Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар бүрдүүлэх үйл явцад Улсын Их хурал,Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хийсэн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3680
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : төр, засаглал, эрх, үүрэг, ерөнхий сайд, улсын их хурал, үндсэн хууль, дүн шинжилгээ

Аннотаци

1992 онд Үндсэн хуулийг шинэчлэн баталсанаар Монгол Улсын улс төрийн тогтолцоо, түүний бүрдэл институцуудын эрх зохицуулалт, үйл ажиллагааны чиг үүргээс үүдэлтэй харилцааг судлах, дүн шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгч байх практик хэрэгцээ тогтмол урган гарч байдаг билээ.
Төрийн байгуулалт, засаглалын сонголт, түүний онцлогтой уялдан бий болж байгаа улс төрийн аливаа үйл явц, харилцаа нь улс төр, төрийн удирдлага, төр эрх зүйн судалгаанд олон талаар судлагдахуун болсоор байна. Парламентын засаглалтай улсын хувьд Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц бүхэлдээ онолын хувьд ижил, тухайн орны улс төрийн практикт зарим талаар ялгаатай механизм үйлчлэх нь бий. Үүнээс үүдэн Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцад төрийн тэргүүн (ерөнхийлөгч эсвэл хаан), парламент харилцан адилгүй байдлаар оролцох практик ажиглагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн хэлэлцүүлэг 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш болон 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улмаас тасралтгүй үргэлжилж байна. Энэ асуудлын дагуу улс төрийн тогтвортой байдлыг хангах, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдлийг нэмж сайжруулах асуудлыг тухайлан хэлэлцэх болсон.
Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үйл явцад Ерөнхийлөгч, УИХ-аас хэрэгжүүлж байгаа эрх мэдэлд дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайдын эрх мэдэлд Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцын эрх зохицуулалтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх, практик хэрэглээг онол арга зүйн түвшинд харьцуулах явдал юм. Үүнтэй уялдуулан судалгааны дараах зорилтуудыг хэрэгжүүллээ.
•Монгол Улсын засаглалын хэлбэрийн онцлог, давуу болон сул тал, улс төрийн практик үйл явцтай уялдуулан Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар бүрдүүлэх үйл явцад Ерөнхийлөгч, УИХ-ын хэрэгжүүлж байгаа эрх мэдэлд дүн шинжилгээ хийж, онолын түвшинд шалгаж судалгааны санал, дүгнэлт дэвшүүлэх,
•Засаглалын хэлбэр, тэдгээрийн давуу болон сул талыг онол, арга зүйн түвшинд судлах,
•Монгол Улсын засаглалын хэлбэртэй холбогдох баримт бичиг, судалгааны үр дүн, судлагдсан байдал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал, судалгааны зөвлөмж, шинэ хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх,
•Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үйл явцад Ерөнхийлөгч болон УИХ эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлж байгаад дүн шинжилгээ хийж, онол арга зүйн хүрээнд санал, дүгнэлт дэвшүүлэх,
•Монгол Улсын Ерөнхий сайдын Засгийн газраа бүрдүүлэх эрх мэдэлд дүн шинжилгээ хийж санал, дүгнэлт дэвшүүлэх.
Түүнчлэн судалгааны ажлын үзэл баримтлалын хүрээг Удирдлагын академийн докторын судалгааны ажлын дизайн боловсруулж, мөрдлөг болгох арга зүйн дагуу боловсрууллаа. Ийнхүү нэгдүгээрт, Хууль тогтоох эрх мэдэл болон гүйцэтгэх эрх мэдлийн хүрээг Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар бүрдүүлэх үйл явцаар төлөөлүүлэн дүн шинжилгээ хийхдээ (Локк, Монтескье) нарын эрх мэдэл хуваарилах онолыг судалгааны ажлын үзэл баримтлалын хүрээ болгон сонгож авсан болно. Хоёрдугаарт, Жон Стюарт Миллийн маш төсөөтэй системийн ялгааг тодорхойлох онолыг улс төр судлалын хандлагаар Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц парламентын засаглалтай бусад улсаас ялгаатай эсэхэд дүн шинжилгээ хийх судалгааны арга зүйг давхар ашигласан.
Судалгааны үр дүнг дараах байдлаар тоймлон хүргэж байна. УИХ-ын гишүүн нэгэн зэрэг Засгийн газрын гишүүн байж болох зохицуулалт нээлттэй байгаа нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл бие биендээ ууссан (Монтескьегийн хяналт тэнцвэрийн зарчим алдагдсан), хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд эрх мэдлийн давхардал бий болсон байна. Гагцхүү эрх мэдлийн энэхүү давхардал нь парламентын засаглалтай улсуудад нийтлэг байдаг жишиг хэдий ч Засгийн газрын гишүүн нэгэн зэрэг парламентын гишүүн байж болох квот тогтоох хэлбэрээр зохицуулагдаж байна.
Парламентын засаглалтай улсуудад Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилж, парламент баталдаг, Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, парламент баталдаг, Парламентаас шууд томилдог гэсэн гурван үндсэн загвар нэвтэрчээ. Энэ гурван загварын алийг нь сонгож, улс төрийн практикт хэрэглэж байгаагаас Ерөнхийлөгч-Ерөнхий сайд, парламент–Ерөнхий сайдын харилцаа, түүнтэй уялдан тухайн улс төрийн институцуудын эрх мэдлийн хүрээ харилцан адилгүй болдог. Ерөнхий сайдаар томилох хүнийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, парламент хэлэлцэн баталдаг загвар нь Ерөнхий сайдад парламентаас хяналт тавих эрх мэдлийг нэмэгдүүлдэг. Энэ загварыг сонгосон улсад Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс хамаарал багатай боловч тодорхой түвшинд парламентаас хараат байх улс төрийн нөхцөл байдал бий болдог байна.
Монгол Улсад Ерөнхийлөгчөөс Засгийн газрын бүрэлдэхүүнтэй танилцаж, санал өгөх эрхтэй болгосон байдал (2000 оноос хойш) нь хэлбэр төдий Ерөнхий сайдын сонголтыг хүлээж авах улс төрийн харилцааг бий болгосон.
Монгол Улсын хувьд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг парламентаар нэг бүрчлэн хэлэлцэж томилж байгаа нь Засгийн газарт УИХ-аас хяналт тавих эрх үүргийг нэмэгдүүлсэн байна. Гэтэл ихэнх парламентын засаглалтай улсад Засгийн газрыг Ерөнхий сайд өөрөө бие даан бүрдүүлдэг кабинетийн зарчим үйлчилж байна. Энэхүү байдал нь Монгол Улсыг парламентын засаглалтай бусад улсаас ялгах онцлог болж байна.
Ийнхүү УИХ Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж батлах эрх мэдэл хэрэгжүүлж байгаа (Үндсэн Хуулийн
39.3) нь горилогчийн дэвшүүлсэн “Монгол Улсын Их Хурал улс төрийн үйл явцад давамгайлах шинжтэй оролцдог нь сонгодог парламентын засаглалтай улсаас түүний ялгарах онцлог болж байна” гэсэн эхний таамаглалыг баталж байгаа болно.
Түүнчлэн Ерөнхий сайдаар томилуулах хүнийг УИХ-аар хэлэлцэж томилох, улмаар шаардлагатай нөхцөлд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх хэлбэрээр хуульчилсан нь Ерөнхий сайдыг хэлэлцэж томилох үйл явцад УИХ тодорхойлох буюу шийдвэрлэх үүрэгтэй оролцох нөхцөл болсон байна. Түүнчлэн баримт бичгийн судалгааны үр дүнд горилогчийн дэвшүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үйл явцад УИХ тодорхойлох эрх мэдэл хэрэгжүүлж байна” гэсэн таамаглал батлагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгож, томилох эрх зүйн харилцааг зохицуулахдаа сонгуулийн үр дүнд олонх болсон улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдаар томилох хүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, улмаар Ерөнхийлөгч тухайн нэр дэвшүүлсэн хүний нэрийг УИХ-д өргөн барих буюу Ерөнхийлөгч хэлбэр төдий оролцох хэлбэрээр зохицуулсан байх бөгөөд энэ нь цаашид Ерөнхий сайдын эрх мэдэлд Ерөнхийлөгч нөлөөлж чадахгүй байх суурь зохицуулалт болсон байна. Ийнхүү баримт бичгийн судалгааны үр дүнд горилогчийн дэвшүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үйл явцад Ерөнхийлөгч хэлбэр төдий эрх мэдэл хэрэгжүүлдэг” гэсэн таамаглал батлагдаж байна.
“Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх явцад УИХ-аас эрх зүйн зохицуулалтаар хамаарал үүсгэсэн байдал нь түүний улс төрийн эрх мэдлийг хязгаарлаж байна” гэж судалгаанд хамрагдсан экспертүүдийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь үзсэн болно. 2016 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үйл ажиллагааны хүрээнд улс төрчид, судлаачид дээрх зарчмын саналтай ижил байр суурь илэрхийлжээ.
Баримт бичгийн судалгааны хүрээнд тэмдэглэсэнтэй нэгэн адил “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх эрх мэдэл сонгодог парламентын засаглалтай (ХБНГУ, Япон) улсын Ерөнхий сайдтай харьцуулахад хязгаарлагдмал байна” гэсэн таамаглал батлагдаж байна.
Судалгааны ажлыг хийх явцад харснаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох зохицуулалт нь парламентын засаглалтай Монгол Улсад улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс зүйтэй юм гэсэн байр суурь судлаачид болоод олон нийтийн дунд бий болж, улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгал болоод байна. Гагцхүү Засгийн газрын гишүүд бүгд биш зөвхөн Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн сайд нар нэгэн зэрэг УИХ-ын гишүүн байх хэлбэрээр зохицуулалт хийх нь улс төрийн үйл явц, практикт ач холбогдолтой гэж горилогч үзэж байна. Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн байхыг хязгаарлах нь нэг талаар төрийн институцуудын хяналт-тэнцлийг хангах давуу тал бий болгоод зогсохгүй нөгөө талаар Засгийн газар нь УИХ-аас дэмжлэг авах, улс төрийн намын дарга нь Засгийн газрын тэргүүн (Ерөнхий сайд) байх давуу тал бий болдог байдал ХБНГУ, Япон улстай харьцуулсан байдлаар нотлогдож байна.
Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд дэвшүүлсэн үзэл санааг горилогч Монгол Улсад засаглалын үйл явцыг төгөлдөршүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах зохистой хувилбар гэж үзэн, улс төрийн практикт нэвтрүүлэхийг санал болгож байна.
Горилогч УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх дараах саналууд парламентын засаглалыг төгөлдөршүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд улс төрийн практикт нэвтрүүлэхийг мөн адил санал болгож байна. Үүнд:
Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох. Ерөнхий сайд, УИХ-ын дунд хуваагдсан Засгийн газрын гишүүдийг томилох эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэх. УИХ-ын томилгооны эрх мэдлийг хязгаарлах. Ингэснээр Ерөнхий сайдаас өөрийн кабинетыг бие даан бүрдүүлэх, бодлого, үйл ажиллагаагаа саадгүй хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнгээр нь хариуцлага хүлээх бодит нөхцөл бүрэлдэнэ. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах; Ингэснээр нэг талаар Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах, нөгөө талаар эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг хангах нөхцөл бүрдэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 367
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :