Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шавьжид эмгэг төрүүлэгч Metarhizium anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2742
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : мөөгөнцөр, хөнөөлт шавьж, биобэлдмэл, ургамал хамгаалах

Аннотаци

Шавьжид эмгэг төрүүлэгч М. anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийг илрүүлэх судалгаа нь Монгол оронд анх удаа хийгдсэн бөгөөд энэхүү судалгаагаар нийт 6 омог илрүүлэн судалснаас М. anisopliae мөөгөнцөртэй морфологи, физиологи генетик шинжээрээ ижил шинж үзүүлж буй, идэвхи өндөртэй МаMn-G09/22 омгийг царцаанаас, МаMn-G09/36 омгийг хөрснөөс тус тус ялган авлаа.
Бидний ялган авсан МаMn-G09/22, МаMn-G09/36 омгуудыг М. anisopliae-ийн рибосомын дотоод хуулбарлалтыг кодолдог ITS генийн хэсгийг илрүүлдэг ITS1F, ITS4R праймеруудыг ашиглан ПГУ-аар шалгахад 440 нуклеотидын хос суурь бүхий өвөрмөц толбо илэрч байгаа нь М. anisopliae мөөгөнцөр мөн болохыг баталж байна.МаMn-G09/22, МаMn-G09/36 нутгийн омгууд нь морфологи, физиологийн үндсэн шинжүүдээрээ олон улсын стандарт омогтой ижил төстэй шар, ногоон өнгө бүхий бөөрөнхий бортого хэлбэртэй, хоорондоо нийлсэн конидын гинжийг үүсгэсэн, хэлбэрзүй, өсгөвөржилт-биологийн шинж нь тогтвортой байлаа. Нутгийн омгийн ургах тохиромжтой температур нь 24-25°С; харин тохиромжтой рН-ийн хувьд
6.0; споржих тохиромжтой субстратын чийг нь 40-50%; ургах температурын доод хязгаар нь 10°С; дээд хязгаар нь 35-37°С байна. Нутгийн омгийг өсгөвөрлөхөд Сабуро агар (хатуу тэжээлт орчин), Чапек (шингэн тэжээлт орчин), улаанбуудайн субстрат зэрэг орчингууд тохиромжтой. Эдгээр тэжээлт орчинд сахароз, цардуул 0,5-0,6 г/л, КNO3 2 г/л байхад хамгийн их биомасс үүсч байна.Дээрх нутгийн омгуудаар царцааг зориуд халдварлуулахад царцааны хөдөлгөөн удаашрах, огцом хөдөлгөөн хийх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаад 3-4 дэх хоногтоо үхэж байна. Үхсэн царцааны эмнэл зүйн шинж тэмдэг нь биеийн кутикул болон хөндлөн судалт булчин, гэдэсний салст бүрхүүл задарч, бүтэц алдагдан сөнөрөлд орж үхэжсэн байх бөгөөд кутикулын доор, мөн булчин хооронд, гэдэсний хэсэгт M.anisopliae-ийн спор их хэмжээгээр ургасан байв.М. anisopliae-ийн МаMn-G09/22 нутгийн омог нь 35°С-ээс дээш температурт ургах, болон халдварлах чадваргүй,
5.0х109 спор/мл нь цагаан хулганад эмгэг төрүүлэх болон хоруу чанаргүй байсан нь бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй болохыг харуулж байна.МаMn-G09/22 нутгийн омгийг лабораторийн нөхцөлд Сибирийн хүрийн хүрэнцэрийн эсрэг туршихад
3.5∙107,
3.5∙108 спор/мл нь 80-100%-ийн биологийн идэвхтэй байлаа. Лабораторийн нөхцөлд МаMN-G09/22 омгийн 2,8-3,5х109 спор/мл нь царцаанд 100%, хязгаарлагдмал хээрийн нөхцөлд 3х107 спор/мл нь 86,6%-ийн биологийн идэвхитэй байсан нь цаашид МаMN-G09/22 омгийг хортон шавьжтай тэмцэх ургамал хамгааллын арга хэмжээнд ашиглаж болох идэвхтэй омог болохыг нь нотолж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 29

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 321
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :