Аль ч түвшний боловсролын эцсийн үр дүн хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэлтээр тодорхойлогддог гэж үзэж болно. Тийм ч учраас ажил мэргэжлийн чиг баримжаа, карьерын өсөлт гэдэг ойлголт боловсролын бүхий л түвшинд, тэр дундаа мэргэжлийн болон дээд боловсролын салбарт чухал бүрэлдэхүүн байх хэрэгтэй юм.
Манай оронд боловсролыг шинэчлэх үзэл баримтлал эрчимтэй хэрэгжиж, аль ч түвшний боловсрол эзэмшихэд багшийн хөгжлийг чухалчилж буй өнөө үед биеийн тамирын багшийн мэргэжлийн карьерын асуудлыг хөндөн судлах нь зайлшгүй судлах шаардлагатай тулгамдаж буй асуудал гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой “ажилгүй” иргэдийн тоо нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Үүнээс гарах арга замын нэг нь суралцагчид хөдөлмөрийн зах зээлд эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр ажил мэргэжлийн замналаа урьдчилан төлөвлөсөн, тодорхой чиг баримжаатай байх явдал юм. Тухайбал биеийн тамирын багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн суралцагч хөдөлмөрийн зах зээлд багшаас гадна эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ашиглан ямар ажил хөдөлмөр эрхлэх боломжтой вэ гэдгээ таньж мэдсэн байх нь түүний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх практик ач холбогдолтой гэж үзсэн болно.
Энэхүү ажил нь биеийн тамир, спортын салбарын мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийн онцлог, нэр хүнд, хөгжлийн асуудлыг анх удаа судалсан судалгааны анхны бүтээл юм.
Судалгаанд биеийн тамирын багш мэргэжлийг сонгон суралцагч 238 оюутан, ЕБС-д ажиллаж буй 147 биеийн тамирын багш мөн олон нийтийн (164 иргэн) хандлагыг онлайнаар судалж үр дүнг тооцсон.
Бидний бүтээл 3 бүлэг, 9 зүйл, удиртгал, ерөнхий дүгнэлт, ном зүй, нэр томъёоны тайлбар хүснэгт, зураг, бүдүүвчийн тайлбар, товчилсон, хавсралт бүхий нийт 153 хуудсаас бүрдсэн.
Судалгааны асуулт:
Авьяас сонирхол биеийн тамирын багшийн мэргэжил сонголтод хэр нөлөөлж байна вэ?
Биеийн тамирын багш мэргэжлээр суралцагч оюутан мэргэжлээ хэрхэн төсөөлдөг вэ?
Биеийн тамирын багшийн мэргэжлийн кластер ямар байх вэ?
Биеийн тамирын багшийн өнөөгийн карьер ямар байна вэ?
Судалгааны ажлын обьект:
Карьерын боловсрол, түүний олон улсын ангилал ба арга зүй
Судалгааны ажлын зорилго:
Орчин үеийн карьерын боловсролын үзэл баримтлал (концепци) манай орны биеийн тамирын багш болон энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд хэрхэн хэрэгжиж байгааг илрүүлэх, түүнийг сайжруулах арга замыг олж тогтооход оршино.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Карьер гэсэн дэлхий нийтийн хэрэглээ болсон ухагдахууныг нийгмийн танин мэдэхүйд нэвтрүүлэх, биеийн тамирын багшийн карьерыг чанарын аргаар үнэлж, дүгнэн биеийн тамирын багшийн ажил мэргэжлийн өсөлт хөгжлийг дэмжих, сайжруулах чухал асуудлыг дэвшүүлсэн.
Мөн карьерын боловсролын тогтолцооны хүрээнд монголд анх удаа харьцуулсан судалгааг явуулж, түүний хандлагыг тодорхойлон биеийн тамирын багшийн мэргэжлийн ангилал, кластер боловсруулсанд судалгааны шинэлэг тал оршино.
