Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2677
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт

Аннотаци

1. Судалгааны ажлын сэдэв
“Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” /Эрүүгийн эрхзүйн аспект/ сэдэвт судалгааны ажил нь үндсэн 3 бүлгээс бүрдэж буй бөгөөд 1 дүгээр бүлэгт Хүний нэр төр, алдар хүндийг тодорхойлогч үндсэн шинжүүд,түүнийг эрх зүйгээр хамгаалахын учир холбогдол, хамгаалалтын заншлын ба хууль тогтоомжийн түүхэн уламжлалын асуудлыг авч үзэв. Судалгааны ажлын 2 дугаар бүлэгт Хүний нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалтын үндсэн шинж, түүхэн тойм, түүний эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнд хийсэн шинжилгээ, түүн дотроо гүтгэх, доромжлох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжилгээ, хууль зүйн практикийн судалгаа, уг гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлөөс ялгах үндсэн асуудлыг хөндөв.
3 дугаар бүлэгт Иргэний эрх зүйн хамгаалалт хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн суурь хамгаалалт болохыг иргэний хууль тогтоомж, түүхэн тоймын хүрээнд судлан иргэний эрх зүйн хамгаалалтын үндсэн аргыг тодорхойлон, иргэний хэргийн шүүхийн практикт судалгаа хийлээ.

2. Сэдвийг судлах шалтгаан
Аливаа хүний юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй зүйл нь түүний нэр төр, алдар хүнд юм. “Хүн бүр өөрийн нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалуулах эрх”-тэй болохыг олон улсын хэмжээнд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д баталгаажуулж өгсөн бол түүнийг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хэнд боловч...хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй”1, 17-д “Хүний… нэр төр, алдар хүнд...-ийг
хуулиар тогтоон хамгаална”, мөн хэсгийн хоёрт “Хүний нэр төр, алдар хүнд...ийг хүндэтгэх”2 гэж заасан нь манай төрийн бодлогын үндсэн эх сурвалж болж байна.Өдгөө хүний нэр төр, алдар хүндийг дэлхий дахины хэмжээнд олон улсын конвенциор, тухайн улс орнууд дотооддоо Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Эрүү, Иргэний хууль зэрэг Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад 31 хуулиар баталгаажуулж ирснийг судалж, нэгтгэн дүгнэхийг зорьсон нь энэхүү нь судалгааны ажлын сэдвийг сонгоход хүргэсэн юм. Эрх зүйн агуулгын хувьд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь эрүү, иргэний эрх зүйн харилцааны объектод хамаарах бөгөөд тэдгээрийн эрх зүйн хамгаалалтын зарчмуудыг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл, Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйл болон мөн хуулийн
27.6 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд эдгээрийг өөр хооронд нь харьцуулан судалж дүгнэх нь судалгааны ажлыг хийх гол шалтгаан болов.
З. Судалгааны сэдвийн ач холбогдол
Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид заасан дээрх үнэт зүйлсүүдийг бататгахын тулд хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт нэн чухал юм. Эрүүгийн хуулиар хамгаалах нийгмийн харилцааны нэг чухал хэсэг нь хүний эрх, эрх чөлөө бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Харин иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэн боловч түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь
зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг няцаах, учирсан гэм хорыг арилгахыг Иргэний хуульд хуульчилсан байна. Гэвч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн эрх зүйн хамгаалалтын асуудал нь тус улсын эрх зүйн салбарт шинэлэг бөгөөд нарийвчлан судлагдаагүй байгаагаас үүдэн Эрүүгийн болон Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх явцад онолын болон практик шинжтэй хүндрэлүүд гарсаар байна. Иймд эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцааны объектын хувьд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг эрх зүйн хувьд хамгаалах асуудлыг онол, практикийн үүднээс нарийвчлан судлах нь судалгааны сэдвийн ач холбогдлыг өндөрсгөж байна.

4. Судалгааны шинжлэх ухааны ач холбогдол
- Монгол Улсад орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаан үүссэнээс хойш нэр төр, алдар хүндийн талаар дагнасан судалгаа, шинжилгээ хийгдээгүй
хийдлийг арилгахад судалгааны шинжлэх ухааны ач холбогдол оршино.
- Судалж буй сэдвийг эрүүгийн эрх зүйн аспектаар голлон хөндөхдөө цогц байдлаар авч үзэх оролдлого хийсэн бөгөөд тодруулж хэлбэл зөвхөн
эрүүгийн эрх зүйн үүднээс биш шинжлэх ухааны олон салбар тухайлбал философи, түүх, социологи, сэтгэл судлал зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны
уулзвар дээр судалж үзэв. Түүнчлэн Иргэний эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй зэрэг бусад салбар шинжлэх ухааны мэдлэгийг
бүтээлчээр ашиглахыг оролдсон болно.
- Судалгааны явцад хүний нэр төр, алдар хүндийн суурь хамгаалалт нь залхаан цээрлүүлэх шинжтэй эрүүгийн эрх зүйд бус харин хүмүүсийн хоорондын эд хөрөнгийн бус харилцааны голлох хэсгийг зохицуулдаг иргэний эрх зүй болохыг тогтоож, энэ нь иргэний эрх зүйн чиглэлээр цогц судалгаа хийх зайлшгүй шаардлагыг бий болгов.

