B. bassiana мөөгөнцрийн нутгийн омгийг ашиглан өөрийн орны нөхцөлд тохирсон ургамал хамгаалах биологийн бэлдмэлийн шинэ төрлийг бий болгосноор импортын бүтээгдэхүүнийг орлох, эх орны бүтээгдэхүүнтэй болох боломжтой. Гадаадын бусад орноос ургамал хамгаалах биобэлдмэлийг оруулж ирэхэд гаалийн татвар, замын зардлаас хамааран үнэтэй байдгаас гадна биологийн бэлдмэлийн хадгалагдсан хугацаа, нөхцөл зэргээс шалтгаалан идэвх нь буурсан байдаг.
Химийн хор нь шавьжтай тэмцэх зардлын хувьд хямд байдаг хэдий ч:
1. Сонгомол үйлчилгээгүй, бүх төрлийн шавьжид хүчтэй нөлөөлж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж сукцессэд оруулдаг.
2. Хөрс ургамалд хуримтлагдан хорт бодис үүсгэдэг.
3. Бүх амьд организмд хортой нөлөө үзүүлдэг тул хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг илүү зардал гардаг.
4. Хүн, амьтанд өвчин үүсгэх эх үүсвэр болох дам нөлөөтэй зэрэг байгаль экологи, эдийн засаг болон нийгмийн хувьд маш сөрөг үр дагавартай.
Харин хортон шавьжтай микробиологийн аргаар тэмцсэнээр ургамлын аймгийг хамгаалаад зогсохгүй, тодорхой төрлийн шавьжид сонгомол байдлаар үйлчилдэг.
1. Экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаггүй.
2. Хүн, амьтанд аюул багатай тул тусгайлан нүүлгэн шилжүүлэлт, хорио тогтоох шаардлагагүй.
3. Хөрс, ургамалд хортой нэгдэл үүсгэдэггүй бөгөөд хөрсний микрофлорт эерэг нөлөөтэй.
4. Өөрийн орны нөхцөлд үйлдвэрлэх тул үнэ харьцангуй хямд байхаас гадна удаан хадгалалт, тээвэрлэлт шаардагдахгүй тул идэвх буурах нь бага байх ба ургамал хамгаалах зардалд хэмнэлттэй.
5. Бэлчээр, хадлангийн ургац, ойг хамгаалсанаар цөлжилтийг сааруулах зэрэг эдийн засаг, нийгмийн онцгой ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал нь бэлчээр, ой, тариаланд хөнөөл учруулагч шавьжид өвчин үүсгэгч B. bassiana мөөгөнцрийн Bb-G07, Bb-G10 гэсэн нутгийн омгийг анх илрүүлж, уг зүйл мөөгөнцөр мөн болохыг молекул биологийн аргаар баталгаажуулан, тэдгээрийн морфологи, биологийн онцлог, биологийн идэвх, хоруу чанар, эмгэг төрүүлэх шинж, үйлчилгээний идэвхийг Монгол орны нөхцөлд анхлан судалж тогтоосонд оршиж байна.
Судалгааны ажлын үр дүнгээр нутгийн омгуудыг ашиглан цаашид биобэлдмэл үйлдвэрлэх ажлын эхлэлийг тавьж байгаа бөгөөд ургамлын хортон шавьжтай тэмцэх шинэ арга технологийг нэвтрүүлэх онолын үндэслэл болох, цаашид химийн гаралтай хорын хэрэглээг багасгахад түлхэц болно гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0