Газар бол аливаа улс үндэстний үйлдвэрлэлийн түгээмэл эх үүсвэр, оршин амьдрахуйн үндэс юм. Иймээс газар, түүнд хандсан харилцааны агуулга, ач холбогдол нь үнэмлэхүй цар хүрээ бүхий суурь асуудал болно. Монгол Улсад газар бэлчээр ашиглалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий бодлого хөтөлбөрийн дагуу явуулах байдал нэгдэлжих үйл явц өрнөх 1950-аад он хүртэл эрчимтэй явагдаж чадаагүй байна. Нэгдэлжих үйл явц хэдэн мянган жилээр нүүдэллэн амьдарч салангид тархай, амиа аргацаасан байдлаар уламжлалт аж ахуйгаа хөтлөн амьдарч ирсэн Монголын ард түмнийг хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орны хөдөлмөрчин иргэд болгон хөгжүүлэхэд түүхэн нөлөө үзүүлсэн юм.
Судалгааны зорилго
Энэхүү диссертацийн зорилго нь ХХ зууны Монгол Улсын газрын харилцаа, ялангуяа бэлчээр зохицуулалт, сумд дахь газар зохион байгуулалт, түүнийг дагалдан буй болсон орон нутгийн засаг захиргааны бүтцийн түүхэн өөрчлөлтийг хөгжил хувьсалд нь улируулан судалж, марксист түүх бичлэгийн судлагдахуунд ноёлсоор ирсэн улс төрийн түүх бичлэгийн уламжлалт үнэлэмжийг нийгэм, эдийн засгийн түүх судлалын өнцгөөс харж судлахад чиглэгдсэн болно. Тодруулбал, ХХ зууны дунд үеэс Монгол орны уламжлалт бэлчээр ашиглалтын өвөрмөц байдал хэрхэн өөрчлөгдсөн, нэгдэлжих үйл явцаар дамжин БНМАУ-ын газар бэлчээрийн харилцаанд нөлөөлсөн хүчин зүйл, түүхэн нөхцөлийг зөвөөр үнэлэх, мөн чанарыг илрүүлэх, түүхэн сургамж, үр дүнг тодотгон судлахад чиглэгдсэн болно.
Судалгааны тулгамдсан асуудлууд
Бидний үзэж байгаагаар нэгдэлжих үйл явцын үеийн БНМАУ-ын газар бэлчээрийн харилцааны түүхэнд тодруулан авч үзвэл зохих судалгааны дараах тулгамдсан асуудал оршиж байна. Үүнд:
1.БНМАУ-д өрнөсөн нэгдэлжих үйл явцын үндсэн онцлог нь газар бэлчээрийг бус малыг улсад нийгэмчлэх бодлого баримталж байсанд оршино. Ингэснээр газрын харилцааны асуудлыг орхигдуулаагүй ч нам, төрийн бодлогод газрын харилцааны асуудал ач холбогдлын хувьд байнга хоёрдугаарт эрэмбэлэгдэж байжээ. Гэвч үнэн хэрэгтээ газар бэлчээр ашиглалтаас шалтгаалсан хүндрэл сорилтууд байнга үүсэж, түүнийг шийдвэрлэхээр хийгдсэн эрхзүйн зохицуулалтууд нь малчдын бодит амьдралд хэрхэн нөлөөлсөөр ирсэн талаар өнөөг хүртэл тодорхой судлаагүй байна;
2.Нэгдэлжих үйл явц өргөжсөнөөр ардын хувийн аж ахуйтан, нэгдэл, улс хоршооллын аж ахуйн бүтэц зэрэгцэн орших болж, үүнийг дагалдан Монгол орны газар бэлчээрийн харилцаа хэрхэн өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал үүссэн тухайд анхаарал хандуулах;
3.ЗХУ-ын дэмжлэгтэйгээр түүхэндээ анх удаа газар бэлчээрийг улсын нэгдсэн төлөвлөлтийн бодлогоор, шинжлэх ухааны ололтыг ашиглан зохицуулахад чиглэгдсэн судалгаа, шинжилгээний үр дүнг судлан тодруулах;
4.Орчин үеийн Монголын түүх бичлэгт нэгдэлжих үйл явцын түүхийг дан ганц улс төрийн түүх бичлэгийн хандлагаар судалсаар ирсэн байдлаас зайлсхийн бидний судлан буй асуудалд мал аж ахуйн хөгжлийн суурь асуудал болсон газар бэлчээрийн харилцаа хэрхэн нөлөөлсөн зэрэг эдийн засгийн үндсэн хүчин зүйлстэй холбон судлах байдал бага байсан;
5.1990-ээд оноос хойш уг сэдвээр тусгайлан судалж, суурь судалгааны бүтээл хэвлүүлсэн эрдэмтэн манай улсад байхгүй, энэ чиглэлийн судалгаа орхигдмол байдалтай байна.
