Умайн хүзүүний хучуур доторх эмгэгийн хөгжих жам зүй, даамжрах учир шалтгааныг хүний папиллома вирүсийн халдвар, эсийн үржлийн зохицуулга алдагдах, хавдар дарангуйлагчдын үйл ажиллагаа доголдох, дархлааны системийн хариу үйлдэл зэрэгтэй холбон тайлбарлах болжээ. Орчин үед дэлхийн олон орнуудад умайн хүзүүний өмөн болон хучуурын доторх эмгэгийн эмгэгжамд оролцдог молекулуудыг шинжилгээний дэвшилтэт аргаар оношлон, илрүүлэг шинжилгээнд багтаахыг санал болгож эхэлсэн хэдий ч манай улсад энэ төрлийн шинжилгээ хийх нь хомс, биомаркеруудыг эмгэг бүтэц зүйтэй уялдуулан судалсан судалгааны ажил ховор байгаа нь судалгааны ажил хийх үндэслэл боллоо.
Зорилго: Умайн хүзүүний өмөнгийн эрт үеийн шинж төрхийг тодорхойлж; умайн хүзүүний хучуур доторх эмгэгийг тодорхойлох зарим биомаркеруудыг илрүүлж, эдийн бүтцийн өөрчлөлтийг эмнэлзүй дэх эрсдэлт хүчин зүйлийн онцлогуудтай уялдуулан судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Уг судалгааг даган судлах ба эргэмж судалгааны аргаар, тохиолдол ба хяналтын судалгааны загвараар 632 эмэгтэйн өвчний түүх, 258 эмэгтэйн умайн хүзүүнд хийгдсэн үзлэг, 192 эмэгтэйн цусны ийлдэс, 96 эмэгтэйн умайн хүзүүнээс авсан материалыг ашиглан хийж гүйцэтгэв. Ийлдэс дэх TNF-α ба IL-10 б иомаркеруудын агууламжийг EU CARDIO ELISA ц омгийг ашиглан фермент холбоот эсрэгбиеийн урвалаар, умайн хүзүүний эдэд ХПВ16 L1, ХПВ18 L1, P53, P16, β-катенин, CD34 биомаркеруудын илрэлийг иммуногистохимийн аргаар хулганы моноклонт эсрэгб иеийг ашиглан үйлдвэрлэгчийн дагалдуулсан протоколын дагуу тодорхойлов.
Үр дүн: 2010-2014 оны хоорондох 5 жилийн хугацаанд бүртгэгдсэн умайн хүзүүний өмөнгийн 30% орчим нь II ба түүнээс эрт үе шатандаа оношлогдсон байв. Умайн хүзүүний өмөн оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн 90%-д нь зовиур илрээгүй, 69% нь эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байхдаа оношлогдсон байв. Умайн хүзүүний хучуур доторх эмгэгийн үед ХПВ16 хэв шинж 63%, ХПВ18 хэв шинж 22%, ХПВ16 ба ХПВ18 хэв шинжүүд хавсран
13.5%-тай илрэв. ХПВ16 хэв шинж умайн хүзүүний хөнгөн гэмтлийн үед илүүтэй ажиглагдлаа (р=
0.043). ХПВ18 хэв шинж 30 ба түүнээс доош насныханд түгээмэл байв (р=
0.034). Умайн хүзүүний хучуурын доторх эмгэгийн үед Р16 уураг 74%, Р53 уураг 28%, β-катенин 38%, CD34 уураг 67%-тай илэрсэн ба иммуногистохимийн илэрлийн хүч нь умайн хүзүүний гэмтлийн зэрэгтэй шууд хамааралтай байв. Умайн хүзүүний хучуур доторх эмгэгтэй хүмүүсийн цусны ийлдсэнд TNF-α ба IL-10 өндөр тодорхойлогддог ба умайн хүзүүний гэмтэл ихсэх тусам TNF-α б уурч, IL-10 цитокин ө сөж байлаа.
Дүгнэлт: Манай улсад тохиолдож буй умайн хүзүүний өмөнгийн 30% нь эрт үедээ оношлогдож байгаа боловч 0 үе шатандаа оношлогдох давтамж нэмэгдэж, II үе шатандаа оношлогдох давтамж буурч байна. Өмөнгийн эрт үед ≥90%-д нь мэдэгдэм зовиур илэрдэггүй, төрөлт ба үр хөндөлт нь умайн хүзүүний өмөн үүсэхэд тодорхой нөлөөтэй байна. Умайн хүзүүний хучуур доторх эмгэг үүсэхэд ХПВ16 хэв шинжийн халдвар голлох үүрэг гүйцэтгэж байгаа ба бэлгийн замаар дамжих халдвар, төрөлт, үр хөндөлт зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байна. Умайн хүзүүний хучуур доторх эмгэгийн үед Р16, Р53, β-катенин, CD34 биомаркерууд дангаараа болон ХПВ-тэй хавсран илрэх нь хучуур доторх эмгэгийн хөгжих жамзүйд тодорхой нөлөө үзүүлж; өмөн үүсч буйн дохио болж, эсийн зохицуулгагүй үржил, гажигшил, судасжилт ихсэж байгааг илтгэж байна. Умайн хүзүүний хучуур доторх эмгэг хүндрэх тусам TNF-α буурах, IL-10 цитокин нэмэгдэх зүй тогтолтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0