Байгаль-цаг уурын хүчин зүйлс хөрсний үүсэл хөгжлийн мөн чанараас шалтгаалан хөрс, ургамлын найрлага дахь эрдэс бодис, уураг, витамин, нүүрс-усны нийлэгшилтийг түргэсгэн зохицуулагч үүрэг гүйцэтгэгч зарим микроэлементийн илүүдэл, дутагдал, тэдгээрийн хоорондын шүтэлцээ (тэнцвэрт харьцаа) алдагдах явдал хөрсний үржил шимийг бууруулж ургамлын ургацыг багасгаж бие организмын эсэргүүцлийг доройтуулан, хүн, амьтны эндемик (орогнол) өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймд байгаль-цаг уурын хүчин зүйлүүдийн харьцаан дээр үндэслэж манай орны биогеохимийн бүсчлэлийг шинээр тогтоох шаардлага гарсан бөгөөд биогеохимийн бүсчлэлийн хөрс-ургамал-амьтан-хүн гэсэн хэлхээнд ургамал, амьтныг микроэлементээр хангах үндсэн эх булаг нь хөрс байдаг. Үүнтэй холбогдуулан манай орны эрчимжсэн ХАА-н үндсэн бүсийн нэг Орхон-Сэлэнгийн сав нутгийн хөрсний зарим микроэлементийн (Co, Cu, Mo, Mn, Zn) тархалтын зүй тогтлыг илрүүлэн тэдгээртэй шүтэлцээ бүхий микроэлементийн хоорондын тэнцвэрт харьцааг тогтоож газар тариаланд ургамлын өсөлт хөгжилт, шим тэжээлт чанар, ургацанд нөлөө бүхий микробордооны тун, нормыг боловсруулан үйлдвэрлэлд туршин нэвтрүүлж үр дүнг шинэ бүтээлээр баталгаажуулсан юм.
Шинэлэг тал: Орхон-Сэлэнгийн сав нутгийн гол төрлийн хөрсөн дэх микроэлементийн тархалтын зүй тогтлыг илрүүлж, тэдгээрийн илүүдэл, дутагдлыг байгаль-цаг уур, экологи нөхцөл болон эрдэс бодисын хоорондын шүтэлцээтэй холбон судалж, тэжээлийн таримал ургамлыг бордох микробордооны төрөл, тунг тогтоосонд оршино. Үр дүн: Орхон-Сэлэнгийн сав нутгийн гол төрлийн хөрсний 50 гаруй хувийг хар хүрэн, хүрэн, 40-өөд хувийг ойн ба нугын, 10 орчим хувийг хар шороон хөрс эзэлж байна. Хөрсний өнгө шингэрэх (цайрах) тутам хөрсөн дэх кобальт, зэсийн хэлбэлзэл ихсэж, хар шороон, хар хүрэн хөрсөнд марганец, цайрын хэлбэлзэл багасаж харин хүрэн хөрсөнд нэмэгдэх хандлагатай байна. Энэ зүй тогтлын тархалт хөрсний үе давхаргын дагуу хуваарилагдах нь харилцан адилгүй байлаа.
ДҮГНЭЛТ: 1. Газрын гадаргын өндрийн хэмжээ намсахад кобальт, зэс, марганец, молибден, цайрын нийт хуримтлал багасч хөдөлгөөнт шилжилт нь тухайн нутгийн экологи, хөрсний онцлогоос хамаарч янз бүр байна. Харин макроэлементийн хангамж хөрсний хэвшлийн онцлогоос хамаарч байна.
2. Хөрсний завсрын ба хөрс үүсгэгч чулуулгийн үе дэх карбонатын хуримтлал, хөрсний гүн дэх механик бүрэлдэхүүний хөнгөрөлттэй холбоотойгоор хөрсний үе дагуух микроэлементийн хуваарилалт харилцан адилгүй байна.
3. Атар газрыг хагалж ашигласнаар кобальтын
28.6%, зэсийн
14.3%, марганецын
17.3%, цайрын
13.4%-ийн алдагдал бий болж байна.
4. Нэг наст таримал ургамалд зэс, кобальт, тэдгээрийн хослолыг хэрэглэснээр ургацыг
8.7-
11.9ц/га, олон наст таримал ургамалд Co, Cu, Mo, Zn-ын микробордоогоор бордоход ургацыг 27-
33.4ц/га-гаар нэмэгдүүлж болохыг тогтоов.