Судалгааны онол, арга зүй
Судалгааны олон улсын хандлагын дагуу “Газар ашиглалтын онол”-ыг газрын харилцааны ангилалын хувьд “Газар ашиглалтын эдийн засаг”, “Газрын эрх зүй”, “Газар зохион байгуулалт” гэсэн тулгын гурван чулуу мэт салбар онолд суулган авч үздэг. Иймд судалгааны суурь хүчин зүйлээр сонгон авсан нэгдэлжих үйл явцын түүхийг дээрх гурамсан онолд суулган авч судалсан нөхцөлд л Монгол Улсын ХХ зууны газрын харилцааны түүхэнд үзүүлсэн бодит нөлөөллийг нь гарган тодруулах боломжтой юм. Энэхүү диссертацийн судалгааны хүрээнд контент-анализийн аргачлалаар SPSS /Statistical Packeges for Social Science/ программын тусламжтай шинэлэг дүгнэлт гаргахыг зорьж ажиллав.
Мөн судалгаандаа зурагзүйн аргыг ашиглан “ArсGIS” программаар сэдэвчилсэн зураг зохиож, 1965, 1971 онуудыг судалгааны суурь он болгон авсан болно. Ингэснээр судалгааны суурь онуудын давтамжаар харьцуулалт хийж, газарзүйн судалгааны судлагдахуун болох орон зайн тархалт, байршилт, мөн өсөлт, бууралтын зүй тогтлыг түүхийн шинжлэх ухаанд суулган харуулж, үнэлгээ дүгнэлт гаргахыг хичээсэн болно.
Түүнчлэн нийгмийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгддэг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулах, логик арга, шинжлэх ухааны хийсвэрлэл ба нягтлал зэрэг аргуудыг хэрэглэсэн нь судалгааны ажлын онол, арга зүй, практикийн уялдаа, шинжилгээ, дүгнэлтийн шинжлэх ухааны үндэслэлийг бататгахад чиглэгдсэн болно.
Судалгааны шинжлэх ухаан, практикийн ач холбогдол
“Нэгдэлжих үйл явцын үеийн газрын харилцааны асуудал (1935-1959 он)” сэдэвт эрдмийн зэрэг горилсон ажлын ач холбогдол нь нэгдэлжих үйл явцын үеийн Монгол орны газар бэлчээрийн харилцааны түүхийг нийгэм, эдийн засгийн түүхийн талаас нь шинээр эргэн харж, түүхэн зүйн зарчмаар хөгжил хувьсалд нь улируулан судалж, дүгнэлт өгсөнд оршиж байна. Түүнчлэн, Монгол Улсын газар бэлчээрийн харилцааны бодлогыг оновчтой тодорхойлоход чиглэсэн түүхийн судалгааг зохих түвшинд хүргэх, ХХ зууны нэгдэлжих үйл явц өнөөгийн Монгол Улсын засаг захиргааны хуваарь, орон нутгийн газар зохион байгуулалт, тэр дундаа бэлчээр зохицуулалтын хэв шинж бүрэлдэн тогтоход хэрхэн нөлөөлсөн зэрэг асуудлыг цогц байдлаар тодотгон гаргахыг хичээсэн болно.
