Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сумын бэлчээрийн газрын төлөвлөлтийг боловсронгуй болгох нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2669
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : малчдын бүлэг, газрын менежмент, нэгж талбар, төлөвлөгөө, тогтвортой хөгжил

Аннотаци

Аливаа улс, үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутаг юм. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар амьдрал ахуйгаа дээшлүүлэх сонирхол нэмэгдэх тутам нийтийн ашиглалттай газрын нөөцийг зохистой ашиглах явдал нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болоод байна.
Даяаршиж байгаа нийгэм, эдийн засгийн системд нүүдлийн мал аж ахуйн уламжлалт технологийг эвдэхгүйгээр түүнд зохицсон эдийн засгийн ашигтай, экологийн аюулгүй, нийгмийн дэвшлийг хангасан нутаг дэвсгэрт тулгуурласан хамтын нийгэмлэгт үндэслэгдсэн бэлчээрийн удирдлагын үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх нь монгол орны цаашдын хөгжилд чухал үүрэгтэй юм. Тиймээс ч бэлчээрийн газар ашиглалтын бодлогын асуудлыг дээрхи үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж улс, аймаг, орон нутгийн хөгжлийн алс хэтийн бодлогыг бэлчээрийн нөөцийн төлөвлөлтөөр дамжуулан бэлчээрийн талаар үр ашигтай цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох нь нэн чухал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүний тулд бэлчээрийн газрыг зөв зохистой төлөвлөх, түүнд тохирсон бэлчээрийн менежмент, удирдлага зохион байгуулалтын бодлого, арга хэмжээг тодорхойлж, экосистемийн менежментийг хангах чиглэлээр бэлчээрийн газрын төлөвлөх шаардлагатай байна.
Шинжлэх ухааны ололт, малчид тэдний өөрийгөө удирдах байгууллагын санаачлагад тулгуурлан бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглүүлэн бэлчээрийн газрын төлөвлөлтийн аргачлал,арга зүйг боловсронгуй болгоход судалгааны ажлын зорилго оршиж байна. Үүний тулд дараах зорилтыг дэвшүүлж байна.
Зорилт:
1. Сумын бэлчээрийн газрын төлөвлөлтөд судалгаа хийж, эерэг ба дутагдалтай талыг тодорхойлох

2. Бэлчээрийн газрын төлөвлөлтөд экосистемийн менежментийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх боломжийг судлах

3. Малчид, тэдний өөрийгөө удирдах байгууллагад тулгуурласан бэлчээрийн газрын төлөвлөлтийн үр дүнг дээрээс доош төлөвлөж байгаа төлөвлөлтийн аргатай харьцуулж дүгнэлт гаргах

4. Бэлчээрийн газрын төлөвлөх аргачлалыг боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлох
ГХГЗЗГ- аас батлагдсан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг баталсан боловч сумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөлгөө уг аргачлалын дагуу хийгдэхгүй байна. Энэ нь бэлчээрийн газрыг зориулалтын дагуу зөв ангилаагүй, түүний хил хязгаарыг тогтоох асуудал тодорхой бус, малчдын бүлэг хэсгээр ашиглуулах эрх зүйн үндэслэл бүрдээгүй,засаг дарга,малчдын байгуулага хоёрын хооронд албан ёсны тодорхой гэрээ хийгдээхгүй байгаа зэрэг шалтгаантай холбоотой байна. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгохын тулд судалгааны ажлын дараах үр дүнг санал болгож байна.
Бэлчээрийн газрыг ашиглалтын зориулалтаар ангилах нь: Бэлчээрийн газрын ашиглалтын байдлаар ангилал тогтоох, түүний хил заагийг тогтоох асуудлыг УИХ, Засгийн газар, Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын албад болон мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага, малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн түвшинд шийдвэрлэх нь бэлчээрийн газрын төлөвлөх, зохион байгуулах нөхцөл бололцоо бүрдэнэ. Иймээс бэлчээрийн газрыг ашиглалтын зориулалтаар нь отрын бүс нутаг ,дамжин өнгөрөх бүс,тосгон, бусад суурины газар орчмын бүс,эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс,бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс (өвөлжөө,хаваржаа, зуслан, намаржааны бэлчээр) гэж ангилж болох юм.
Бэлчээрийн газрын ангилалын хил зааг тогтоох: Газар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд өөрөөр хэлбэл газар ашиглалт, төлөвлөлт, хувиарлалт, зохицуулалтын арга хэмжээг явуулахад тогтсон тодорхой хил заагтай нэгж талбар байх шаардлагатай юм. Ингэхдээ хил зааг нь нарийн хатуу тогтсон кадастрын нэгж талбарын хил зааг шиг тогтоогдохгүй, нутагшлын зарчим дээр суурилсан баримжаалсан хил байх ёстой. Баримжаалсан хил зааг тогтоохгүй бол нүүдлийн мал ахуйн хэв шинж алдагдах сөрөг үр дагавар гарна. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгжсэнээр аймаг, сумын хэмжээний бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсрогдон гарч, улсын хэмжээнд бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалт, нөөц төлөвлөлтийн хэтийн чиг хандлага тогтоогдоно. Тухайн жилд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөг өөрчлөн хэрэгжүүлж болохуйц уян хатан байдлыг хангах асуудал чухал байна.
Бэлчээр ашиглалтыг зураглах: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зургийг хэсгийн түвшинд зураглаж, гар зураг үйлдэж, төлөвлөлтийн үндсэн зурагт төлөвлөгөөг тусгах явдал төлөвлөгөө хэрэгжих үндэслэл болно.Хэсгийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө нь гар зураг, тайлангаас бүрдэнэ. Энэхүү зарчмын дагуу бэлчээрийн менежментийн зарчим тодорхойлогдож, төлөвлөлт хийгдэх ёстой.Төлөвлөлтийн үндсэн зорилго бол төлөвлөлтөд оролцогчдын үйл ажиллагааг нэгтгэх түүний эцсийн үр дүнг хангахад оршино.
Бэлчээр ашиглагдын байгуулага, түүнийг чадавхижуулах: Малчдын өөрийгөө удирдах байгууллагын систем нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ.Үүнд: 1. Байгалийн нөөцийн менежментийг удирдах нэгж буюу хэсэг;
2.Хөдөлмөр, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын нэгж; Энэ нь уламжлалт хот айл, саахалт айл гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж хөдөлмөрөө хорших замаар үйлдвэрлэл явуулж харилцан бие биедээ тусалдаг хэлбэр юм.
3.Эдийн засаг, бизнесийн чиглэлийн нэгж буюу хэсэг. Энэ хэсэг нь малчны бүлэг, хоршоо, нөхөрлөл гэх мэт олон хэлбэрээр үүсэн бий болж байна.
Бэлчээр ашиглалтын анхан шатны нэгж нь тодорхой нутаг дэвсгэр дээр байгуулагдсан бэлчээр ашиглалтын хэсэг (БАХ) юм. БАХ нь малчин, хот айл, малчны бүлэг гэсэн хөдөлмөр-үйлдвэрлэлийн болон бизнесийн зохион байгуулалтын бүтэц нэгжтэй юм.
Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний аргачлал, арга зүйг боловсронгуй болгох: Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний суурь үндэс нь БАХ-ийн бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө,гар зураглал байна гэдгийг албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь нэг талаас тухайн жилийн байгаль цаг уур,мал аж ахуйн байдлыг илүү бодитой тусгаж чадна,нөгөө талаас цаг хугацаа,хөрөнгө санхүүгийн харьцангуй бага зардлаар хийх бололцоотой.
Хугацааны хувьд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жилээр болон дунд хугацааны төлөвлөгөө гэж ялган хуульчлан баталгаажуулах хэрэгтэй байна. Иймээс тухайн жилийн төлөвлөгөөнд зайлшгүй хийх ёстой өмчлөл эзэмшил,ашиглалтын асуудлыг тусгахаас гадна багын иргэдийн хурлаар оруулж баталуулсан БАХ-ийн бэлчээр ашиглах төлөвлөгөөг хамт батлах хэрэгтэй байна. Энэхүү төлөвлөгөөг мэргэжлийн баг хийх нь илүү тохиромжтой. Дунд хугацааны төлөвлөгөөний үндсэн чиглэлд зохицуулан жилийн төллөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж болохоор байна.
Орон нутагт ажиллаж байгаа газрын даамал, байгаль орчны улсын байцаагч, ХАА–н мэргэжилтэнг чадавхижуулах асуудал иргэдийн оролцоотой төлөвлөлтийг хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл мөн. Иймээс газрын даамлыг чадавхижуулахад мэргэжлийн шаталсан болон ахисан түвшиний сургалтад тогтмол хамруулах асуудал юу юунаас чухал байна.
Ингэж сумын бэлчээрийн газрын төлөвлөлтийг боловсронгуй болгох нь бэлчээрийн доройтлыг бууруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндэс суурь нь болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 175
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :