Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол, Британий харилцаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2674
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Гадаад харилцааны түүх, дипломат бодлого

Аннотаци

Монгол Улсын хувьд өрнөдийн улс гүрнүүдтэй харилцсан харилцаанд адилтгаж болохуйц ерөнхий хэв шинж бий. ХХ зууны сүүлийн хагас хүртэл тэдний аль нь ч шинэ тулгар Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрч байгаагүй. Дипломат харилцаа тогтоосон ч хүйтэн дайны уур амьсгалын нөлөөгөөр харилцаа үр дүнтэй хөгжих боломжгүй байсан билээ. Харин 1990 оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн дараагаар өрнөдийн улсууд Монголын нийгэм-эдийн засаг, улс төрийн шинэчлэлийн үйл явцыг олон талаар дэмжин тусалж ирсэн зэргийг энд дурьдаж болно.
Гэхдээ Монгол, Британий харилцаанд барууны ертөнцийн орнууд түүний дотор Европын бусад улсаас ялгагдах хэд хэдэн онцлог тал бий. Үүнд:
- Манай хоёр орон хоёулаа дэлхийн эртний түүх соёлтой улс ч гэсэн харилцаа, хамтын ажилллагааны эртний уламжлал бараг үгүй. Монголын их эзэнт гүрний үед болон Дундад зууны үед Британий хаад ноёдтой харилцаж байсан талаар тэмдэглэгдэж үлдээсэн тодорхой мэдээ баримт өнөөг хүртэл төдий л мэдэгдэхгүй байна.
- 1920-иод оны дунд үеэр БНМАУ-ын Засгийн газрын санаачилгаар Өрнөдийн улс гүрнүүдтэй улс төр, эдийн засаг, соёл боловсролын харилцаагаа хөгжүүлэх алхам хийж, цөөнгүй монгол залуусыг Герман, Францад явуулж сургасан байдаг. Ингэхдээ Британид явуулаагүй нь газар нутгийн хувьд арай алслагдмалаас гадна улс төр, үзэл суртлын үүднээсээ тухайн цаг үедээ дэлхий дээрх хамгийн олон колони оронтой хүчирхэг гүрний нэг байсан, ЗХУ-д Британий нөлөө Франц шиг их байгаагүйтэй нь холбоотой байв.
- Өрнөдийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийг түүчээлэн тэр тусмаа хүйтэн дайны ид хурцадмал үед БНМАУ-ыг хамгийн анх хүлэээн зөвшөөрч элчин харилцаа тогтоож, харилцсан улс бол Британи байсан зэргийг нэрлэж болно.
Манай хоёр орны харилцааны түүхийг ерөнхийд нь 3 үечлэн хуваан үзэж болно. Үүнд:
-Нэгдүгээрт, дипломат харилцаа тогтоохоос өмнөх үеийн харилцаа буюу 1963 оноос өмнөх үе
-Хоёрдугаарт, дипломат харилцаа тогтоосон хийгээд түүний дараах үе буюу 1963-1990 он хүртэлх үе
-Гуравдугаарт, ардчилал шинэчлэлийн үеийн харилцаа буюу 1990 оноос өнөөг хүртэлх үе юм.
Монгол Улс эртнээс дэлхийн олон улс гүрэн, хүн ардтай өргөн харилцаа холбоотой явж ирсэн арвин их түүхтэй. Тэдгээр улс орны нэгэнд Британи улс зүй ёсоор ордог. Монгол, Британи хоёр улс түүхийн янз бүрийн цаг үед багагүй холбоо харилцаатай, харилцан бие биенээ сонирхсоор иржээ. Тухайн цаг үеийн түүхэн нөхцөл байдал хоёр улсын харилцаанд эерэг, сөрөг аль, аль талаараа нөлөөлж байлаа. Энэхүү тусгал нь хоёр орны бие биенээ сонирхох сонирхлыг тодруулж, бүдгэрүүлж, багасгаж, ихэсгэсээр XX зууны 60-аад оныг хүрчээ.
Британитай дипломат харилцаа тогтоох арга замыг Монгол Улс ХХ зууны эхэн үеэс эрэлхийлж эхэлжээ.
Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд нийгмийн өөр өөр байгуулалтай Монгол Улс, Британи Улсын хооронд 1963 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсны дипломат харилцаа тогтжээ. Ийнхүү Монгол Британи хоёр улсын харилцаанд цоо шинэ үе нээгдсэнээс хойш тавиад жил улиран өнгөрчээ. Энэ нь түүхийн богино хугацаа мэт боловч Монгол, Британий харилцаа өнгөрсөн хугацаанд шинэ тулгар дипломат харилцаанаас эхлэн батжин бэхжиж, өргөжин гүнзгийрч, нийгмийн амьдралын бүх салбарыг хамран, хурдацтайгаар өрнөн хөгжиж байна. Гэтэл энэхүү харилцааны түүхэн хөгжлийн асуудлыг өнөө хэр тусгайлан судалсан судалгаа үгүйлэгдэж байна.
Эдүгээ даяаршлын нөхцөлд буурай хөгжилтэй Азийн жижиг орон - Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үүнээс шууд хамаарах улс орны хөгжил дэвшил, оршин тогтнол, аюулгүй байдлын олон асуудлыг манай улсын гадаад ертөнцтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хүчин зүйлээс ангид үзэх аргагүй нь тодорхой юм.
Тэгээд ч шинжлэх ухаан техникийн эрин үе, дэлхий дахины интеграцчилал, даяаршлын өнөөгийн нөхцөлд хоёр орны харилцааны байдал төлөв, хандлага нь тивийн, бүс нутгийн, цаашлаад дэлхий дахины үйл явцын өрнөлтэй салшгүй харилцан хамааралтай учир Монгол-Британий харилцааг олон улсын харилцааны хүрээнд, түүнтэй нягт уялдуулан нарийвчлан судлах зайлшгүй шаардлага урган гарч байна.
ХХ зууны Монгол Улсын гадаад харилцааны түүхийг иж бүрнээр нь гаргах, түүнд Монгол, Британий харилцааны түүхийг тусгах нь Монголын түүх судлал, ялангуяа гадаад харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой юм.
Монгол, Британий харилцааны түүхийг олон талаас нь нарийвчлан судлах нь олон улсын харилцааны судлалд ч чухал ач холбогдолтой болно. Чухам энэ үүднээс бид XX зууны Монгол, Британий харилцааны түүхийг тал бүрээс нь цогц байдлаар нэгэн сэдэвт зохиолын хэмжээнд судлах оролдлого хийлээ. Ингэж судлах нь онол практикийн хувьд ч чухал ач холбогдолтой хэмээн үзэж судалгааны ажлынхаа үндсэн судлагдахуун болгосон юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 155
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :