Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эндотель эсийн загварт интерферон гаммагаар өдөөгдсөн азотын ислийн ялгарлыг саатуулах талидомидийн идэвхийг судалсан



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2942
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Интерферон, эндотель эс, талидомид, азотын исэл, шугаман эс

Аннотаци

Талидомид (Thalidomide, N-a-phthalimidoglutarimide) нь дархлааны хямралын шалтгаант зарим эмгэг, хорт хавдар, ялангуяа тархмал миеломын эмчилгээнд өргөн хэрэглэдэг судасжилтын, хавдрын өсөлтийн болон эсийн үржлийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл юм [Breitkreutz I., et al., 2008; Vallet S., et al., 2008].
Судасны эндотель эсийг LPS, цитокин, өсөлтийн хүчин зүйл гэх мэт янз бүрийн хүчин зүйлээр цочрооход хэдэн цагийн дараа iNOS-ийн нийлэгшилтэд шаардлагатай мэдээллийн рибонуклейн хүчил (mRNA) эсэд хуримтлагдаж эхэлдэг [Murata J., et al., 1995; Peng HB., et al., 1998; Walter R., et al., 1994; Webb DJ., et al., 1996]. iNOS-ийн тусламжтай нийлэгшиж байгаа NO нь эндотель эсийн нэвчимтгий чанарыг нэмэгдүүлэн судасжилт, эдийн нөхөн төлжилтөд шаардлагатай өсөлтийн хүчин зүйлс хуримтлагдахыг нөхцөлдүүлнэ [Bereta J. 1997].
Гэвч эндотель эсээс NO ялгарах үйлд талидомид хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь хулганы эндотель эсэд IFN--гаар өдөөгдсөн NO-ийн ялгаралтад талидомидийн үзүүлэх үйлдэлийг судлах энэ судалгааны ажлын үндэслэл болсон юм.
Хэрэглэгдэхүүн ба аргазүй
Хулганы гол судасны эндотелийн END-D шугаман эсийг MEM (Sigma, St. Louis, Mont.) орчинд өсгөвөрлөв. Эсийн өсгөвөр дэхь NO-ийн болон нитритийн агууламжийг Griess-ийн аргаар тодорхойлов. Эсийн амьдрах чадварыг MTT (Promega, Madison, WI, USA) аргаар үйлдвэрлэгчийн дагалдуулсан протоколын дагуу тодорхойлов. Эсийн хөвмөгийг задлагч буфераар задалж, уусаагүй хэсгийг центрифугдан ялгаад, лизатаас нитроцеллюлозын цаасанд иммуноблотын туузан оношлуур бэлтгээд iNOS-ийн, IRF1-ийн, фосфоржуулсан STAT1-ийн болон фосфоржуулсан JAK2-ийн эсрэгбие ашиглан иммуноблот хийв. RNeasy mini kit (Qiagen, USA) ашиглан END-D шугаман эсийн өсгөврөөс нийт РНХ-ийг ялгаж iNOS, GAPDH-ийн өвөрмөц праймер ашиглан бодит цагийн полимеразийн гинжин урвал (RT-PCR) тавив. END-D шугаман эсийн 12 цагийн өсгөврийн хөвмөг дээр интерферон-гамма (IFN-γ)-гийн рецепторийн эсрэгбие, FITC-тэй зүйсэн ямааны anti-rat IgG эсрэгбие дараалан нэмж флоуцитометрийн аргаар (BD FACS Calibur, San Jose, CA, USA) туяаралтын эрчимийн логарифм зэргийг тодорхойлов. Доод тал нь 3 удаа давтан хийсэн туршилтын үзүүлэлтийн дундаж ба түүний стандарт хазайлтыг харьцуулж статитикийн үнэн магадтай ялгааг Стъюдентийн t цэгнүүрээр тооцов.
Үр дүн ба хэлцэмж.
END-D эсийг IFN--гийн 200ng/mL агууламжтай уусмалаар 24, 48 ба 72 цагийн турш өдөөлт хийхэд өсгөврийн шингэн дэхь NO-гийн агууламж ямар нэг бодисоор үйлчлээгүй өсгөврийн шингэн дэхь NO-гийн агууламжтай харьцуулахад 48 ба 72 цагийн дараа статистикийн ач холбогдол бүхий багассан (p=
0.01), 50 ба 100 g/mL-ийн агууламжтай талидомидийн уусмалаар үйлчилсэн үед 24 цагийн дараа өөрчлөгдөөгүй, 48 ба 72 цагийн дараа статистикийн ач холбогдол бүхий багассан (p=
0.005) байна.
END-D эсийн өсгөвөрт 24 цагийн дараа iNOS-ийн мРНХ-ийн ялгаралтыг IFN- хүчтэй өдөөж байхад талидомид саатуулдаг, талидомид нь тунгаас хамааран IFN--гаар өдөөгдсөн IRF1-ийн ялгаралтыг дарангуйлдаг, IFN- ба 100 mg/mL талидомидаар үйлчилсэн эсийн STAT1 молекулын ялгарал 1 цагийн дараа мэдэгдэхүйц саатдаг байна.
Харин талидомид IFN--гаар өдөөгдсөн JAK2-ийн фосфоржих үйлд нөлөөлөхгүй байна.
Талидомидийн NO-гийн идэвхийг саатуулах үйлдэл нь ванадат натрийгаар хориглогддог, өөрөөр хэлбэл талидомид нь фосфатазийн идэвх үзүүлж STAT1 молекулын фосфоржилтыг саатуулж байгаа нь ажиглагдлаа.
END-D эсийн гадаргууд илрэх INFGR-ийн α-гинжний илрэлд талидомид нөлөөлөхгүй байгаагаас харахад талидомидын NO-гийн ялгаралыг дарангуйлах үндсэн механизм нь STAT1-ын фосфоржилтын саатал байна гэж үзэх үндэстэй байв.
Талидомид нь NО-гийн ялгаралыг LPS NF-B-гийн идэвхийг саатуулан MyD88 хамааралт iNOS-ийн идэвхийг дарангуйлах механизмаар [Noman AS., et al., 2009] бус IRF-1-ийн идэвхийг саатуулах механизмаар нөхцөлдүүлж байна.
Дүгнэлт:
1.Талидомид нь IFN-γ-гийн дохио дамжуулах замын STAT1 фосфоржих шатанд үйлчилж, фосфоржилтыг саатуулж байна. Энэ нь фосфоржсон STAT1-ийн тусламжтай интерфероны зохицуулгын хүчин зүйл (IRF-1) идэвхжих, IRF-1-ээр iNOS идэвхжих, iNOS-ийн үйлчлэлээр NO ялгарах үйлийг таслан зогсоож байна.

2.Талидомид нь IFN-γ-гаар өдөөгдсөн NO-гийн ялгаралтыг саатуулахдаа фосфатазын идэвх үзүүлж байна.

3.Талидомид нь IFN-γ-гийн  гинж эсийн гадаргууд ялгарахад нөлөөлөхгүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 294
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :