Дэлхий дээр чонын өргөс (Carduus)–ийн төрөлд хамаарагдах 95 зүйл ургамал бүртгэгдсэнээс манай оронд зөвхөн 2 зүйл чонын өргөс (C.crispus L, C.nutans L.) ургадаг. Уламжлалт анагаах ухаанд энэхүү ургамлыг олон өвчний үед хэрэглэж ирсэн мэдээ байдаг ба Хятад, Монгол, Орос, Солонгос улсын судлаачид өвдөлт намдаах, хоруу чанаргүй, цөс ялгаруулах ажиллагааг сайжруулах, хавдрын эсрэг болон антиоксидант идэвхтэй болохыг судлажээ. Харин цустай шээх, умайнаас цус алдах үед цус тогтоох, судасны хатуурал зэрэг өвчний үед хэрэглэж ирсэн хэдий ч туршилт судалгаагаар нотлосон баримт бараг байдаггүй тул энэхүү судалгааг хийх болов.
Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн Сагсай чонын өргөс (C.crispus L.) ургамлын фитохими ба биологийн идэвхийн зарим судалгааг хийхэд энэхүү ажлын гол зорилго оршино. Дэвшүүлэн тавьж буй энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажилласан. Үүнд:
ургамлын фитохимийн гүнзгийрүүлсэн судалгааг хийж, агуулагдаж буй биологийн идэвхит зарим голлох бодисын агууламжийг тодорхойлох,
биологийн идэвхит бага молекулт нэгдлүүдийг химийн цэвэр төлөв байдлаар ялгах, тэдгээрийн молекулын бүтэц байгууламжийг тогтоох,
ургамлын бактерийн эсрэг идэвхийг судлах,
туршилтын амьтны цусны бүлэгнэлтэнд үзүүлэх үйлдлийг судлах,
цусан дахь холестеролын хэмжээг бууруулах үйлдлийг судлах зэрэг болно.
Бид ургамлын фитохимийн судалгааг МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийн Биохими-биоорганик химийн тэнхим, Хими, Хими Инженерчлэлийн Сургуулийн Органик химийн тэнхимийн лабораториуд, биологийн идэвхит нэгдлүүдийг ялгах, цэвэрлэх, бодисын бүтцийн тайллыг ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторит, Ургамлаас ялгасан биологийн идэвхит нэгдлүүдийн бүтэц байгуулалтыг тодорхойлох ПСР, 13С DEPT, HSQC, COSY, HMBC спектрийг бичүүлэх болон ургамлын цус бүлэгнүүлэх –, холестерол бууруулах үйлдлийн судалгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот дахь Өвөр Монголын Их сургуулийн Өндөр молекулт хими ба Монгол эм судлах институтын лабораторит тус тус хийж гүйцэтгэв.
Судалгааны дээжинд зориулж сагсай чонын өргөс (Carduus crispus L.) ургамлын газрын дээд хэсэг ба үндсийг 2007-2010 онуудад Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Эрдэнэ Сант сумын нутгуудаас түүж, ургамлын түүхий эд бэлтгэх журмын дагуу хуурай, сэрүүн газар хатааж бэлтгэсэн.
1Н ЦСР, 13С ЦСР (цөмийн соронзон резонанс)–ын спектрийг Bruker UltraShield Plus 500, хайлах температурыг ХБНГУ-ын Stuart SMP10 багажийн тусламжтайгаар хэмжилтүүдийг хийсэн. Туршилтын амьтны цусан дахь нийт холестерол, триглицерид, их ба бага нягтралтай липопротеидын агууламжийг Pronto evolution TQ2 biochemistry analyser багажийн тусламжтайгаар тус тус тодорхойлов.
