Нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жил болж буй Монгол орны улс төрийн намын хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг шинжилж үзвэл тэдгээрийн төлөвшилт төдийлөн сайн явагдаж чадаагүй байна гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Олон нийтээс төр, улс төрийн дэглэм, нам, улс төрчдөд итгэх итгэлийн бууралт, иргэд улс төрийн намуудаас хүнийсэх хандлагын өсөлт, төр засаг, улс төрийн хүрээнийхний авлигад автсан, хариуцлагагүй байдал, нийгэмд шударга бус ёс улам бүр газар авч байгаа зэрэг нь Монголын ардчиллын хөгжилд сөрөг үр нөлөөг үзүүлсээр байна. Улс төрчид, улс төрийн хүчнүүд, иргэд сонгогчид ардчилсан ёс жаяг, ардчилсан өрсөлдөөний дэг журмыг хүлээн зөвшөөрч, улс төрийн шударга өрсөлдөөнд ялж ялагдаж сурахад ч бас цаг хугацаа хэрэгтэй байна. Энэ бүхэн Монголд ардчиллын бэхжилт сул байгааг нотолсон хэрэг болсон бөгөөд цаашид улс төрийн хөгжлийн бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагыг төрүүлж байна.
Монгол улс 1990 онд “Улс төрийн намуудын тухай” хуулийг анх баталсан. Дараа нь 2005 онд тус хуулийг шинэчлэн найруулж “Улс төрийн намын тухай” хууль нэртэйгээр УИХ-аас баталснаар улс төрийн намын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд нэлээдгүй өөрчлөлтүүд гарч намын санхүүжилтийн ил тод байдал, тайлагналын зарчмыг олон улсын жишиг рүү ойртуулах боломж тус хуулиар бий болсон гэж үздэг. Гэвч өнөөдөр нийгмийн хөгжлийн аясаар энэхүү хуулийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага урган гарч байна. Учир нь Монголын улс төрийн өрнөл ба өөрчлөлт нь мөнгө улс төр хоёрыг хэт ойртуулж, “мөнгөнөөс хараат улс төр”-ийг бий болгох эрсдэлийг дагуулж байна. Энэ нь улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчин тааруу байгаатай шууд холбоотой. Улс төр, мөнгөний харилцааг маш нарийн зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалт, механизм өнөөдөр Монголд чухал байна.
Ардчилсан тогтолцоо нь хүний сайн чанарт найдахаасаа илүү сайн механизмын давуу талд тулгуурладаг. Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулж буй өнөөгийн эрх зүйн актууд ойлгомжгүй, цоорхой ихтэй, үйлчлэлийн механизмууд нь хоёрдмол утга их агуулсан, тодорхойгүй байдаг зэрэг нь намын төлөвшил, ардчилсан сонгуульд бэрхшээл учруулж буйг иргэд сонгогчид төдийгүй улс төрчид өөрсдөө ч шүүмжлэх боллоо. Иймээс ойрын хугацаанд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудыг өөрчлөх, ингэхдээ намуудын бүтэц, зохион байгуулалт, дотоод ардчилал, сонгуулийн үйл явцад оролцогч субьектуудийн оролцоо, эрх үүрэг, сонгуулийн кампанит ажлын үе шат бүрийн нарийн чимхлүүр ажлууд, нам, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлагын механизм зэргийг нэг бүрчлэн авч үзэж хуулийн нарийн зохицуулалт хийх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Хуулийг өөрчилж шинэчлэх явцад хийгдэх хамгийн тулгамдсан асуудал бол улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал юм. Энэ шаардлагын хүрээнд энэхүү диссертацийн ажлыг бичлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0