5. Судалгааны ажлын зорилго, зорилт
Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт нь агуулгын хувьд олон төрөл хэлбэртэй онолын болон эмперик түвшинд ч, макро, микро орчинд ч судалж болох ажил юм. Чухамхүү ямар орчинд аль түвшинд, яаж судалгаа явуулах нь судалгааны зорилго, шийдвэрлэвэл зохих асуудлын цар хүрээнээс хамаардаг. Иймд сэдвийг судлахын өмнө судлах зүйлийнхээ цар хүрээ, зорилгоо тодорхойлохыг чухалчлав. Энэхүү сэдвийн онол, арга зүйг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Эрүүгийн эрх зүйн аспектаар судалж буй уг диссертацийн зорилтыг дараахь байдлаар тоймлон
тодорхойлов. Үүнд:
1. Хүний нэр төр, алдар хүндийг тодорхойлогч үндсэн шинжүүдийг тодорхойлж, эрх зүйгээр хамгаалахын ач холбогдлыг тогтоох,

2. Хүний нэр төр, алдар хүндийн хамгаалалтын заншлын ба хууль тогтоомжийн уламжлалыг судлах,

4. Хүний нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалтын үндсэн шинж, түүхэн тоймыг судлах,

5. Хүний нэр төр, алдар хүндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнд шинжилгээ хийж, эдгээр гэмт хэргийн шүүхийн практикийг судлах,

6. Эдгээр гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлөөс зааглан ялгах,

7. Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн суурь хамгаалалтыг тогтоох,

8. Хүний нэр төр, алдар хүндийн суурь хамгаалалт болох иргэний эрхзүйн хамгаалалтад шинжилгээ хийх.

6. Судалгааны онол, арга зүйн үндэс
Судалгааны ажлын зорилго, зорилтод хүрэхийн тулд материаллаг диалектикийн аргад үндэслэж харьцуулалт, бүтэц, тогтолцоо, формал логик, хэл зүй, түүхэн дүн шинжилгээний арга зүйг ашигласан болно. Хүний нэр төр, алдар хүндийн үндсэн шинжийг таньж мэдэхийн тулд тодорхой шалгуураар ангилж өөр хооронд нь болоод өөрийн улсад тогтсон ойлголтыг өөр улс, дэлхий нийтийн жишигтэй харьцуулж судалсан болно. Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтад эрх зүйн дүн шинжилгээ хийхдээ:
- Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тухай, мөн хэрэг, маргааныг үйлдсэн агуулга, үүссэн шалтгаан, бүрэлдэхүүний байдал, шүүгдэгчид эрхээ хамгаалах механизмыг хэрхэн ашигласан тухай, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар шүүгчид, хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр өмгөөлөгчдийг мэргэшүүлэх зэрэг асуудлыг эмпирик болон харьцуулсан судалгааны аргад тулгуурлан судлав.
- Хүний нэр төр, алдар хүндтэй холбогдсон эрүү, иргэний хэргийн баримтыг цуглуулж бодит байдлын тоон үзүүлэлтийг задлан шинжлэх аргаар судлав. Судалгаанд үзүүлэлт болгон ашигласан тоо, өгөгдөхүүнүүд нь эрүүгийн хэргийн хувьд 2002-2010 он буюу сүүлийн 9 жил, иргэний хэрэг маргааны хувьд 2000-2010 он буюу сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааныг хэрхэн барагдуулсан архивын баримтууд орсон болно.
- Судалгааны шууд үр дүн нь хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтын асуудлыг практикт хэвшүүлж нэвтрүүлэхэд чиглэгдэж буй учир
“хүрэх” газраа урьдчилан харж мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргыг голлон хэрэглэв. Аливаа хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй
хандах нь бусдын эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх баталгаа болохын зэрэгцээ эрх чөлөөний хязгаарыг тодорхойлж, зохицуулж байдаг нь энэхүү судалгаанд
баримтлах онолын үндэслэл болсон юм.

7. Судалгааны объект, судлах зүйл
Эрүүгийн хууль дахь гүтгэх, доромжлох гэмт хэрэг, иргэний эрх зүйн харилцааны объект болох иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд буюу хүний халдашгүй эрх нь энэхүү судалгааны объект юм. Хүний нэр төр, алдар хүндийг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ түүнчлэн эдгээр хэм хэмжээг хэрэглэж буй хууль, шүүхийн практик нь судалгааны ажлын судлах зүйл болно.

8. Судалгааны ажлын шинэлэг тал
Тус улсад урьд нь хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтын асуудлаар диссартацийн хэмжээнд дагнасан судалгаа хийгдээгүй, ялангуяа бидний судалж буй эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамгаалагдсан диссертацийн ажил алга байгаа нь энэ ажлын нэг шинэлэг тал юм.
Манай хууль зүйн судлалд олон арван жилийн турш эрүүгийн эрх зүйг үндсэн салбар эрх зүйн дотроос хамгаалалтын хүч чадлаараа хамгийн хүчирхэг эрх зүй гэж үздэг үзэл бодол ноёрхож ирсэн боловч харин бидний онолын болон практикийн судалгааны явцад энэ байдал батлагдсангүй. Тус улсын хууль зүйн практикт хийсэн бидний судалгааны явцад нэгэнт үүсгэсэн олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдох буюу эсвэл цаг хугацаагаар сунжрах явдал ажиглагдсан болно. Энэхүү нөхцөл байдал хүний нэр төр, алдар хүнд нь гутаагдсан этгээдийн хувьд ашиггүй байдлыг бий болгох хандлагатай байна.
Харин Иргэний эрх зүйн няцаалт хийх, нэр төрөө мөнгөн хэлбэрээр үнэлүүлж хохирлыг барагдуулах зэрэг хэлбэр нь илүү үр ашигтай болох нь
судалгааны явцад тогтоогдов. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд байгаа хүний нэр төр, алдар хүндийн талаархи гэмт хэргийн бүрэлдэхүүний зарим заалт нь ялангуяа хэвлэл мэдээлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг хууль тогтоох замаар засамжлах зайлшгүй шаардлага нэгэнт үүссэнийг судалгааны үр дүн харууллаа.

9.Судалгааны онол, практик ач холбогдол
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголтууд ямар агуулгатай байх, түүнийг зөрчсөн тохиолдолд эрх зүйгээр хэрхэн хамгаалах нь судалгааны онолын болоод практик ач холбогдолтой зүйл юм. Энэхүү диссертацийн судалгааны онол, практикийн ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж болно.Үүнд:
1. Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт нь хүний эрхийн суурь судалгааны нэг хэсэг юм.

2. Энэ асуудал нь Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй зэрэг хууль зүйн шинжлэх ухааны үндсэн салбаруудын судалгааны
объект болохыг тогтоов.

3. Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтад Эрүүгийн эрх зүй тодорхой байр суурийг эзэлдэг боловч “суурь чиглэл бус” болохыг онолын
хувьд нотлов.

4. Хууль зүйн шинжлэх ухааны үүднээс болон дэлхий нийтийн олон жилийн туршид тогтсон жишгийн дагуу хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн үндсэн хамгаалалт нь Иргэний эрх зүйд оршдог болохыг тогтоов.

5. Судалж буй сэдвийн дагуу дараагийн судлаачдад ашиглах Монгол улсын болон гадаадын судлаачдын онолын зарим бүтээлийг шинжлэх ухааны
эргэлтэд оруулав.

6. Судалгааны практик ач холбогдол гэвэл Хүний нэр төр, алдар хүндийн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж буй практик хуульчдад энэхүү диссертаци нь нэгэн чухал гарын авлага болно.

7. Монгол Улсын сүүлийн 10 жилийн хууль зүйн практикийг судалж буй чиглэлээр тусгайлан судлахыг оролдов. Энд нэг зүйл онцлон тэмдэглэхэд хуучин тогтолцооны үед энэ талын хэрэг маргаан нэн ховор гарч байсан бөгөөд зах зээлийн тогтолцооны үед улам бүр нэмэгдэж байгаа хандлага судалгааны явцад ажиглагдав.

8. Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтын мөн чанарыг нэгд хүний эрхийн тухай төрөлх эрхийн онол, хоёрт хүний эрхийн тухай позитивист онол гэж түүх-онолын байр сууринаас ангилж үзсэн нь энэхүү сэдвийн онолын ач холбогдлыг тодотгов.

10. Судалгааны норматив болон эмпирик үндэс Энэхүү диссертацид дурьдагдсан зөвлөмж, санал дүгнэлт нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хууль, эрүү, иргэний хууль болон тэдгээрийн практик хэрэглээний талаар хийсэн судалгаа, үнэлгээнд суурилсан болно. Түүнчлэн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэж буй практик нь энэхүү судалгааны эмпирик суурийг бүрдүүлсэн бөгөөд энэ хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хянагдаж байгаа хэргүүд болон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг задлан шинжилсэн болно.

11. Сэдвийн судлагдсан байдал
Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалтын олон талт асуудлыг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс судалсан бие даасан бүтээл манай оронд өнөө хэр хийгдээгүй байна. Харин олон улсын хэмжээнд цөөнгүй эрдэмтэд судалж тодорхой тооны бүтээл туурвисан ч хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах онол, практикийн асуудал дэлхий нийтэд бүрэн дүүрэн цогцоороо судлагдсангүй. Энэхүү судалгааны хүрээнд дотоод, гадаадын 30
гаруй эрдэмтдийн бүтээлээс ишлэл авч онолын эх сурвалжаа болгов. Сэдэвт хамаарах асуудлаар манай улсад доорхи судалгаа хийгджээ.
1. Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Авхиа болон Т.Дэндэв, Ц.Бүжинлхам нарын 1973 онд хамтран бичсэн “Иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдарт харшлах гэмт хэргүүд” номонд эрүүгийн эрх зүйгээр хамгаалах чиглэлээр нэг бүлгийг оруулсныг эс тооцвол 1997 оныг хүртэл дорвитой судалсан судалгаа одоогоор ажиглагдахгүй байна.

2. Доктор, профессор С.Нарангэрэл 1997 онд “Монголын төр, эрх зүй” сэтгүүлд “Нэр төрийн иргэний эрх зүйн хамгаалалт” сэдэвт өгүүллийг туурвиж,
олны хүртээл болгожээ.

3. Хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа 2004 онд “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хэргийг шүүхээр
шийдвэрлэж байгаа нь” сэдэвт өгүүллийг хэвлүүлжээ.

4. 1999-2001 онд нийслэлийн хэмжээнд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд,
ажил хэргийн нэр хүндийг гутаасан болон бусдыг гүтгэсэн тухай хэрэг, маргааны судалгааг доктор, профессор Б.Чимидийн удирдлага дор хийсэн байна. Уг судалгааны тайланг “Глоб интернейшнл” ТББ-аас 2002 онд “Нэр төр, гүтгэлэг” ном болгон хэвлүүлжээ.

12. Судалгааны үр дүнгийн хэрэгжилт
Сэдэвтэй холбогдуулан судалгааны үр дүнг дараахь байдлаар олон нийтийн хүртээл болгов.Үүнд:
1. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2002-2008 оны судалгааны семинаруудад 5 илтгэл хэлэлцүүлсний гадна “Эрх зүйн боловсрол” академи, МСНЭ-ээс 2003 оны 5 сарын 27-нд зохион байгуулсан семинарт “Хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйгээр хамгаалах нь”, Хүний эрхийг хангах төсөл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2003 оны 12 сарын 13-нд зохион байгуулсан семинарт “Хүний нэр төр, алдар хүндийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалахад анхаарах зарим асуудал”, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2005 оны 3 сарын 17-нд зохион байгуулсан семинарт “Шүүхээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах харьцаа, анхаарах асуудлууд”, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрөөс 2004, 2005 онуудад шүүх, хуулийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалт семинаруудад “Нэр төрөө хуулийн дагуу хамгаалах нь”, “Хүний нэр төр, алдар хүндийг иргэний эрх зүйгээр хамгаалах нь”, “Хүний нэр төр, алдар хүндийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалах нь”, “Оюуны өргөө” сэтгүүл зүйн сургуулийн 2003 оны, Радио телевизийн дээд сургуулийн 2005 оны сургалтын хөтөлбөрт “Хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйгээр хамгаалахад сэтгүүлчийн анхаарах асуудал”, “Глоб Интэрнэшнл” ТББ, Нээлттэй нийгэм форумаас 2007 оны 5 сарын 3-нд зохион байгуулсан ярилцлагад “Нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад анхаарах зарим асуудал”, “Глоб Интэрнэшнл” ТББ, АНУ-ын Элчин сайдын яамнаас 2007 оны 12 сарын 21-нд зохион байгуулсан уулзалтанд “Гүтгэх доромжлох хэргийн мөн чанар ба сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах нь”, “Глоб Интэрнэшнл” ТББ-аас 2008 оны 4 сарын 14- нд зохион байгуулсан ярилцлагад “Хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийг гүтгэх доромжлох гэмт хэрэгт буруутгасан нь” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.

2. АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилттэй “Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйлүүдэд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах” төслийн багт 2007 оноос судлаачаар ажиллаж Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд хийх өөрчлөлтийн талаар саналаа танилцуулсан нь 2008 онд тус хуульд тусгалаа олсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 450
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :