Үндэслэл:
Манай улсын хүн амын дунд бактерийн шалтгаант өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Бактерийн эсрэг антибиотик эмчилгээ үр дүнгүй болох үндсэн шалтгаан нь тэсвэржилт юм. Манай оронд олон эмэнд тэсвэртэй бактерийн халдварыг илрүүлж, тэсвэржилтийн генийн хэв шинж, молекул механизмыг нарийвчлан судлах, тархалтын чиг хандлагыг тогтоох, голомтын молекул эпидемиологийн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.
Зорилго:
Эмнэлзүйд түгээмэл тохиолддог олон эмэнд тэсвэртэй бактерийн тэсвэржилтийн молекул механизмыг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Судалгаанд Улаанбаатар хотын II, III шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн мэс засал, эрчимт эмчилгээ, төрөх тасгийн 450 ажилтны хамар, шулуун гэдэсний арчдас (n=1350), 120 өвчтөнөөс шархны арчдас (n=360), орчны эд зүйлс, багаж тоног төхөөрөмжийн 245 гадаргуугийн хэсгийн арчдас (n=735), нийт 2445 арчдаснаас бактериологи шинжилгээгээр өсгөвөрлөсөн бактерийн омог хамрагдлаа. Тэжээлт орчинд өсгөвөрлөсөн бактерийн омгийн антибиотикт мэдрэг чанарыг дискнээс нэвчүүлэх болон шингэрүүлгийн аргаар тодорхойлж, ӨҮБЛ ялгаруулж буй эсэхийг хос эмийн синергист үйлдлийг тогтоох аргаар батлав. Тэсвэржилтийн генийн хэв шинж (MecA, VanAlphabet, CTX-M), репликон хэв шинжийг ПГУ-аар тодорхойлж, нуклеотидийн дараалал тогтоох аргаар батлав. Коньюгатив плазмидын тоо хэмжээг S1 нуклеазын аргаар тодорхойлж, хромосомын ДНХ-ийг пульс электрофорезийн шинжилгээ, олон локусын нуклеотидийн дараалал тогтоох шинжилгээгээр харьцууллаа.
Үр дүн:
Судалгаанд хамрагдсан өвчтөний
11.7%, эмнэлгийн ажилтны
15.6%, орчны шинжилгээний
0.4% буюу нийт сорьцны
10.3% (84/815) -д mecA эерэг S. aureus илэрлээ. VanAlphabet ген бүхий энтерококк эмнэлгийн ажилтны
5.3%, нийт шинжилгээний
2.9% (24/815)-д илэрлээ. СТХ-М хэв шинжийн ӨҮБЛ ялгаруулдаг Грам сөрөг савханцар эмнэлгийн ажилтны
9.6%, орчны шинжилгээний
2.0%-д илэрлээ. КНАГ-аас бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний
4.8% (4/84)-д СТХ-М хэв шинжийн ӨҮБЛ ялгаруулдаг Грам сөрөг савханцар илрэв.
КНАГ-т хэвтэн эмчлүүлж байсан нярай, тус эмнэлгийн ажилтан, орчны эд зүйлсээс өсгөвөрлөсөн К. pneumoniae фенотип шинжээр 4, генотип хэв шинжээр 6 бүлэгт багтав. Генотипийн 1-р бүлэгт КНАГ-ын 2010 оны эхний дэгдэлт, 2011 оны дэгдэлт, орчны сорьц болон эмнэлгийн 1 ажилтнаас өсгөвөрлөсөн К. pneumoniae омог багтав. Энэ омог CTX-M-3 хэв шинжийн ӨҮБЛ ялгаруулдаг, L/M репликон хэв шинжийн коньюгатив плазмидтай, 29-р секвенс хэв шинжтэй, пульс электрофорезийн зураглал нь ижил байв. Генотипийн 2-р бүлэгт хамаарах 1 омог нь генотипийн 1-р бүлгийн омгоос секвенс хэв шинжээр ялгаатай байлаа. Генотипийн 3-р бүлэгт хамаарах К. pneumoniae ӨҮБЛ-ийн хэв шинж (CTX-M-9) ба секвенс хэв шинжээр генотипийн 1-р бүлэгт хамаарах бактераас ялгаатай байна.
Нуклеотидийн дарааллыг тодорхойлоход 2001-ээс 2011 онуудад CTX-M-3 хэв шинж тогтмол илэрч, CTX-M-1, CTX-M-9, CTX-M-14, CTX-M-15, CTX-M-37 хэлбэрийн ӨҮБЛ-ын ген харилцан адилгүй илэрлээ. ӨҮБЛ ялгаруулдаг бактер 2-4 ширхэг плазмид агуулж байсны 1 нь коньюгацид орох чадвартай байв. Аминогликозидын тэсвэржилтийн ген ӨҮБЛ-ын гентэй хамт коньюгатив плазмидаар зөөгдөж байлаа.
Дүгнэлт:
1. Судалгаанд хамрагдсан сорьцны
10.3%-д метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus,
9.6%-д өргөтгөсөн үйлдэлтэй β-лактамаз ялгаруулдаг Грам сөрөг савханцар,
2.9%-д ванкомицинд тэсвэртэй энтерококк илэрлээ.
2. КНАГ-ын 2010 оны эхний болон 2011 оны нярайн халдварын дэгдэлтүүд нь СТХ-М-3 хэв шинжийн ӨҮБЛ ялгаруулдаг К. pneumoniae-ийн нэг голомтын халдвар байна.
3. КНАГ-ын 2010 оны хоёр дахь нярайн халдварын дэгдэлт нь СТХ-М-9 хэв шинжийн ӨҮБЛ ялгаруулдаг К. pneumoniae-аар үүсгэгдсэн байгаа нь эдгээр дэгдэлтүүд өөр өөр голомтын халдвар болохыг илтгэж байна.
4. 2001-2011 онуудад гэдэсний бүлийн Грам сөрөг савханцарт ӨҮБЛ-ын СТХ-М-3 хэв шинж тогтмол, СТХ-М-1, 9, 14, 15, 37 хэв шинж харилцан адилгүй илэрч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0