Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Компанийн дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулах арга зүйн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3452
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Дискриминант шинжилгээ, ложит загвар, хиймэл оюун ухааны сүлжээ, санхүүгийн харьцаа, эрсдэл

Аннотаци

Диссертацийн ажлын хүрээнд бид компанийн дампуурлыг таамаглах онолын загварууд болон нөлөөлөгч хүчин зүйлсэд харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр өөрийн орны хууль эрх зүй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бүртгэл санхүүгийн онцлогтой уялдсан компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулахыг зорив.
Судалгааны объект нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд эрдэмтдийн боловсруулсан дампуурлыг таамаглах 510 загвар, манай улсын макро эдийн засгийн зарим үзүүлэлтийн 1998-2015 оны мэдээлэл, бодит секторын 1320 аж ахуйн нэгжийн 2010-2015 оны санхүүгийн тайлан ашиглав.
Энэхүү судалгаа нь 1966 оноос хойш өнөөг хүртэл хийгдэж буй дампуурлын загварууд, тэр дундаас Э.Альтман, Ж.Оолсон, Р.Таффлерийн загваруудад тулгуурлах болно. Дампуурлыг таамаглах загварын боловсруулалтад нийт 65 төрлийн статистик болон эконометрик арга ашиглаж байгаагаас бид судалгаандаа таамаглах чадвар өндөртэй, сүүлийн үед өргөн ашиглаж буй дискриминант шинжилгээ, ложит болон хиймэл оюун ухааны сүлжээ зэрэг загварыг ашигласан болно.
Бид компанийн дампуурлыг таамаглах 510 загварыг харьцуулан судалсны үндсэн дээр дампуурлын загвар боловсруулахад эрдэмтдийн ашиглаж буй уламжлалт аргуудаас гадна хиймэл оюун ухааны сүлжээ, дискриминант шинжилгээний зэрэг орчин үеийн статистик шинжилгээний арга ашиглан Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын дампуурлыг таамаглах шинэ загвар боловсруулж, түүнийг манай улсын нөхцөлд хэрэгжих боломжтой болохыг туршин баталгаажуулсан зэрэг нь диссертацийн шинэлэг тал болно.
Компанийн дампуурал нь зөвхөн компани болон зээлдүүлэгчийн хоорондын асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, дампуурал нь банкуудын чанаргүй зээлийн хэмжээг өсгөх, хөрөнгө оруулалтыг бууруулах, бизнесийн итгэлцлийг сулруулах, ажилгүйдлийг нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн нийт өсөлтөд сөргөөр нөлөөлдөг зэрэг олон талын сөрөг үр дагавартай. Иймд дампуурлын таамаглал, эрсдэлийг үнэлэх талаар судалгаа боловсруулалтын ажил чухал бөгөөд ялангуяа дампуурлын эрсдэлээ урьдчилан таамаглах, үнэлэх болон удирдахад зориулагдсан онолын загваруудыг боловсруулсан хэдий ч уг асуудал өнөөг хүртэл судлагдсан хэвээр байна.
Манай улсад ААНБ-ын “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал”-ыг санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 133 дугаар тушаалд АНУ-ын эрдэмтэн Э.Альтманы 1968 онд боловсруулсан загварыг ашиглах тухай заасан байдаг. АНУ-ын үндэсний дампуурлын тухай актын 10-р бүлгийн дагуу боловсруулсан тус загвар нь манай улсын компаниудын дампуурлыг оновчтой таамаглаж чадахгүй байна. Иймээс бид өөрийн орны нөхцөлд тохирсон компанийн дампуурлыг таамаглах загварыг боловсруулсан болно.
Энэхүү загварыг боловсруулснаар тухайн компани дампуурах эрсдэлд орох магадлалаа урьдчилан таамаглах, ямар хүчин зүйл, хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, улмаар санхүүгийн эрсдэлийг цаг тухайд нь найдвартай хянаж, удирдах нөхцөл бүрдэхээс гадна хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, бизнесийн түншүүд, бэлтгэн нийлүүлэгч, компанийн ажилчид, засгийн газар зэрэг компанийн үйл ажиллагааг сонирхогч бүхий л санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой байна.
Диссертацийн ажлын бүтэц нь оршил удиртгал, гурван бүлэг, 9 дэд бүлэг, санал дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралт зэргээс бүрдсэн бөгөөд диссертацийн үндсэн хэсэг 151 хуудасны хэмжээнд бичигдэн зураг 44, хүснэгт 47-ыг багтаасан болно. Оршил хэсэгт сэдвийн судлагдсан байдаг, тулгамдаж буй асуудал, судалгааны зорилго, зорилт болон шинэлэг байдлыг докторантын байр сууриас тодорхойлсон.