Үндсэн дүгнэлт, хүрсэн үр дүн
“Нэгдэлжих үйл явцын үеийн газрын харилцааны асуудал (1935-1959 он)” сэдэвт Түүхийн ухааны доктор (PhD)-ын зэрэг горилсон судалгааныхаа хүрээнд бид дараах дүгнэлтэд хүрлээ. Үүнд:
1.Нэгдэлжих үйл явцын үр дүнд хөдөө аж ахуйн нэгдэл эдийн засаг, аж ахуйн хувьд бэхэжсэн улсын томоохон бүтэц болж, суурин төвүүд олноор бий болж, засаг захиргааны бүтцийг түүнд үндэслэн шинэчлэн тогтоосон байна. БНМАУ-ын газрын харилцаанд бэлчээрээс гадна хадлангийн, тариалангийн, хот суурины, улсын тусгай хэрэгцээний, улсын нөөцийн, ойн, усны эдэлбэр газрын харилцаа бодит утгаараа ангилагдан ашиглагдах үндсийг бүрдүүлжээ. Иймд нэгдэлжих үйл нь ХХ зууны Монгол Улсын газрын харилцааны түүхэн хөгжилд эргэлтийн шинжтэй нөлөөллийг үзүүлжээ.
2.1942 онд Газар эдэлбэрийн хууль анх батлагдах хүртэл БНМАУ-ын газар бэлчээр ашиглалтын хэв шинж нь бодит амьдрал дээр тэр бүр хуулиар зохицуулагддаггүй уламжлалт соёл, сэтгэхүйд суурилсан харилцаа зонхилж байжээ.
3.Нэгдэлжих үйл явцын үр дүнд газар хамгаалал /хөрс, ус, ой гэх мэт/, газрын сангийн удирдлага, газар зохион байгуулалт, газрын нөөцийн бүртгэлийн тогтолцоо буй болох үндэс тавигджээ. Тухайн үед газар бэлчээрийн уламжлалт мэдлэг, өв соёлоо орчин үеийн шинжлэх ухааны ололттой зөвөөр хослуулж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
4.Нэгдэлжих үйл явцын нөлөөллөөр БНМАУ-д “Газрын эрх зүй”, “Газар зохион байгуулалт” орчин үеийн шинжлэх ухааны үндэстэйгээр үүсэн хөгжсөн боловч “Газар ашиглалтын эдийн засаг” үүсэн хөгжих, түүнээс улбаалан газрын үр өгөөжийг хүртэх, нэмэгдүүлэх, эргэлтэд оруулах сэтгэлгээ бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлсэн байж болзошгүй байна. Нэгдэлжих үйл явцын үр дүнд манай улсад суурин болон нүүдлийн газрын харилцааны холимог хэв маяг зэрэгцэн орших болсон ч газрын туйлын буюу мөнгөн үнэлгээ бодитоор буй болж, түүний үр дүнг хөдөө аж ахуйн болон бусад салбарын хоорондын газрын харилцааг зохицуулахад ашиглах явдал хөгжөөгүй нь ХААН төвтэй БНМАУ-ын социалист газрын харилцаа нь харьцангуй үзэл сурталжсан, хатуу төлөв бүхий зохицуулалттай байсныг харуулж байна.
5.Улс хоршооллын байгууллагууд байгуулагдаж, газар бэлчээрийн харилцаа нарийн зохицуулалттай болж ирсэнтэй уялдуулан БНМАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэн зохион байгуулах шаардлага тулгарч, 1950-1960 он хүртэлх 10 жилийн хугацаандаа түүхэндээ хамгийн өргөн хэмжээний шинэчлэл өөрчлөлтийг өрнүүлж, нэгдэлжих үйл явц нь өнөөгийн Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1568 баг бүхий орон нутгийн засаг захиргааны хуваарь бүрэлдэн тогтоход түүхэн нөлөө үзүүлжээ. Үүнд, 1990-ээд он хүртэл оршин тогтносон хөдөө аж ахуйн 255 нэгдэл, 17 нэгдэл дундын үйлдвэр, 9 нэгдэл дундын хоршоолол, 30 сангийн аж ахуйн баялаг бүтээлт, газар ашиглалт, бэлчээр зохицуулалтын бодлого түүхэн үүрэг гүйцэтгэжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0