Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоох арга зүйн зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2664
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Шалгуур үзүүлэлт, чанарын стандарт, дээд боловсрол, их, дээд сургууль, сургалтын чанар

Аннотаци

Монгол улсын дээд боловсрол нь Оросын дээд боловсролын онолын гүнзгий мэдлэг, Америкийн дээд боловсролын сургалтын процессын ардчилал, Герман, Японы дээд боловсролын байгууллагын профессоруудын тэргүүлэх үүрэг зэрэг тэргүүний арга туршлагыг өөрийн орны нөхцөл байдалд оновчтой хослуулан хэрэглэх бодлогыг боловсруулж дэс дараатай хэрэгжүүлж иржээ.
2009 онд БСШУЯ-аас “Дээд боловсролын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны логфрэйм”-ийг боловсруулан гаргаж, чанарын үнэлгээг бодитой болгох зорилгоор чанарын шалгуур үзүүлэлт, стандарт тогтоох, сургуулиудын үйл ажиллагааны чанарт үнэлгээ өгч, рейтинг тогтоох, үнэлгээний дүнг нийтэд хүргэх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна. Ийнхүү олон шинэ санаа, ухагдахуун, хөгжлийн хандлагуудын үр дүнд дээд боловсролын чанарт зарчмын өөрчлөлтүүд гарч, энэ нь улмаар цаашдын хөгжилд нь зайлшгүй нөлөөлж байгаа билээ. Иймээс Монголын боловсролын шинэчлэлд дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоох асуудал зайлшгүй тавигдаж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр рейтингийн асуудлыг ихэд сонирхох болсон ба 1983 онд АНУ-ын “U.S.News world report” сэтгүүл анх удаа “Америкийн шилдэг коллеж”-ийн рейтингийг тогтоожээ. Үүнийг их, дээд сургуулийн рейтинг тогтоосон анхны алхам байсан гэж хэлж болно.
Сэдвийн үндэслэл. Зах зээлийн ардчилсан нийгмийн нөхцөлд манай улсад дээд боловсрол олгох сургалтын байгууллагын тоо олшрох болсон өнөө үед боловсролын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болж, улмаар боловсролын чанарыг хадгалж, баталгаажуулахад байгууллагын өөрийн болон хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, байгууллагын рейтинг тогтоох асуудал чухлаар тавигдах болсон. Үүнтэй холбогдон их, дээд сургуулийн чанарын үнэлгээнд нөлөөлөх шалгуур үзүүлэлтүүдийг зөв тооцон тогтоож, рейтинг тогтоох явц, цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь энэхүү судалгаагаар дэвшигдэн гарч байна. Иймээс рейтинг тогтоох асуудлыг шийдвэрлэж чадваас сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар сайжрах, өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд их, дээд сургуулиудын дотроос хамгийн өндөр амжилтанд хүрсэн шилдгийн шилдгийг тодруулж, бусад сургуулиудыг тэр хэмжээнд хүргэхийн тулд ямар ажлууд хийх шаардлагатайг тогтоохоор энэ сэдвийг сонгон авч судаллаа.
Олон улсын хэмжээнд сургалтын байгууллагуудыг цогц шалгуур үзүүлэлтүүдээр жагсаах зарчимд үндэслэсэн боловсролын чанарыг үнэлэх систем сүүлийн 10-15 жилд бий болж хөгжсөөр байна. Тийнхүү жагсаасны үр дүн нь их, дээд сургуулиудын рейтинг юм.
Их, дээд сургуулиуд өнөөдөр аль ч орны эдийн засгийн хөгжлийн нэн чухал нөөц болж байна. Улс болгон их, дээд сур¬гуулиараа бахархахыг хүсдэг нь мэдээж. Гэвч рейтинг бий болсон туршлагаас харахад дэлхийн 17000 гаруй их сургуулиас багцаалбал 500-г нь л тэргүүлэх их сургуульд хамааруулж байна.
Олон улсын хэмжээнд “US News”, Шанхай”, “Испанийн Вебометрикс”, “Бри¬танийн QS”, “Times” рейтингүүд байна. Их, дээд сургуулийн рейтинг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг гарган, жил бүр шилдэг их сургуулийг тодруулах ажлыг 2003 оноос эхлэн тогтмол хэрэгжүүлж эхэлсэн. Жил бүр АНУ-ын “U.S.News world Report”, Оросын Боловсролын Яам, Польшийн “Перспективы” сэтгүүл, Германы дээд боловсролын хөгжлийн төв “Stern” сэтгүүлтэй хамтран, Их Британий “Business Week”, “Financial Times” сэтгүүл, Японы “Recrut” компани зэрэг байгууллагууд дэлхийн шилдэг их, дээд сургууль, коллежуудын рейтинг тогтоох үйл ажиллагаанд оролцож, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ зарлан түгээж олны хүртээл болгож байна.
Дэлхий нийтийн хэмжээнд их, дээд сургуулийн рейтингийг сургалтын чанар, багш нарын мэргэжил чадварын байдал, эрдэм шинжилгээ, судалгааны ажил түүний үр дүн, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, олон улсын харилцаа, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй их сургуулиудаас урилгаар ирж ажиллаж буй багш, оюутны тоон харьцаа зэрэг чиглэлээр тогтоодог. Мөн дэлхийн улс орнууд тухайлбал, АНУ, Их Британи, Канад, Хятад, Герман, Япон, Польш, ОХУ өөрийн орны их, дээд сургууль, коллежуудын рейтинг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, үндэсний шилдэг сургуулиудаа шалгаруулдаг.
Цаашид дэлхийн улс орнуудын шилдэг их, дээд сургуулиудын нийтлэг жишигт хүрэхийн тулд дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоох, түүнийг дээшлүүлэх арга зүйг зайлшгүй судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзэж энэхүү судалгааг хийв.
Судалгааны зорилго. Монголын дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоож буй /ШУТИС-ийн жишээн дээр/ өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, рейтинг тогтоох оновчтой арга зүйг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны зорилт. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үүнд:
1. Гадаад, дотоодын их, дээд сургуулиудын рейтинг тогтоох арга зүйг судлах,

2. Гадаадын их, дээд сургууль, коллежийн рейтинг тогтоодог аргачлалыг харьцуулан судалж, семиотикийн шинжилгээ хийх,

3. Профессорын баг, профессор, дэд профессор, ахлах багш, багш, туслах багшийн үйл ажиллагааны рейтинг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах,

4. Профессорын баг, профессор, дэд профессор, ахлах багш, багш, туслах багшийн рейтинг тогтоох загвар боловсруулж, нэвтрүүлэх,

5. Рейтинг тогтоох үнэлгээний арга зүйг боловсруулж, туршилт хийх, рейтинг тогтоох ажлын явц, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, зөвлөмж гаргах.
Судлах зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоох онол, арга зүй, аргачлал
Судалгааны арга. Диссертацийн ажлын зорилгыг шийдвэрлэхэд түүвэр судалгааны арга, империк судалгааны арга, харьцуулсан судалгаа, индукц, дедукц, загварчлал, задлан шинжлэх, эрэмбэлэх, итгэлцүүрийн болон регрессийн шинжилгээ, математик боловсруулалтын аргыг тус тус хэрэглэсэн болно.
Судалгааны ажлын шинэлэг тал. Гадаад, дотоодын их, дээд сургуулийн рейтинг тогтоох аргачлалыг харьцуулан иж бүрнээр судалж, рейтинг тогтоох аргачлалыг боловсруулсан нь энэ ажлын шинэлэг тал болно.
Онол, практикийн ач холбогдол. Монголын их, дээд сургуулийн профессорын баг, профессор, дэд профессор, ахлах багш, багш, туслах багшийн үйл ажиллагааны рейтинг тогтоох шалгуур үзүүлэлтүүд, загварыг боловсруулсан нь аль ч их, дээд сургуулийн шинэчлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой болсонд онол, практикийн ач холбогдол оршино. Нөгөөтэйгүүр энэ судалгаа нь дараа дараагийн судлаач нарт гарын авлага болох боломжтой.
Судалгааны ажлын бүтэц, хэмжээ. Судалгааны ажил нь удиртгал, 2 бүлэг, 7 зүйл, I, II бүлгийн дүгнэлт, ерөнхий дүгнэлт, зөвлөмж, ном зүй, хавсралт, хураангуй хэсгүүдээс бүрдсэн, нийт 156 хуудастай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 387
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :