Англи хэлний сурах бичгийн шинжилгээ үнэлгээний арга зүйн хувилбар /”English – 3” сурах бичгийн шинжилгээ үнэлгээний жишээн дээр/ докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол нь оршил, 1,2-р бүлэг, дүгнэлт, зөвлөмж, номзүй, хавсралт гэсэн хэсгээс бүтсэн 146 хуудас бүтээл юм.
Энэ ажлын хүрээнд англи хэлний сурах бичгийн шинжилгээ үнэлгээний оновчтой шалгуур үзүүлэлт боловсруулан уг сурах бичгийг хэрэглэсэн зорилтот нөхцөл байдал, багш, суралцагчдын хэрэгцээ, уг сурах бичгийн хэрэглээ, уг сурах бичгийг судалсан суралцагчдын сурлагын амжилт, сурах бичгийн дасгал даалгаварт шинжилгээ хийж эдгээр шинжилгээний үр дүнг хооронд нь харьцуулж шинжилгээ үнэлгээ хийх арга зүй боловсруулав. Энэхүү зохиолд тайлбарласан англи хэлний сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийх арга зүйг ЕБС-ийн 7-р ангид үзэж буй “English-3” сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийж туршсанаар “Англи хэлний сурах бичгийн шинжилгээ үнэлгээний онол, арга зүйн үндсийг оновчтой тодорхойлж, чанарын шалгуур үзүүлэлтийн хувилбарыг боловсруулан практикт нэвтрүүлбэл сурах бичгийн сул ба давуу талыг илрүүлж цаашид авах арга хэмжээний талаар бүгнэлт гарган англи хэлний сурах бичгийг сайжруулах хөшүүрэг болно” гэсэн судалгааны ажлын таамаглалаа батлав.
Энэ загвар нь тоон мэдээлэлд тулгуурлах үнэлгээний загварыг чанарын үнэлгээний загвартай хослуулсан хэлбэр тул суралцагчдыг англиар харилцах чадварт сургах зорилт бүхий англи хэлний сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийж сурах бичгийн бүтэц зохион байгуулалт, агуулга, арга зүй, зохиомж, багш суралцагчдын хэрэгцээ, сурах бичгийн хэрэглээний талаар дүгнэлт гаргахын зэрэгцээ төрөөс гадаад хэлний сургалтын талаар баримтлах бодлого, гадаад хэлний боловсролын стандарт, агуулга, аргазүй зэргийг судлан сурах бичиг зохиогдсон эрх зүйн орчин, нөхцлийг тодруулж уг сурах бичгээр явагдаж байгаа сургалт англи хэлний сургалтын бодлогод нийцэж гадаад хэлний боловсролын стандартын шаардлагыг хангаж, агуулга, арга зүйг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг тодруулах ач холбогдолтой юм.
Улмаар Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага, Бага, дунд боловсролын гадаад хэлний боловсролын стандартыг мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд тавих хөндлөнгийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн коммуникатив болон прагматик зарчим, суралцагч төвтэй сургалтын аргад үндэслэгдсэн цагц сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийх боломжтой боллоо. Хавсралтад судалгааны хэрэгсэл, суралцагчдын мэдлэг, чадварыг шалгасан тестийн материал, хураангуйг оруулсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0