Ноолуурын зах зээлийн ханшаас болж сүүлийн жилүүдэд ямааны сүрэг хэт өсч 1990-ээд онд 4 сая гаруй толгой байсан бол 1998 оны эцсээр 11 сая гаруй болж энэхүү хэт өсөлт нь байгаль, экологийн тэнцвэрийн байдал, таван хошуу малын төрөл хоорондын уламжлалт харилцаа алдагдахад хүргэж болзошгүй юм. Энэ бүхэн ямааг ашиг шимээр нь сонгон үржүүлэх, жишгийн шаардлага хангасан хээлтэгчийг үржилд ашиглан нэг ямаанаас авах ноолуурын хэмжээг нэмэгдүүлэх ажил хангалтгүй, мэргэжлийн ажил үйлчилгээ хоцорч дан ноолуурын хойноос хөөцөлдсөн нь ноолуурын чанар буурч байгаа нь сайн чанарын ноолууртай нутгийн ямааны хөвөрлийг шилжүүлэн суулгах явдал онцгой ач холбогдолтой болсон. Малын үр хөвөрлийг шилжүүлэн суулгах биотехнологийн аргыг үечлэн судлаж ямааны хөвөрлийг мэс заслын бус аргаар зайлж авах, шилжүүлэн суулгах, мөн ямааны өндгөн эсийг гадна орчинд өсгөвөрлөх, улмаар үр тогтоох асуудлыг судалж хэргэгжүүлсэн. Турших сорих ажлын хүрээнд биологийн өндөр чадамжтай нэг донорын хээлтүүлгийн улиралд 2-4 удаа хэрэглэх боломж илрүүлсэн. Хонь, адууны өнчин тархинаас пролактин болон өндгөвчний уутанцарын хөгжлийг тэтгэгч дааврын бэлдмэлийг ялгав. Дааврын физик, химийн шинж чанар, биологийн үйлчлэл, идэвхийг олон төрлийн амьтны өндгөвчний үйл ажиллагаа хийгээд бэлгийн мөчлөгийн үе шатуутай холбон судалж, хэрэглэх арга, тун хэмжээг тогтоов. Хөвөрлийг дурангийн болон мэс заслийн бус аргаар зайлж авах, тээгчийн саванд шилжүүлэн суулгах, өндгөн эс, хөвөрлийг өсгөвөрлөх, гүн хөлдөөх, нөөцлөн хадгалах замаар шилмэл малын үр, хөвөрлийн сан бий болгосон. Нөхөн үржихүйн биотехнологийн шинэлэг ажлуудыг хийж хэрэглэх арга, горим, технологийг боловсрууллаа.