Өнөө үед эрүүл мэндийн салбарт мэдээлэл харилцаа холбооны технологи хурдацтай нэвтрэхийн хирээр алслагдсан орон нутагт оношилгоо, эмчилгээний тусламжийг зайнаас хүргэх явдал өргөн ашиглагдах болсон. Манай улсын хэмжээнд 40 орчим эмгэг судлаач эмч ажилладаг бөгөөд хөдөө орон нутагт зарим мэргэжлээр мэргэшсэн эмчийн хүрэлцээ дутагдалтайн улмаас амьд сорьцын оношилгоо тавих, шаардлагатай тохиолдлуудын материалыг биет байдлаар төвд илгээснээс чирэгдэл хүлээгдэлд хүргэн цаг хугацаа алдах явдал оношилгоо эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байв. Орон нутагт эмгэг судлал болон эмнэлзүйн бусад чиглэлээр төвөөс оношилгоо эмчилгээний зөвлөгөөгөөр зайнаас хангаж ажиллах МонТелНэт системийг Швейцарийн ЗГ-ын тусламжаар 2008 оноос манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж эхэлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд Эмгэг судлалын зайн оношилгооны (Tele-Pathology), Зайн сургалтын (Tele-Teaching), Эмнэлзүйн зайн оношилгооны (Tele-Hospital) иж бүрдэл стандарт тоног төхөөрөмж; мөн зайн оношилгоо, зөвлөгөө, сургалтыг явуулах цогц бүрдэл бүхий CampusMedicus® програм хангамжийг тус тус хөгжүүлэн бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын гурав дахь шатлалын төвүүдэд суурилуулж Монголын зайн анагаах ухааны (Telemedicine) сүлжээг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү манай улсын эрүүл мэндийн салбарт шинэ тутам нэвтэрч байгаа зайн анагаах ухааны оношилгооны технологийн практик ач холбогдол, чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл болсон юм.
Зорилго: Манай улсын эмгэг судлал болон эмнэлзүйн салбарт нэвтэрсэн МонТелНэт системийн зайн оношилгооны чанар, үр дүн, эмнэлзүйн ач холбогдлыг тодорхойлоход оршино.
Материал ба арга зүй: Судалгаанд 2009 – 2013 оны 6 сарын хооронд МонТелНэт системээр зайнаас оношилгоо хийгдсэн эмгэг судлалын 2381 тохиолдол, түүний цахим материал, үүнээс Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгуудаас зайн оношилгоонд хамрагдсан эмгэг судлалын шинжилгээний 212 тохиолдлын эх материалыг санамсаргүй түүврийн аргаар тус тус авч ашиглав. Мөн зайн оношилгоо хийгдсэн эмнэлзүйн бусад тохиолдлуудын (n=30433) холбогдох мэдээллүүдийг CampusMedicus® програмаас хөрвүүлэн авч статистик боловсруулалтыг STATA®
12.0 програмаар хийж гүйцэтгэв.
Үр дүн: Зайн оношилгоонд хамрагдсан байдлыг авч үзэхэд үндсэн 6 мэргэжлийн чиглэлээр 21 аймгийн нэгдсэн эмнэлгээс 128 эмч мэргэжилтэн, Улаанбаатар хотын 3 дахь шатлалын төвүүд (Эмгэг судлалын төв, АШУҮИС, ХСҮТ, ЭХЭМҮТ, УХТЭ, УНТЭ), 6 дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдээс нийт 48 эмч; олон улсаас зөвлөх эмч нарын багт 7 орны 14 эмч мэргэжилтэн тус тус хамрагдан оролцсон. Зайн оношилгоонд нийт 32’814 тохиолдол хамрагдсанаас эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн (НҮБ ХАС) зайн оношилгооны 1’170; Нярайн түнхний дутуу хөгжлийг урьдчилан сэргийлэх үзлэгийн (ЭХЭМҮТ) 28’000; Хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн (MMСС) 1’263; Эмгэг судлалын чиглэлийн нийт 2’381 тохиолдлууд тус тус хамрагдав. Эмгэг судлалын тохиолдлын
48.3% нь дотоодод,
51.7% нь олон улсын хэмжээнд хэлэлцүүлж оношлогдсоноос
47.0% нь эх барих эмэгтэйчүүдийн,
34.5% нь хавдрын оношилгооны чиглэлээр тус тус явагджээ.
Судалгааны үр дүнгээс үзэхэд нийт тохиолдлын
89.9%–д (n=188) нь эмгэг судлалын зайн оношилгоо (ЭСЗО) –ны үр дүн нь эх материалд түшиглэсэн уламжлалт оношилгооны дүнтэй дүйж байв. Харин 12 тохиолдол (
5.7%) нь оношилгооны хөнгөн (minor) хэлбэрийн буюу өвчний ангиллаар нэг төрөлд багтаж зөвхөн үе шат нь зөрсөн; 5 тохиолдолд (
2.4%) дунд (moderate) хэлбэрийн эмгэг судлалын оношийн зөрөө ажиглагдсан нь эмнэлзүйн хувьд эмчилгээний шийдвэрт нөлөөлөхүйц байв. Харин 4 тохиолдолд (1.9%) уламжлалт оношилгоо ба ЭСЗО -ны хооронд оношийн их зөрөө (marked discrepancy) буюу уг эмгэгтэй эмнэлзүй морфологийн хувьд өөр ангилал хэлбэрийн өвчин болох нь тогтоогдлоо. Оношийн дунд ба их зөрөөтэй нийт 9 (
4.3%) тохиолдлуудад дүн шинжилгээ хийж үзэхэд үүний
55.5% буюу 5 тохиолдолд зөвлөгөө өгөгч эмчийн зүгээс илгээсэн материалыг онош тавихад тохиромжгүй буюу уг эмгэгтэй холбоогүй мэдээлэл илгээсэн хэмээн үзсэн бол үлдсэн 4 тохиолдлын хоёрт нь авсан зургийн гэрэл өнгөний тохиргоо алдагдсан, 1 тохиолдолд бэлдмэл дутуу илгээгдсэн, мөн 1 тохиолдолд амьд сорьцын шинжилгээг дахин авах шаардлагатайг зөвлөсөн байна.
МонТелНэт системийн эмгэг судлалын зайн оношилгооны үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийсэн дүнг авч үзэхэд
57.5% нь “маш сайн”
41.8% нь “сайн” гэсэн үнэлгээг өгсөн байна. Мөн хэлэлцэгдсэн эмгэг судлалын нийт 548 тохиолдлын
96.28% буюу 527 тохиолдолд ямар нэг хэмжээгээр төвөөс зөвлөх эмчийн зөвлөгөөг зайнаас авч чадсан бөгөөд
36.5% нь эхний 1 хоногт буюу 24 цагийн дотор зайнаас оношилгоо хийгдэж байсан бол
65.6% нь 48 цагийн хугацаанд харин 72 цаг дотор нийт тохиолдлын
75.8 хувь нь зайнаас оношлогдсон байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0