“Компанийн дампуурлын онол, арга зүй” гэсэн нэгдүгээр бүлэгт сэдвийн хүрээнд судлагдсан эрдэмтэн, судлаачдын бүтээлд тулгуурлан компанийн дампуурал, түүний үндсэн шалтгаан, дампуурлыг урьдчилан таамаглахын ач холбогдол, компанийн дампууралд нөлөөлөгч хүчин зүйлс болон компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулахад ашигладаг түгээмэл аргуудыг судлан дүгнэлт өгсөн.
“Компанийн дампуурлыг таамаглах загварын харьцуулсан судалгаа” хэмээх хоёрдугаар бүлэгт 1966 оноос өнөөг хүртэл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн компанийн дампуурлыг таамаглах 510 загварыг харьцуулан судалсан. Үүний тулд дампуурлын загваруудын түүхэн хөгжил болон хэрэглээ, дампууралд нөлөөлөгч хүчин зүйл болон дампуурлын загваруудын таамаглах чадвар зэргийг харьцуулан судалсны үндсэн дээр хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа санхүүгийн 50 үзүүлэлт болон статистик шинжилгээний 3 аргыг олж тогтоов.
“Компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулах нь” хэмээн гуравдугаар бүлэгт Монгол улс дахь компанийн дампуурлын өнөөгийн байдаг ямар түвшинд байгаа, макро эдийн засгийн зарим үзүүлэлт болон компанийн дампуурлын хоорондын хамаарлыг нарийвчлан судлав. Үүнээс гадна судалгаанд ашиглах түүвэр болон хүчин зүйлсийн сонголт хийсний үндсэн дээр өөрийн орны онцлогт нийцэхүйц компанийн дампуурлыг таамаглах загварыг ложит, дискриминант шинжилгээ болон хиймэл оюун ухааны сүлжээ загвар ашиглан боловсруулж, тодорхой тооны санхүүгийн тайлан мэдээнд тулгуурлан практик ач холбогдолтой эсэхийг шалгаж, баталгаажуулав.
Диссертацийн ажлын төгсгөл хэсэгт судалгааны гол дүн болон судалгаанаас гарсан санал, зөвлөмж, судалгааны эх үүсвэр болон ашигласан материалыг хавсралтаар оруулж өгөв. Судалгааны зарим гол үр дүнгээс дурдвал:
- Манай улсад үйлчилж буй компанийн дампуурлын тухай Монгол улсын хуулиар бол өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцож байгаа нь учир дутагдалтай байна; орчин үеийн судлаачид макро эдийн засаг, засаглал, компанийн хэмжээ, салбарын нөлөө зэрэг санхүүгийн бус хүчин зүйл ашиглах болсон ч санхүүгийн үзүүлэлт нь компанийн дампуурлыг илүү сайн таамаглаж байна;
- 2015 оны байдлаар бүртгэлтэй
126.6 мянган ААНБ байгаагийн тал орчим хувь нь үйл ажиллагаа огт явуулаагүйгээс 1626 нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. 2011 онд эдийн засгийн өсөлт
17.5 хувь байх үед 207 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байсан бол 2015 онд эдийн засгийн өсөлт
2.3 хувь хүртэл буурсантай холбоотойгоор үйл ажиллагаа нь бүрэн зогссон компанийн тоо
7.9 дахин өссөн зэргээс үзвэл эдийн засгийн уналт нь компанийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг харуулж байна;
- Манай улсад санхүүгийн тайлангийн бүхий л хэрэглэгчид Э.Альтманы 1968 онд АНУ-ын хувьцаат компаниудад зориулан боловсруулсан таван хувьсагчтай загвар ашиглаж байгаа ч тус загварыг шууд авч хэрэглэх нь учир дутагдалтай байна; хамааран хувьсагчийг сонгохдоо манай улсад үйлчилж буй компанийн дампуурлын тухай хуулийн хүрээнд шүүхийн шийдвэрээр дампуурлаа зарласан компанийг сонгох нь учир дутагдалтай байгаа тул хуулийн дагуу бус санхүүгийн хувьд хүндрэлд орсон шалгуурыг ашиглах нь оновчтой байна;
- Бидний боловсруулсан гурван загвараас хиймэл оюун ухааны сүлжээ загварын таамаглах чадвар харьцангуй өндөр гарсан ба загварын үр дүнг шалгах зорилгоор авч үлдсэн 772 түүврийг шалгахад дампуурсан компанийг үнэн таамаглах чадвар
81.3 хувь, дампуураагүй компанийг үнэн таамаглах чадвар
98.4 хувь буюу ерөнхий таамаглах чадвар
96.8 хувь гарсан. Тиймээс хиймэл оюун ухааны сүлжээ загвар болон дискриминант шинжилгээгээр боловсруулсан загварыг хослуулан хэрэглэх нь илүү оновчтой байх болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 1094
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :