Монгол улсад зүрх судасны шалтгаант өвчлөл, нас баралтууд сүүлийн жилүүдэд ихэссээр байна. Үүний гол шалтгаан болох атеросклероз нь судасны хананы олон жил даамжирсан архаг үрэвсэлт өвчин бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хавсаргын бүхий л уургууд хүний атеросклерозтой судсанд илэрснээр атеросклерозын эмгэг жамд хавсаргын тогтолцоо оролцдог болох нь тогтоогдсон. Хэдийгээр манай улсад атеросклерозын чиглэлээр олон судалгаанууд хийгдэж байгаа ч атеросклерозын эмгэг жамд хавсаргын уургуудын оролцоог судалсан судалгаа байхгүй байна. Иймээс бид ХБНГУ-ын судалгааны багтай хамтран атеросклерозын эмгэг жамд хавсарга C5a, түүний C5aR1, С5L2 рецепторуудын нөлөөг нарийвчлан судлахаар болсон.
Зорилго: Хавсаргын С5а анафилатоксин, түүний С5aR1, C5L2 рецепторуудын атеросклерозын эмгэг жамд үзүүлэх нөлөөг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: С5а уургийн ийлдэс дэхь хэмжээг атеросклерозтой хүмүүст тодорхойлохдоо нийт 98 хүнээс судалгаанд оруулах, хасах шалгуураар 43 өвчтөнийг сонгон авч, атеросклерозын өөрчлөлтийг илрүүлэв. Судалгаанд оролцогчдын ийлдэс дэхь хавсаргын С5а уургийн хэмжээг ХБНГУ-д үйлдвэрлэсэн eBioscience үйлдвэрийн фермент холбох урвалын оношлуураар үйлдвэрээс гаргасан аргачлалын дагуу шинжлэн тооцоолж, дунджийг эрүүл бүлэгтэй харьцуулан судалсан. Хүний атеросклерозын товруунд С5а анафилатоксины C5aR1, C5L2 рецепторуудыг тодорхойлохдоо эндартериоэктомийн хагалгаагаар авсан атеросклерозын өөрчлөлт бүхий (n=98) судас болон задлан шинжилгээний үед авсан эмгэг өөрчлөлтгүй судсыг (n=9) атеросклерозын товрууны O-VI үе шатуудад ангилан, үе шат тус бүрд C5aR1, С5L2 рецепторуудыг иммуногистохимийн болон ПГУ-ын аргаар илрүүлэн, дүн шинжилгээ хийсэн. С5L2 рецепторын илрэх эсийг иммунофлуоресценцийн давхар будгийн аргаар будаж шинжилсэн. C5aR1, С5L2 рецепторуудын үйл ажиллагааг эдгээр рецепторуудын генийн дутмагшилтай, атеросклерозтой нийт 72 хулгана (24 ApoeКО, 24 С5aRKO/ApoeKO, 24 С5L2KO/ApoeKO) дээр нарийвчлан судалсан. Туршилтын хулганад хооллолтоор атеросклерозыг үүсгэн, өөх тосны үзүүлэлтүүдийг хэмжиж, гистоморфометрээр товрууны хэмжээг тодорхойлон, иммунофлуоресценцийн будгаар эсүүдийг будсан. Статистик боловсруулалтыг MS Excel, GraphPad Prism
6.0 програм хангамжийг ашиглан
Үр дүн: С5а уургийн хэмжээг судалгааны 2 бүлэгт тодорхойлоход атеросклерозын өөрчлөлттэй өвчтөнүүдэд эрүүл бүлэгтэй харьцуулахад статистикийн магадлал бүхий ялгаатай их байлаа (P<
0.0001). C5aR1, С5L2 рецепторууд нь хүний эмгэг өөрчлөлтгүй судсанд тодорхойлогдоогүй боловч товрууны бүх эмгэг үе шатуудад илэрсэн. С5aR1 рецептор нь товрууны эхний үе шатнаас (II үе шат) огцом ихэсч, цаашид товрууны даамжирсан үе шатуудад ихээр тодорхойлогдсон. Харин C5L2 рецептор нь аажим ихэсч сүүлийн үе шатуудад мөн ихээр тодорхойлогдож байсан. C5L2 рецептор нь ихэвчлэн макрофаг эс, цөөн тооны нейтрофил болон эндотель эсүүдэд илэрч байв. Исэлдсэн БНЛП-ээр будагдсан исэлдсэн өөх тос залгисан эсүүд C5aR1, С5L2 рецепторуудыг зэрэг агуулсан байсан. ApoeКО хулганы судасны атеросклерозын товрууны хэмжээг С5аR1KO/ApoeKO, С5L2KO/ApoeKO хулганатай харьцуулахад ихээр тодорхойлогдож байсан.
Дүгнэлт: С5а уургийн ийлдэс дэхь хэмжээ судасны атеросклерозын өөрчлөлт бүхий өвчтөнүүдэд эрүүл бүлэгтэй харьцуулахад өндөр тодорхойдогдсон, хүний судасны атеросклерозын товрууны бүх эмгэг үе шатуудад С5аR1, С5L2 рецепторууд нь ихээр илэрч байсан, ApoeКО хулганы судасны атеросклерозын товрууны хэмжээ С5аR1KO/ApoeKO, С5L2KO/ApoeKO хулганатай харьцуулахад ApoeКО хулганы судсанд ихээр тодорхойлогдож байсан үр дүнгүүдээс харахад хавсаргын С5a уураг, түүний С5аR1, С5L2 рецепторууд атеросклерозын эмгэг жамд чухал нөлөөтэйгээр оролцдог болохыг баталж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0