Монголын нууц товчооны судлалд уг дурсгалт бичгийг уран зохиолын үүднээс судалж, аман зохиолтой холбогдох асуудлыг аман зохиолын ийм тийм хэсгүүд байна гэж дурдах төдийгөөр хязгаарлаж байснаас бус чухам аман зохиолын уламжлал, түүний нөлөө хэрхэн туссан болохыг эмх цэгцтэй судалсан нь үгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл МНТ дахь аман зохиолын бүтвэр элементүүдийг бүртгэхээс нэг их хэтрээгүй байна. МНТ дахь аман зохиолын зүйлийг бус, харин энэ зохиолыг анх бичиж туурвихад аман уламжлалын ямар төрөл зүйлс ямар ямар үүрэг зориулалтаар орсон болохыг тодруулж өгсөнд энэ судалгааны ажлын шинэлэг тал оршино. Аман уламжлалын бүхэл бүтэн тогтолцоо уг дурсгалт бичигт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг асуудлыг анх удаа тодруулахад чиглэгдэж байгаагаараа онцлог юм.