Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тогтвортой аялал жуулчлалын стандартыг Монголд нэвтрүүлэх боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3471
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Чанарын нэгдсэн удирдлага, тогтвортой үзэл баримтлал, аялал жуулчлал

Аннотаци

Үйлчилгээний салбарын хурдацтай өсөлт, ялангуяа аялал жуулчлалын салбар нь стратегийн тулгуур нэг салбар болоод байна. Нөгөө талдаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар уул уурхайгаас бусад бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх буюу ногоон эдийн засгийг дэмжих замаар улс орнууд хөгжлөө хангах стратеги баримталж байна.
Өнөөгийн аялал жуулчлал нь "Масс аялал жуулчлал"-аас "Тогтвортой аялал жуулчлал"-руу шилжих хандлагатай болжээ (Stanislav Ivanov, 2013). Учир нь масс аялал жуулчлал нь тухайн улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа ч байгаль орчныг бохирдуулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлэн, тухайн орчны экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа тул энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс дэлхийн аялал жуулчлалын салбарт тогтвортой аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талаар жил ирэх тусам мэдлэг, туршлагатай, хариуцлагатай жуулчдын тоо өсч, аялагчид нь шинэ зүйлийг эрэлхийлж ‘хүний очиж байгаагүй газарт очих’ хүсэл тээж ирдэг. Тэд онгон зэрлэг байгаль, нүүдэлчний амьдралын хэв маягийг харж мэдрэн, хүмүүстэй уулзаж танилцан бусдад ярих сонинтой буцахыг хүсдэг (CBI, 2013). Өөр соёл иргэншил, амьдралын хэв маягтай хүмүүсийн яаж аж төрж, хэрхэн сэтгэж, юуг эрхэмлэн дээдэлж, ямар ёс заншил, уламжлалтай гэдгийг нүдээр харж, биеэр мэдэрч, ойлгож ухаарахын тулд тухайн орон нутагт нь очиж, иргэдтэй нь хамт хэсэг хугацаанд өдөр тутмын ахуйн ажилд нь оролцож, түүнээс суралцах хүсэл сонирхолтой жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна (Edgell, David, Swanson, Delmastro Allen, & Smith, 2013). Жуулчдын энэхүү хандлага нь тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх гол суурь хүчин зүйл болж байгаа бөгөөд тэрхүү эрэлт хэрэгцээг хангах гол нөөц бол манай Монгол ахуйн соёл, нүүдэлчин амьдралын хэв маяг юм.
Нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ зөв оршихуй амьдрахуйн төгс шийдэл, төгс гарц нь хэн нэгний бодож олж өгсөн бэлэн зэлэн зүйл биш төдийгүй Монголчуудын гараа хамхин сууж, ном судар уншиж, бодож болгоож олсон зүйл ч биш, харин Монголчуудын олон мянган жилийнхээ хөдөлмөр зүтгэл, зовлон жаргал, алдаа оноо, ухаарал гэгээрлээрээ олсон олз, орчин үеийн хэллэгээр бол жинхэнэ бор зүрхээрээ ядарч зүдэрч, зүтгэж байж олж авсан олз юм (Батхүрэл & Дорж, 2011)
Монгол ахуйн соёлын гол онцлог нь байгаль, хүн, ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээнд оршдог бөгөөд энэ нь байгаль орчин, нийгэм соёл, эдийн засаг гэсэн тогтвортой хөгжлийн гурван баганатай нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдсээс Монгол ахуйгаараа дамжин уламжлагдан ирсэн нүүдлийн соёл нь өөртөө тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг шингээсэн учир олон зууны турш он цагийг тосч угтан, тэсч үлдэж чадсан юм. Энэ нь байгалийн хуулийг сөрж биш харин түүнийг танин мэдэж, дасан зохицож, ахуй амьдрал, зан заншил, ёс уламжлалаараа дамжуулан хадгалж ирсэн монгол аж төрөх арга ухааны цогцолбор шинж нь “сонгодог монгол хэв маяг”-ийг бүтээжээ” (Цэвэгдорж, 2012). Түүнийгээ аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх давуу тал болгон хөгжүүлж, олон улсын тогтвортой аялал жуулчлалын стандартыг Монголын онцлогт тохируулан системтэй нэвтрүүлэх нь жуулчдыг татах, тэдний хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээг хангах суурь нөхцөл болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 225
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :