Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын настнуудын өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2670
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Геронтологи, Гериатр, Настан, Сэтгэл гутрал, Танин мэдэхүйн чадварын бууралт

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл
XXI зуун бол хүн амын дунд настны тоо давамгайлах болж байгаа зуун юм. XX зуунд энэ асуудал хөгжингүй орнуудын анхаарлыг татаж байсан бол өнөөдөр буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ч тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2002 онд Мадрид хотноо хуралдсан Насжилтын асуудлаарх дэлхийн II чуулганд НҮБ-ын ХАС-ийн гүйцэтгэх захирал Тораяа Овайд илтгэлдээ “Өнөөгийн байдлаар дэлхийн настан хүн ам хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Дэлхийн нийт хүн амын арван хүний нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн байгаа бол энэ тоо 2050 он гэхэд таван хүн тутмын нэг болох тооцоо гарч байна. Бид өнөөдөр амьдарч буй настнуудын хэрэгцээ шаардлагыг мэдэх төдийгүй маргаашийн настнуудын хэрэгцээг мэдэрч төлөвлөн ажиллах ёстой” гэж онцолсон нь XXI зууны хүн амын гол асуудлын дүр зургийг тодорхойлон харуулж байна. Монгол настны өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдлыг үнэлэн тодорхойлсноор өнөөгийн настанд тохиолдож буй тулгамдсан асуудлуудыг тогтоох төдийгүй ирээдүйн настны өмнө тулгарах эрүүл мэндийн хэрэгцээг урьдчилан тооцож, бодлого боловсруулах нь зөвхөн эрүүл мэндийн төдийгүй нийгэм, эдийн засгийн чухал зорилт болж байна. Манай орны хувьд настан хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн тархалтыг сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн байдалтай уялдуулан авч үзэн судалсан судалгаа хараахан хийгдээгүй, бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд шаардагдаж байгаа шинжлэх ухааны нотолгоо, баримт хомс байгаа юм. Тийм ч учраас энэхүү судалгааг амьдралын шаардлагаас урган гарч байгаа, нийгмийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Судалгааны ажлын зорилго, зорилт
Монгол улсын настны дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдлыг судалж настны эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах бодлогын санал зөвлөмж боловсруулахад судалгааны зорилго,зорилт чиглэж байгаа болно.Тавьсанзорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Үүнд:
1.Настны хувьд зонхилон тохиолдож байгаа эмгэгийн тархалтыг судлах

2.Настны сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийг үнэлэх

3.Настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тогтоох

4.Настны эрүүл мэнд, амьдралын чанар, тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн бодлогын санал зөвлөмж боловсруулах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй
Олон улсад настны бие, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдлыг үнэлэхэд хэрэглэдэг олон аргуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр арга аргачлалыг боловсруулан судалгааг явуулсан. Судалгааг 2007 оны суурин хүн амын жилийн тайлангийн дүнгээс тооцоолон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэйчүүдийг хамрагдах хүрээнд тооцон явуулсан. Судалгааг 2008-2009 онд Улаанбаатар хот, эдийн засаг газар зүйн 4 бүсээс санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 6 кластерт явуулж 1207 настанг оролцуулсан. Бид судалгааны нэг агшингийн загварыг сонгон 30 параметр, 388 үзүүлэлт бүхий картаар судалгааны ажлыг явуулсан. Судалгааны баг судалгааны картын дагуу тухайн бүс нутагт ажиллаж настан бүртэй ганцаарчилсан ярилцлага, биеийн байдалд үзлэг хийн, сэтгэл судлалын сорилууд мөн цусны биохимийн, шээсний, захын судсанд сахар тодорхойлох шинжилгээнүүдийг хийсэн. Настанд илэрсэн өвчний оношийг тавихдаа Өвчний Олон Улсын 10 дугаар ангилалыг ашиглан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн бодит үзлэгийн аргууд, сэтгэл судлалын арга болох сэтгэцийг үнэлэх хураангуй сорил (ММЕТ), сэтгэл түгшилтийг илрүүлэх Спилбергер Ханины сорил, Настны сэтгэл гутралыг илрүүлэх сорил (GDS), мөн настны өдөр тутмын үйл ажиллагааны чадварыг тодорхойлох (АDL), настны өдөр тутмын багаж хэрэгсэлтэй ажиллах чадварыг тодорхойлох (IADL) сорил, настны хоол тэжээлийн байдлыг үнэлэх настны хоол тэжээлийн хураангуй үнэлгээ (MNA), архины хэрэглээг тодорхойлох Audit арга, настны нийгмийн хэрэгцээг тодорхойлох асуумжаар судалгааг явуулсан. Судалгааны мэдээ, мэдээлэлийг оруулах, шалгах, үр дүнг боловсруулахдаа SPSS-
17.0 программ ашиглан үр дүнд дескриптив ба статистикийн нарийвчилсан шинжилгээ хийв. Хувьсууруудын тархалтыг хэвийн эсэхэд үндэслэн эмгэгийн тархалт, нийгэм сэтгэцийн үзүүлэлтийн хоорондын ялгааг тооцохдоо хувиар илэрхийлсэн хувьсууруудад Пирсоны хи квадратын арга болох F тест, дундажийн ялгааг тооцоход Т тест аргуудыг тус тус ашиглан тооцов. Ялгааг Р утга
0.05-аас бага тохиолдолд стастикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай гэж дүгнэв.
Судалгааны үр дүн
Монгол настнуудын өвчлөлийг эрхтэн тогтолцоогоор нь авч үзэхэд зүрх судасны өвчин 81 хувийг, шээс бэлгийн эмгэг 61 хувь, нүд ба түүний дайврын өвчин 56 хувь, яс булчингийн ба холбох эдийн өвчин
53.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. Нэг хүн дунджаар 3-4 төрлийн өвчинтэй байна. Судалгаанд хамрагдсан настнуудын 158 (
13.1 хувь) нь сэтгэл гутралд орох эрсдэлтэй, 88 (
7.3 хувь) нь сэтгэл гутралын бага зэрэг, 70 (
5.8 хувь) нь сэтгэл гутралын дунд зэрэг 41 (
3.4 хувь) нь сэтгэл гутралын хүнд зэргийн өөрчлөлттэй байлаа. Настны сэтгэл гутрал бие даах болон бүтээлч үйл ажиллагааны чадварын үнэлгээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа. (P<
0.001) Настнуудын
93.7 хувь нь эрсдэл багатай архины хэрэглээтэй,
5.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч , 1.1 хувийг архины хамааралтай настнууд эзэлж байна. Судалгаанд хамрагдсан 1207 (100 хувь) настнуудын 58 (
4.8 хувь) нь хоол тэжээлийн дуталтай, 316 (
26.2 хувь) нь хоол тэжээлийн дуталд орох эрсдэлтэй, 833 (69 хувь) нь хэвийн буюу хоол тэжээлийн дуталгүй байна. Настны хоол тэжээлийн дутал, сэтгэл гутрал, танин мэдэхүйн чадварын бууралт нь настны орлого, боловсролын байдалтай шууд хамааралтай байна. (P<
0.001, r=
0.2) Судалгаанд хамрагдсан настнуудын 1158 (
95.9 хувь) нь өндөр настны тэтгэвэр, 32 (
2.7 хувь) халамжийн тэтгэвэр, 6 (
0.5 хувь) нь нөхцөлт мөнгөн тэтгэмж авдаг, 11 (
0.9 хувь) нь бусад орлоготой байна. Настнууд орлогоо
37.7 хувь нь хоол хүнсэндээ,
13.2 хувь нь эмэнд, 26 хувь нь ахуйн хэрэгцээнд зарцуулж байна. Настнуудын өнөөгийн хэрэгцээг эрүүл мэндийн чиглэлийн, орлого санхүүгийн, бусад хэрэгцээ гэж бүлэглэн авч үзвэл 37 хувь нь эрүүл мэндийн хэрэгцээ, 33 хувь нь орлого санхүүгийн хэрэгцээ, үлдсэн 37 хувийг бусад хэрэгцээ эзэлж байлаа. Настнуудын
47.3 хувь (571) охиноороо,
18.1 хувь (219) эхнэр болон нөхөр, 19,5 хувь (235) хүүгээрээ асруулахыг хүсдэг байна. Судалгаанд хамрагдсан настнуудын
0.2 хувь (2) нь улсын асрамжинд байх хүсэлтэй байна.
Дүгнэлт
1.Судалгаанд хамрагдсан настны
14.4 хувь нь бие бялдарын хувьд эрүүл,
85.6 хувь нь ямар нэг эмгэгтэй байна. Монгол настны өвчлөл, тархалт нь өндөр, архаг, ужиг шинжтэй, олон өвчин (дунджаар 3-4 өвчин) хавсарсан онцлогтой байна.

2.Монгол настны танин мэдэхүйн чадварын бууралт харилцан адилгүй байна. Нийт настны
60.3 хувь танин мэдэхүйн чадвар хэвийн, настнуудын
23.6 хувь нь танин мэдэхүйн чадварын бага зэргийн бууралттай,
13.9 хувьд дунд зэргийн бууралт эзэлж байхад хүнд зэргийн бууралт
2.2 хувийг эзэлж байна. Монгол настанд сэтгэц зан төрхийн эмгэгүүдээс тамхины шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутрах эмгэг хамгийн их тархалттай буюу тамхины шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг 21, сэтгэл түгшилт
18.8, сэтгэл гутрал
16.4 хувийг тус бүр эзэлж байна.

3.Монгол настны
87.4 хувь нь өдөр тутмын бие даах чадвараа алдаагүй байна. Өдөр тутмын бие даах чадваруудаас усанд орох чадвараа алдсан нь хамгийн өндөр буюу
18.2 хувьтай байна. Настны өдөр тутмын багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын алдагдал дунджаар
29.9 хувь, утсаар ярих чадвар
33.5 хувь, гэрийн ажил хийх чадвар
32.2 хувь, хувцсаа угаах чадвар
32.2 хувиар алдагдсан нь хамгийн өндөр хувийг эзэлж байна.

4.Монгол настны
95.9 хувьд өндөр насны тэтгэвэр нь үндсэн орлого болж байна. Тэд сард дунджаар 80-90 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Орлогын дийлэнх нь хоол хүнс, байр сууцны төлбөрт зарцуулагддагаас эрүүл аюулгүй амьдрах хэрэгцээгээ хангах боломжгүй байна. Монгол настны 31 хувь нь хоол тэжээлийн дуталд орох эрсдэлтэй ба дуталтай байна. Нас ахих тусам хоол тэжээлийн дутал нь нэмэгдэж байна

5.Настанд шаардагдаж байгаа гол хэрэгцээ нь эрүүл мэндийн хэрэгцээ түүнийг дагаад орлогоо нэмэгдүүлэх явдал чухал болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 396
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :