Энэхүү судалгааны ажил нь настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрөөр дамжуулан суралцагчдын мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлж, улмаар ахмад настны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар наслалтыг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн болно.
Анагаахын боловсрол олгодог сургуулиуд Монгол улсын шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөр, эрүүл чийрэг Монгол хүн үндэсний хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээний үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол улсын засгийн газрын 2009 оны 5 сарын 27 ны өдрийн 156 дугаар тогтоолоор батлагдсан Монгол хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги, 2013 оны 12 сарын 14 ны өдрийн 416 дугаар тогтоолоор батлагдсан эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, эрүүл мэндийн сайдын 2012 оны 1 сарын 3 ны 1 дүгээр тушаалаар батлагдсан настны сувилахуйн удирдамж, 2014 оны 491\472 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улам чанаржуулах, үр нөлөө уялдаа холбоог сайжруулах, эмч сувилагч нарын мэдлэг чадварыг байнга дээшлүүлж тэднийг сурч боловсрох боломжоор хангахыг зорин ажиллаж байна.
Одоогоор Монгол улсын хэмжээнд ахмадын чиглэлээр мэргэшсэн сувилагч дутагдалтай, тэр дундаа баруун аймгийн хэмжээнд нийтдээ 14 сувилагч энэ чиглэлээр бэлтгэгдсэн байгаа ба настанд цогц байдлаар тусламж үйлчилгээ үзүүлэх өнөөгийн сувилагч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах нь эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөртэй холбоотой юм.
Настны сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг боловсронгуй болгоход нэн тэргүүнд сургалтын хөтөлбөрийг судалж, нийгэм болон суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага урган гарч байна.
Судалгааны ажлын зорилго
Эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үр дүнд суурилсан настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход оршино.
Судалгааны ажлын зорилт
Энэ зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүллээ. Үүнд:
1.Сургалтын хөтөлбөрийн онол, аргазүй, орчин үеийн үзэл баримтлал, бүтэц агуулгыг судлах.
2.Гадаадын зарим орны настны сувилахуйн мэргэшүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг шинжлэх.
3.Монгол улсад хэрэгжиж буй настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг судлах.
4.Баруун бүсийн настны өвчлөлийг судалж, эрэлт хэрэгцээнд нийцэж, үр дүнд суурилсан, настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хувилбарыг боловсруулах.
5.Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах зэрэг багтана.
Судалгааны ажлын арга
1.Танин мэдэхүйн ерөнхий аргуудаас: Мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, загварчлах, жишиж харьцуулах; боловсрол судлалын аргуудаас контент анализ, ажиглалт, асуулга, баримт задлан шинжлэх, шалтгаан үр дагавар шинжилгээний арга, анагаах ухааны судалгааны аргуудаас; дескриптив судалгааны арга, тохиолдол хяналтын аргуудыг ашигласан болно.
2.Судалгааны үр дүнг SPSS-
22.0 программ ашиглан боловсруулалт хийж, Т тестийн аргаар тоон хувьсуурын дундаж утгын ялгаатай байдлыг; чанарын үзүүлэлтийн ялгааг х2 аргаар тус тус үзэж, Р утга
0.05-аас бага байх тохиолдолд ялгааг статистик үнэн магадтай гэж үзэв. Хамаарлыг тооцож, параметрийн болон параметрийн бус корреляцийн шинжилгээ хийж тооцсон болно.
Судалгааны ажлын шинэлэг тал
Сургалтын хөтөлбөрийн орчин үеийн онол, аргазүйг судлан баруун бүсийн настны эрэлт хэрэгцээнд нийцсэн, үр дүнд суурилсан настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн хувилбарыг настны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын хэв маягийг өөрчлөх, наслалтыг уртасгахтай холбон тодорхойлсонд оршино.
Судалгааны ажлын практик ач холбогдол
1.Үр дүнд суурилсан настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар нь сувилахуйн салбарын сургалтын хөтөлбөрийн аргазүйн хэрэглэгдэхүүн болох боломжтой.
2.Мэргэшүүлэх сургалтын чанарт ахиц гарах боломж нэмэгдэж, мэргэшсэн сувилагч нарыг бэлтгэн гаргаснаар настнуудад зориулсан асаргаа сувилгааны чанар сайжрах, цаашилбал нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын хэв маяг, чанарыг өөрчлөхөд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Дүгнэлт
Энэхүү судалгааны ажлаараа настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, баруун бүсийн ахмад настнуудын өвчлөлийг судалж бид дараах дүгнэлтэд хүрлээ.
1.Орчин үед тухайн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу боловсрол олгох үйл ажиллагааны эцсийн үр дүнг эхэлж тодорхойлж, дараа нь сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг, үр дүнд суурилсан сургалтын аргыг өргөн хэрэглэх хандлага давамгайлж байгаа нь судалгаанаас харагдлаа.
2.Гадаадын зарим орны настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг харьцуулан судалж үзэхэд сургалтын хөтөлбөрийн онол аргазүй, зарчмуудад үндэслэгдэн тухайн улс орны нийгэм, соёлын онцлогтой нягт уялдаатай, эрэлт хэрэгцээнд нийцэн, үр дүнд суурилан боловсруулагддаг байна.
3.Судалгааны үр дүнгээс дүгнэхэд: Монгол улсад хэрэгжиж байгаа настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр нь: Хугацаа богино, цагийн төлөвлөлт бага, сургалтын сэдвүүд өвчлөлд тулгуурласан эмчилгээний шинжтэй асаргаа сувилгаа зонхилж, сургалтын агуулга прагматик бус, академик талтай, сургалтын хугацаа богино, цагийн хэмжээ бага, сэдвийн агуулга хязгаарлагдмал, сургалтын орчин нөхцөл хангалтгүй, настны сэтгэлзүйн сургалт болон маргаантай сорилын хэлбэрүүд дутмаг, төгсөлтийн дараах сургалтын хяналт сул байгаа нь илрэв.
4.Эдгээр сургалтын хөтөлбөрүүд нь сургалтын хугацааны хувьд харьцангуй урт, сэдвийн агуулга өргөн, сэтгэлзүй, судалгаа тал руу давамгайлсан, хүн төвтэй, прагматик агуулгатай цагийн төлөвлөлт их, оюутнуудыг мэргэшүүлэхэд чиглэсэн, сэдвийн агуулга өргөн, сургалтын орчин нөхцөл нь цахим орчин дээр суурилдаг, багаар ажиллах вакум өрөөтэй, сургалтын олон аргыг багтаасан, дадлага практикийг сувилагч дагалдуулж сургадаг онцлогтой байгаа нь судалгаанаас харагдлаа.
5.Бид судалгаандаа баруун бүсийн настны төлөөлөл болох 875 настанг хамруулж, настны өвчлөлийн байдлыг судлахад хараа, сонсгол, даралт ихдэлт, нойргүйдэл, үе мөч өвдөх, зэрэг эрүүл мэндийн байдал нь бэртэж гэмтэх эрсдэлд нөлөөлж , шалтгааныг амьдрах орчин , тэр дундаа замын хальтиргаа гулгаа эзэлж байгаа ба бэртэж гэмтэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодруулбал: тэнцвэр алдалт, сэтгэл зүй, гадны орчны нөлөө, өөрийн болгоомжгүй байдал, зэрэг нь нөлөөлж байна. Баруун аймгуудын судалгаанд хамрагдсан настангуудын кальцийн үзүүлэлтийг нас, хүйс, аймгуудаар нь авч үзэхэд: ихэнх настангууд нь кальцийн дутагдалтай хүйсийн хувьд: эрэгтэй настангуудыг бодвол эмэгтэйчүүд илүү ясны сийрэгжилттэй, насны хувьд нас ахих тусам кальцийн дутагдалд орох нь ихсэж байгаа үр дүн гарсан нь мэргэшсэн сувилагч бэлтгэх настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн нэгэн хувилбарыг боловсруулах эрэлт хэрэгцээ байгааг харуулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0