Монгол Улсын Үндсэн хуулинд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн. Энэ заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл зөрчинө” гэсэн заалтууд байдаг бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” хэмээн заасан байна. Дэлхий нийтээр даяарчлагдан буй энэ эринд томоохон улс гүрнүүдийн эдийн засаг, улс төрийн бодлоготой зэрэгцэн хэл соёлоо бусдад түгээх, түүгээрээ дамжуулан бусдыг дагуулах, өөртөө татах аядуу бодлого хэрэгжиж байна. Мэдээллийн эрин зуунд ямар ч улс орон бусдаас огт хамааралгүй оршин байх нөхцөл бололцоогүй болоод байна.
Дэлхий даяар англи, хятад, орос, испани гэх мэт цөөн хэдэн хэл боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг чухал салбарын голлох хэл болсон нь манай улсын хувьд хүчтэй нөлөөлж, өөрийн үндэсний хэлний хэрэглээг хадгалан авч үлдэх шаардлага хурцаар тавигдах боллоо. Ийм нөхцөлд улс орны оршин тогтнохуйн нэг амин сүнс болсон хэл соёлоо авч үлдэхэд төрийн бодлого, иргэдийн үүрэг, оролцоо чухал байна.
Хятад хэл соёлын түрэлт, түүнд татагдаж буй хандлага нь нэг талаас хятадын хэл соёлоо түгээх бодлогын хүчтэй нөлөө, нөгөө талаас хятад хүний талаарх монгол иргэдийн төсөөлөл, түүний орчин үеийн нөхцөл дэх өөрчлөлттэй холбоотой байна. Хятад улс хэл соёлоо түгээх асуудлаа зөөлөн хүчний бодлогоор дамжуулан хэрэгжүүлж байна. Ийм нөхцөл дэх монголчуудын сэтгэлгээнд гарч буй өөрчлөлтийг илрүүлэн, төрийн бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэж байна.
Гагцхүү гадны хэл соёлын түрэлтийн үе дэх энэхүү хэрэгцээ, шаардлагыг тооцож, монгол хэл соёлоо хамгаалж, түүний аюулгүй байдлын дархлааг тогтоох талаар хийсэн цэгцтэй судалгааны бүтээл өнөө үед байхгүй, үгүйлэгдэж байна.
Эдгээр нь энэхүү сэдвийг сонгож судлах үндэслэлийг нөхцөлдүүлж байна.
Судалгааны ажлын зорилтууд:
Судалгааны ажлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.Үүнд:
1. Хэл соёлын аюулгүй байдлын онол, арга зүй, хятадын хэл соёлоо түгээх бодлогыг судлах.
2. Монгол хэл соёлын аюулгүй байдлын өнөөгийн байдалд шинжилгээ хийх.
3. Монгол хэл соёлын аюулгүй байдлыг хангах зарим арга замыг тодорхойлох.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол:
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол нь дараах зүйлүүдээр илэрч байна. Үүнд:
1. Судалгааны ажлын хэл соёлын аюулгүй байдлын онол, арга зүйн боловсруулалт нь хэл соёлын асуудалд үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс цогцоор хандах системийн шинжилгээний үндэс болж байгаагаараа онолын ач холбогдолтой юм.
2. Боловсруулсан хэл соёлын аюулгүй байдлын системийн хандлагын арга нь эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажилд өргөн ашиглагдах боломжтой.
3. Гадны хэл соёлын бодлогын түрэлтийн Монгол хэл соёл, сэтгэлгээнд үзүүлэх нөлөөлөл, гарч байгаа өөрчлөлтөөр Монгол хэл соёлын аюулгүй байдлын дархлааны өнөөгийн байдлыг тодорхойлсон аргачлал судлаач мэргэжилтнүүдэд аргазүйн удирдамж болох ач холбогдолтой.
4. Хэл соёлын аюулгүй байдлыг хангах арга замын санал нь асуудлыг цогцоор авч үзсэн бөгөөд хэрэгжүүлэх бүрэн боломжтой, үр дүн нь монгол хэл соёлын аюулгүй байдлын дархлааг тогтооход дэмжлэг болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0