Энэхүү нэг сэдэвт бүтээл нь оршил үндэслэл, хэвлэлийн тойм, судалгааны материал арга зүй, судалгааны ажлын үр дүн бүхий үндсэн 3 бүлэг, дүгнэлт, 34 хүснэгт, 32 зураг, 2 бүдүүвч, 118 ишлэсэн материалын жагсаалт, үүнээс 45 англи, 38 орос, 2 хятад, 33 монгол хэл дээр ашигласан, 11 хавсралт, талархал бүхий нийт 143 хуудастай.
Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний 9 өгүүлэл бичиж хэвлүүлснээс “Mongolian Journal of Biological Sciences”, “Journal of Medicine & Pharmacy of Chinese Minorities” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2, олон улсын эрдэм шинжилгээний хурлын бүтээлд 3, ХХТХ, МУИС, ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтэээлүүдэд 3 өгүүлэл хэвлүүлж нийтийн хүртээл болгов.
Судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар “The 3rd International Conference on Chemical Investigation & Utilization of Natural Resources”, “The 4th International Symposium on Traditional Medicine and Innovative Drugs” олон улсын хурал болон МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургууль, Хими, Хими Инженерчлэлийн Сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны их семинаруудад тус тус хэлэлцэгдсэн болно.
Фитохимийн судалгаа
Фитохимийн судалгаагаар Сагсай чонын өргөсийн газрын дээд хэсэг, цэцэг, үндсэнд хандлагдах бодис13,11-36,03%, үнс 13%, нийлбэр флавоноид 0,28-0,52%, алкалоид 0,85-1,63%, кумарин 0,29-0,33%, сапонин 0,94-1,21%, аргаах бодис 0,17-0,69%, маш бага хэмжээний эфирийн тос тус тус агуулагддаг болохыг тодорхойлов.
Ургамлын газрын дээд хэсэгт агуулагдах флавоноид, алкалоид, сапонин, аргаах бодис зэрэг биологийн идэвхит нэгдлүүдийн агууламжийг цэцэг, үндсэнд агуулагдах хэмжээтэй харьцуулахад харьцангуй их агуулагдаж байгаа нь ургамлын газрын дээд хэсэг нь биологийн үйлдэл өндөртэй болохыг илтгэн харуулж байна. Иймд сагсай чонын өргөс ургамлын газрын дээд хэсгийг уламжлалт эмнэлэгт олон төрлийн өвчний үед хэрэглэж ирсэн нь түүнд агуулагдах биологийн идэвхит бодисын агууламжтай шууд холбоотой болохыг харуулж байна.
Сагсай чонын өргөс (C.crispus L.)–ийн фитохимийн гүнзгийрүүлсэн судалгааг хийж, биологийн идэвхит 5 нэгдэл (изохинолины алкалоид –2, флавоноид –2, кумарин –1) –ийг цэврээр ялган авч, химийн арга болон орчин үеийн ПСР, 13С-ЦСР, DEPT-135, COSY, HSQC, HMBC зэрэг нэг ба хоёр хэмжээст спектрийн аргуудын тусламжтайгаар молекулын бүтцийг тодорхойлон, криспин А, криспин А-ийн N-оксид, кверцетин, рутин, умбеллиферон болохыг таньж тодорхойлов. Эдгээр биологийн идэвхит нэгдлээс 1 (криспин А-ийн N оксид) нь байгалийн шинэ нэгдэл, 2 (кверцетин, рутин) нь тухайн зүйл ургамлаас анх удаа ялгасан болно.
Биологийн идэвхийн судалгаа
1. Бактерийн эсрэг идэвх тодорхойлсон судалгааны дүн
Ургамлын бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар Staphylococcus aureus, Bacillus subtilis, Escherichia coli, Saccharomyces cervisiae, Aspergillus niger–ийг дарангуйлах идэвхийг ампициллинтай харьцуулан судлах туршилтыг 3 удаагийн давталттайгаар хийж гүйцэтгэв. Ургамлын бактерийн эсрэг идэвхийг туршсан судалгааны дүнгээс харахад ургамлын ханднууд Staphylococcus aureus, Saccharomyces cervisiae, Aspergillus niger бактерийн эсрэг идэвх үзүүлсэнгүй. Харин ургамлын газрын дээд хэсэг ба үндэсний метанол, хлороформ, этилацетатын ханд Bacillus subtilis, Escherichia coli бактерийн өсөлтийг дарангуйлсан 7-9мм диаметртэй бүс үүсгэсэн буюу бактерийн эсрэг (+) идэвхтэй болохыг туршлагаар батлалаа.
2. Цус бүлэгнэлтэнд үзүүлэх үйлдлийг судалсан дүн
Сагсай чонын өргөсийн газрын дээд хэсгийн усан ба спиртэн хандны цус бүлэгнэлтэнд үзүүлэх үйлдлийг судлах туршилтыг in vivo орчинд хялгасан гуурсан аргаар хийж гүйцэтгэв. Туршилтанд Куммин удмын 30 цагаан хулгана авч биеийн жингээр ойролцоо байхаар гурван бүлэг болгон хуваарилав. Бүлэг тус бүрт тэнцүү тооны эр, эм хулганыг хуваарилав.
Туршилтын амьтны цус бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг гуурсан аргаар туршсан туршилтын үр дүнгээс харахад ургамлын ханд өгөөгүй хяналтын I бүлэг хулганы цус дунджаар 80,5+6,06 секундийн хугацаанд бүлэгнэж байхад ургамлын спиртэн ба усан ханд өгсөн II ба III бүлэгт гуурсан дотор 38,7+9,84; 39,6+7,47 секундийн хугацаанд цус бүлэгнэж, хяналтын бүлэгтэй харьцуулахад цус бүлэгнэх хугацаа 2 дахин богиноссон үзүүлэлт гарчээ. Мөн хавтгай шилэн дээр (гадна цус бүлэгнэх) харьцуулан туршсан туршилтаас харахад хяналтын I бүлэг хулганад 58,0+6,36 секундийн хугацаанд цус бүлэгнэж байхад II ба III бүлэг хулганы цус 28,6+8,28; 31,1+9,34 секундийн хугацаанд цус бүлэгнэсэн байна.
Туршилтаар сагсай чонын өргөс ургамлын спиртэн ба усан ханд нь цус бүлэгнүүлэх хугацааг хяналтын бүлэгтэй харьцуулахад 1,8–2,1 дахин богиносгож, цусны бүлэгнэлтийн тогтолцоо эрчимжин, цус бүлэгнэх механизмын гол үзүүлэлт болох фибрин үүсэх хугацаа хурдасдаг болох нь илрэв. Ийнхүү уламжлалт анагаах ухаанд цус алдахад хэрэглэж ирсэн энэхүү ургамал нь цус бүлэгнүүлэх үйлдэл сайтай болох нь туршилтаар батлагдлаа. Энэхүү судалгааны дүнгээс үндэслэн сагсай чонын өргөс ургамлаас цус бүлэгнүүлэх үйлдэл бүхий шинэ эм бэлдмэл гарган авах боломжтой гэж үзэх үндэслэлтэй.
3. Цусан дахь холестеролын хэмжээнд нөлөөсөн туршилтын дүн
Туршилтанд 40 эр хархыг сонгон авч, бүлэг тус бүрийн жин ойролцоо байхаар 4 бүлэг болгон хуваарилав. I – хяналтын бүлэг хархыг зөвхөн хэвийн тэжээлээр тэжээв. Туршилтын амьтанд атеросклерозын эмгэг загвар үүсгэхийн тулд II – харьцуулах бүлэг харханд гахайн өөх, холестерол агуулсан тостой тэжээл өгөв. Судалгааны ургамлын эмчилгээний үйлдлийг тодорхойлох зорилгоор III – IV бүлэг харханд мөн холестерол агуулсан тостой тэжээл өгөхийн зэрэгцээ III бүлэгт холестерол бууруулах эм – симвастатин, IV бүлэгт ургамлын ханд (этанол–ус 7:3)–аас уулгаж байв. 14 дэх өдрийн үдээс хойш тэжээлийг хураан зөвхөн ус уулган, 15 дахь өдөр туршилтын амьтдын баруун цавьны артерийн судсыг таслан цусыг юүлж аван, цусны сийвэн дэх нийт холестерол (НХ), триглицерид (ТГ), их нягтралтай липопротеин (ИНЛП), бага нягтралтай липопротеин (БНЛП)–ын агууламжийг хэмжсэн хэмжилтийн үр дүнг статистик (one-way analysis of variance ANOVA) аргаар боловсруулан тооцоолов.
Симвастатин нь 3-гидрокси-3-метилглутарил-КоА редуктаза ферментийн идэвхийг саатуулан НХ-ын агууламжийг 31,1%, ТГ 21,2%, БНЛП 48,7%-иар тус тус бууруулж, ИНЛП-ын агууламжийг 18,3%-иар ихэсгэх үйлдэл үзүүлэв. Харин сагсай чонын өргөс ургамлын ханд нь ИНЛП-ын агууламжинд тодорхой нөлөө үзүүлээгүй боловч НХ-ын агууламжийг 12,6%, ТГ 4%, БНЛП 15,8%-иар тус тус бууруулсан нь атеросклерозын эмгэг жамыг саатуулах үйлдэлтэй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Ийнхүү сагсай чонын өргөс ургамал нь судасны хатууралтаас урьдчилан сэргийлэх, атеросклерозын эмгэг жамыг саатуулах биологийн үйлдэлтэй болохыг туршилтаар анх удаа илрүүллээ.
Дүгнэлт
1. Сагсай чонын өргөс (C.crispus L.) ургамлын газрын дээд хэсгээс биологийн идэвхит 5 нэгдлийг химийн цэвэр байдлаар ялгаж, тэдгээрийг криспин А, рутин, кверцетин, умбеллиферон болохыг таньж тодорхойлов. Масс -, ПСР, ЦСР–ын 13С, DEPT спектрийн ба химийн аргыг үндэслэн байгалийн шинэ алкалоидыг криспин А-ийн N оксид (8,9-диметокси-1,2,3,5,6,10b-гексагидро-пиррол-изохинолин N-оксид) гэсэн бүтэцтэй болохыг батлав.
2. Ургамлын спиртэн ханд нь туршилтын амьтны цусны сийвэн дэх нийт холестерол, триглицерид, бага нягтралтай липопротеидын агууламжийг 12,6%, 4,0%, 15,8%-иар тус тус бууруулдаг болохыг туршилтаар анх удаа илрүүллээ.
3. Ургамлын газрын дээд хэсэг ба үндэсний метанол, хлороформ, этилацетатын ханд нь Bacillus subtilis, Escherichia coli бактерийн эсрэг идэвхтэй болохыг туршилтаар тогтоов.
4. Ургамлын спиртэн ба усан ханд нь цус бүлэгнэх хугацааг 1,8–2,1 дахин богиносгож, цус тогтоох үйлдэл үзүүлж байгааг тодорхойлов.
5. Биологийн идэвхит бодис болох флавоноид 0,28-0,52%, алкалоид 0,85-1,63%, кумарин 0,29-0,36%, сапонин 0,93-1,21%, аргаах бодис 0,17-0,69% тус тус агуулагдаж буй нь уг ургамлыг эмийн түүхий эд болох боломжтойг тогтоов.
6. Фитохими ба биологийн идэвхийн судалгааны дүнд Сагсай чонын өргөс (C.crispus L.) ургамлаас цус тогтоох, судасны хатууралтаас урьдчилан сэргийлэх, атеросклерозын эмгэг жамыг саатуулах үйлдэл бүхий эмийн бэлдмэл гарган авч, эмчилгээнд хэрэглэх шинжлэх ухааны үндэслэлийг бий болгов.