаасан “Оюун санаа –дотоод сэтгэл”, “бие махбодь - үйл хөдөлгөөн”, “хөгжим - аялгуу” гэсэн хүчин зүйлд тулгуурласан циркийн урлагийн найруулга зүй дэхь жүжиглэх урлагийн онолын оролцоог үнэлэх загварыг бүтээв. Энэхүү загварын аргачлал нь “квалиметрийн анализийн арга” монголын циркийн урлагт нэн зохистой болох нь судалгааны явцад тодорч байлаа.
Монголын циркийн урлагт театрын болон жүжиглэх урлагийн онолын үндэс улам суурьшиж шингэсэн нь монгол циркийн найруулга зүйн хөгжихөд суурь үндэс нь болжээ.
Квалиметрийн анализийн аргад түшиглэсэн онолын оролцооны загвараар монголын циркийн үе, үеийн найруулагчдын уран бүтээлд ажиглалт хийж үзэхэд: 1940-1960 оны найруулагчдын арга барилд жүжигчний бие бялдарын хүчинд тулгуурласан үзүүлбэрийг хуучин циркийн байр болон ил задгай тайзнаа туурвиж байсан байна. Тэдний бүтээлд хөгжим, дүрслэх урлаг нь үзүүлбэр, хөтөлбөрийг дагалдан тоглох чимэглэлийн түвшинд байжээ. Тухайн үеийн найруулагчид ОХУ-ын мэргэжилтэн багш нарын найруулах арга барилаас дагалдан суралцсан байдаг. Ж. Раднаабазарын найруулсан монгол циркийн анхны тоглолтын хөтөлбөрөөс ажиглахад хүч тамирын үзүүлбэр давамгайлан Оросын циркийн найруулга зүй, арга барилд үндэслэж монгол үндэсний соёлын онцлогийг хувцас, эд хэрэглэгдэхүүн, хийц, загварт тусган найруулсан бол найруулагч Ж. Дамдинсүрэнгийн уран бүтээлд циркийн тоглолтыг алиалал, хошигнолын найруулгад үндэсний хэв шинж гүнзий тусгалаа олжээ. 1961-1980 оны найруулагчдын уран бүтээл нь циркийн урлагт зориуласан байр, танхимтай болсноор циркийн урлаг нь мэргэжлийн түвшинд хөгжих бололцоо бүрджээ.
Агаарын нисэлт, хэц утсан дээрхи тэнцвэр, шидэх банзнаас үсрэгчид, сургуультай амьтдын тоглолт зэрэг нь өөрийн тоглолт нь газрын болон агаарын орон зай хэрхэн онцлогтой болохыг илтгэж байна. Найруулагч Т.Цэнд-Аюушийн “Тэмээтэй акробат”, найруулагч Н.Намхайн ”Хүнд жингийн гайхамшиг”, “Шидэх банзнаас үсрэгчид” зэрэг олон арван том хэмжээний уран бүтээлүүд Улсын циркийн шинэ байр ( одоогийн АСА циркийн барилга ) –д туурвигдсан байна. Эдгээр бүтээлийг монгол циркийн хуучин байранд туурвих ямар ч боломжгүй ба найруулагч тийм бүтээл талаар төсөөлөх ч орчин биш байсан нь судалгаагаар ажиглагдав. 1981-2000 оны үеийн найруулагчид театрын урлагийн найруулга зүйд суралцан мэргэшсэнээр монголын циркийн найруулга зүйд жүжиглэх урлагийн онол зарчимд тулгуурласан уран сайхны шидэлтэй бүтээлүүд туурвигджээ. Найруулагч Б. Бадарууганы найруулсан “Гайхамшигт цаг” циркчилсэн жүжигт дүрийг бүтээх, найруулагч Д. Зоригийн “Бөмбөлөгтэй тэнцвэр” үзүүлбэрт уран зургаар илэрхийлсэн дүрийг амилуулах, найруулагч Ю.Гэрэлбаатарын циркчилсэн жүжгүүд циркийн үзүүлбэрээр дамжуулан жүжгийн утга санааг илрэхийлэхдээ хөгжмийн болон бүжгийн бүтээлтэй хослуулах, тайз засал, аппартур тоног төхөөрмжийн хийцийг уялдуулдагаар өмнөх үеэс ялгагдах онцлогтой байна.
Монголын циркийн үе, үеийн найруулагчдын ур чадвар, арга барил дахь уран сайхны өгүүлэмжид үндэсний соёл, зан заншил, дуу хөгжим, бүжиг хөдөлгөөн, өнгө будаг, хувцас өмсгөл нь гүнзийн тусаж, жүжигчний тоглолтод олон улсын хүрээнд өргөн хэрэглэж буй жүжиглэх урлагийн сонгодог арга барилаас бүтээлчээр ашиглаж байгаа нь манай циркийн урлагийн найруулга зүйд тусгалаа олж монгол циркийн дэгийг буй болгож чаджээ гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Бид Монголын циркийн урлагийн найруулга зүйн онцлогийг судласнаар өөрийн орны соёл, урлаг судлалд шинэ судлагдахууныг бий болгов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0