Хүний их сэмжинд түүний эд дотор нэвчин бөөгнөрсөн лейкоцит эсийн хуримтлал болох “Сүүн толбо” (СТ) хэмээх бүтэц байх бөгөөд тэнд хэвлийн хөндийгөөс цугларсан шингэн, түүнд агуулагдах бичил биетэн болон биенцэрүүд, уусамхай антигений эсрэг дархлааны урвал өрнөдөг байна (Platell C et al., 2000; Некрутов АВ, 2007; Mebius RE, 2009)
Мэс заслын яаралтай тусламж шаарддаг мэс заслын цочмог эмгэг, гэмтлийн үед давамгайлан өрнөж байгаа өвөрмөц дархлааны урвалын шинж төрхийг тодорхойлж хугацаа алдалгүй, оновчтой эмчилгээний шийдэл гаргах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой (Некрутов АВ, 2007).
Монгол хүний их сэмжний үлэмж болон бичил бүтэц, түүний физиологийн үүргийн талаар хийсэн судалгааны ажил хомс, хэвлийн хөндийн мэс заслын үрэвсэлт эмгэг, гэмтлийн үед өрнөх дархлааны урвалын онцлогийг тогтоосон судалгаа байхгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон.
Зорилго. Монгол хүний их сэмжний үлэмж болон бичил бүтэц, хэвлийн хөндийн үрэвсэлт эмгэгийн үед өрнөх дархлааны урвалж чанарыг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй. Монгол хүний их сэмжний үлэмж болон бичил бүтэцийг судалж, түүнд байрлах бүтэцүүдийн орон зайн байршлийг тогтоох судалгааг гэнэт нас барсан 40 талийгаачийн цогцос дээр дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Их сэмж дэхь дархлааны эсийн бүрдлийг тодорхойлох судалгааг хэвлийн гэмтлийн улмаас мэс засал хийсэн 38 эмчлүүлэгчийн тайрагдсан их сэмжний материал болон гэнэт нас барсан 22 цогцосны сэмжийг ашиглан эмчлүүлэгчид суурилсан дескриптив судалгааны загвараар хийв. Хэвлийн хөндийн мэс заслын дараах эрт үед өрнөх дархлааны урвалж шинжийг тодорхойлох судалгаанд хэвлийн яаралтай мэс засал хийлгэсэн 38 эмчлүүлэгчийн мэс засал эмчилгээний дараах 12, 24, 48, 72 дахь цагт хэвлийн гуурсаар гарсан үрэвслийн шингэнийг ашиглан эмчлүүлэгчид суурилсан дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэв.
Их сэмжний үлэмж болон бичил бүтэцийг судалж, түүнд байрлах бүтэцүүдийн орон зайн байршлийг тогтоох судалгаанд морфометрийн болон эд судлалын стандарт арга хэрэглэв. Их сэмж дэхь дархлааны эсийн бүрдлийг иммуногистохимийн аргаар тодорхойлов. Хагалгааны дараах эрт үед хэвлийн хөндийд тавьсан гуурсаар гарсан шингэнд үрэвслийн эсрэг интерлейкин-10 (IL-10) ба үрэвсэл өдөөгч интерферон гамма (IFN-) цитокины агууламжийг Фермент холбоот эсрэгбиеийн урвал (ФХЭБУ)-аар (pg/mL) тодорхойлов. Судалгааны үр дүнг статистикийн дескриптив болон аналитик шинжилгээний аргуудыг хэрэглэн боловсруулав.
Үр дүн. Хүний их сэмжний бүтцийн судалгаагаар гэнэт нас барагсадын аутопсийн материалд зөвхөн анхдагч СТ илэрч байсан бол идэвхжин өөрчлөгдсөн хоёрдогч СТ хэвлийн хөндийн мэс заслын материалд илэрч эхэлж байлаа. Нас ахихын хэрээр СТ-ны бүтэц өөрчлөгдөн бичил судас сөнөрөлд орж холбогч эдээр солигдон хөгжил зогсох хандлагатай болж байна.
Хэвлийн гэмтлийн улмаас яаралтай мэс засал хийсэн эмчлүүлэгчдийн их сэмжний СТ дахь дархлааны эсийн нэвчилтийн зэрэг гэнэт нас барсан хүмүүсийнхээс илүү өндөр, Т туслагч (CD4+), Т эс хордуулагч (CD8+), Т зохицуулагч (CD25)+ болон NK (CD57+) эсүүд илүү их нэвчсэн тохиолдлын тоо гэмтэл авснаас хойш цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэмэгддэг, хэвлийн битүү гэмтэлтэй эмчлүүлэгчдэд CD57+ эсийн нэвчилт нэвтэрсэн гэмтэлтэй эмчлүүлэгчдийнхээс бага байдаг, CD68+ эсийн нэвчилтийн зэрэг хэвлийн хөндийт эрхтэн гэмтсэний улмаас хэвлийн хөндий шууд бохирдсон эмчлүүлэгчдэд хөндийт эрхтэн гэмтээгүй өвчтнийхээс өндөр байдаг нь тогтоогдлоо.
Хэвлийн хөндийн мэс ажилбарын дараах гуурсны үрэвслийн шингэнд Т туслагч 2 (TH2) эсийн үндсэн цитокин болох IL-10-ийн дундаж агууламж буурах хөдлөлзүйгээр өөрчлөгдөж байгаа, энэ нь хагалгаанаас хойшхи хугацаатай сул урвуу хамааралтай, IL-10-ийн дундаж агууламж хагалгааны дараах 12, 24 ба 48 дахь цагт хэвлийн хөндийн үрэвсэлт эмгэгтэй эмчлүүлэгчдэд хэвлийн хөндийн гэмтлийн улмаас хагалгаа хийсэн эмчлүүлэгчдийнхээс статистикийн үнэн магадтай бага, хэвлийн үрэвсэлт эмгэгийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн дунд IL-10-ийн агууламж дунджаас ихэссэн тохиолдол хагалгааны дараах 12, 24, 72 дахь цагуудад илүү олон, харахад хагалгааны дараах 12, 24, 48 дахь цагт тодорхойлсон агууламж мөн хугацаан дахь эмчлүүлэгчийн биеийн хэмтэй дунд зэргийн урвуу хамааралтай байна.
Т туслагч 1 (TH1) эсийн үндсэн цитокин болох IFN--гийн дундаж агууламж хагалгааны дараах 48 дахь цагт өгсөх, 72 дахь цагт буурах хандлагатай, хагалгааны дараах 12 дахь цагт 50-59 насныхны IFN--гийн дундаж агууламж 20-иос доош насныхнаас статистикийн үнэн магадтай бага, хэвлийн хөндийн үрэвсэлт эмгэгтэй эмчлүүлэгчдэд хагалгааны дараах 24 дэхь цагт өгсөх, 48 ба 72 дахь цагт буурах хандлагатай, хэвлийн хөндийн гэмтлийн улмаас хагалгаа хийсэн эмчлүүлэгчдэд хагалгааны дараах 24 дэхь цагт буурах, 48 дахь цагт өгсөх, 72 дахь цагт дахин буурах хандлагатай байсан бөгөөд үүний улмаас хагалгааны дараах 24 дахь цагт IFN--гийн дундаж агууламж хэвлийн хөндийн үрэвсэлт эмгэгтэй эмчлүүлэгчдэд хэвлийн хөндийн гэмтлийн улмаас хагалгаа хийсэн эмчлүүлэгчдийнхээс мэдэгдэхүйц ихэссэн байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0