Судалгааны ажлын ач холбогдол:
“Карьер” гэдэг ойлголтыг онолын талаас нь дэлгэрүүлэн судалж нэгтгэсэн нь карьерын боловсролын талаарх танин мэдэхүйг нийгэмд танил болгох онолын ач холбогдолтой.
Судалгааны үр дүн нь биеийн тамирын мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчдад ирээдүйн карьерын өсөлтөө урьдчилан тодорхойлох, сургалтын хөтөлбөр, арга зүйг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх боломжийг олгох юм.
Биеийн тамирын багшийн эзэмшсэн ур чадвар нь нийгмийн тодорхой салбаруудын (аялал жуулчлалын ажилтан, амралт, клуб, дүүргийн зохион байгуулагч, нийгмийн халамжийн сэргээн засах мэргэжилтэн, хорооны арга зүйч, хөдөлгөөн засалч г.м) ажил мэргэжлийн зайлшгүй эзэмших ур чадварын багтаамжтай байдаг. Үүнд тулгуурлаж мэргэжлийн кластерийг боловсруулж, уг кластерт баримжаалан их дээд сургуульд мэргэжлийн шинэ хослолыг хийж хэрэгжүүлэх, ялангуяа Багш, биеийн тамирын боловсрол мэргэжлийн сургалтын хөтөлбөрт тусгавал практик ач холбогдолтой юм.
Мөн ажил олгогчид ажилтныг сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн кластерийг анхаарч үздэг соёл төлөвшвөл хөрвөх чадвартай мэргэжилтэн олшрох практик ач холбогдолтой.
Биеийн тамирын багшийн карьерын өсөлтийн загвар, ажил мэргэжлийн кластер нь бусад мэргэжилд зөөж хэрэглэх боломжтой төдийгүй, түүнийг гүйцэтгэх аргачлал болох ач холбогдолтой.
Карьерын боловсролыг тоймлон авч үзсэн нь ажил мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, багш, эцэг эх, залуу судлаачдад гарын авлага болох хөрвөх, тасралтгүй сурч боловсрох, хувь хүний хөгжлийг хангахад баримжаа болох талаасаа практикийн ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Судалгааны ажлын бүтэц:
I үе шат (2011- 2012 он) Судалгааны ажлын арга зүйг боловсруулав.
II үе шат (2013-2016 он) Мэргэжлийн карьерын сонголтын чиглэл ба хандлагад баримжаалан
Биеийн тамирын багшийн мэргэжил сонголт
Биеийн тамирын багшийн мэргэжил сонгосон оюутны мэргэжлийн төсөөлөл түүний өөрчлөлтийг илрүүлэх
Биеийн тамирын багшийн ажлын байран дахь өсөлт хөгжил
Биеийн тамирын багшийн ажил мэргэжлийн үйл ажиллагаанд тохиолддог саад бэрхшээлийг илрүүлэх судалгаа явуулж, карьерын загварыг боловсруулсан.
III үе шат (2017) Биеийн тамирын ажил мэргэжлийн кластерийг боловсруулсан.
IV үе шат (2018) Мэргэжлийн карьерын хүрээнд явуулсан судалгааг нэгтгэн дүгнэж диссертацийн хэлбэрт оруулав.
КАРЬЕРЫН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ОНОЛ, ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГАА БА ХАНДЛАГА гэсэн нэгдүгээр бүлэгт доорх дэд бүлгүүдийг оруулсан.
“Карьер”-ийн онолын үзэл баримтлал, шинжлэх ухааны үндэслэл
Карьерын боловсролын судалгааны явц ба чиг хандлага
Карьерын бэлтгэлийн үе шатууд ба төлөвлөлтийн асуудал
БИЕИЙН ТАМИРЫН БАГШИЙН КАРЬЕРЫН ХӨГЖИЛ БА ХОЛБОГДОХ СУДАЛГАА гэсэн хоёрдугаар бүлэгт
Биеийн тамирын багш, түүний ажил мэргэжлийн онцлог
Мэргэжлийн карьерын ангилал, кластер
Биеийн тамирын багш мэргэжлийн талаарх олон нийтийн хандлагыг илрүүлэх судалгаа гэсэн онолын асуудлууд болон олон нийтийн хандлагыг илрүүлэх судалгааг оруулсан болно.
БИЕИЙН ТАМИРЫН БАГШ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ, МЭРГЭЖЛИЙН КАРЬЕРЫН АСУУДЛЫГ СУДАЛСАН ҮР ДҮН гэсэн 3-р бүлэгт судалгааны ажлын зорилгыг хангах холбогдох судалгаануудыг багтаасан болно.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Дэлхийн глобал эдийн засгийн нөхцөлд мэргэжлийн карьерын боловсролын ач холбогдол улам өсөж тэр нь бүх шатны боловсролыг ажлын байр, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нэн чухал уг сурвалж болж байна. Иймд харьцуулсан судалгааг улам өргөжүүлэн явуулах шаардлагатай болох нь бидний судалгаанаас харагдсан болно.
Бидний судалгааны дүнд биеийн тамирын багшийн мэргэжил сонголт маш эрт (8-13 насанд –41; 14-15 насанд –26; 16 насанд –16 сонгосон)(Bukhbat,S, 2015) авьяас сонирхолд тулгуурлан хийгддэг. Үүнд: cпортоор хичээллэдэг, спортод дуртай байдал нөлөөлдөг нь тогтоогдсон болно. Эндээс тус улсын өнөөгийн нөхцөлд карьерын бэлтгэлийн сонгоны курсийн хөтөлбөрийг карьерын сонголт, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, үнэлгээ ба коррекц хийх зэрэг дөрвөн үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулж, бүх шатны сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгцээ шинээр дэвшигдэж байна.
Мөн 6766 гишүүн бүхий “Developing real learners” олон нийтийн сүлжээнд хэлэлцсэн дүнгээс XXI зууны хувь хүний чадварт суурилсан сонголт хийж ирээдүйн ажил мэргэжлээ төлөвлөж буй шинэ хандлагад нийцүүлэн мэргэжлийн карьерт нөлөөлдөг хувь хүний дотоод чанаруудыг цаашид тухайлан хөгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх, зохион байгуулалтын бүтцийг шинээр бий болгох шаардлагатай байгаа нь харагдав.
Бид биеийн тамирын багшийн ажил мэргэжлийн кластерийг боловсруулсан үр дүнгээс онцгой авьяас, дасгал хийх өндөр ур чадвар, мэргэжлийн өндөр техник, гүйцэтгэл шаарддаг биеийн тамирын багшийн мэргэжлийн онцлогоос хамаарч биеийн тамирын багшийн карьерийн хөгжлийг хөрвөх, дахин мэргэших боломжоор тасралтгүй дэмжих хэрэгцээ байна. Ялангуяа карьерын боловсролоор дамжуулан ажил мэргэжлийн сонголттой холбоотойгоор тус улсад хэрэглэгдэж буй мэргэжлийн ерөнхий ангиллыг улам боловсронгуй болгож, өрнөдийн орнуудад (АНУ зэрэг) түгээмэл хэрэглэгдэж буй ангиллыг тухайлбал, сайн хөрвөх чадвартай кластерийн (4 түвшинт) тогтолцоог судалж нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь судалгаагаар тодорхойлогдов.
Дэлхийн зарим улс орнуудад ядуурлын эсрэг тэмцэх шинжлэх ухааны арга хэрэгслийн нэг болсон карьерын боловсролын хэлбэр, агуулга ба стратегийн чиглэлийг нарийвчлан томьёолж нийгмийн бүхий л салбарт өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай чухал асуудал болсон нь судалгаагаар тогтоогдов. Ингэхдээ нэг кластерт байсан мэргэжлүүд адил төстэй чадвар, сонирхлыг голчлон шаарддаг боловч тэдгээрт тохирсон мэргэжлийн бэлтгэлийн түвшин хангах тогтолцоог боловсронгуй болгох бүтээлчээр ажиллуулах хэрэгцээ байна.
Биеийн тамирын багшийн мэргэжлийн карьерт нөлөөлж буй хүчин зүйлийг нарийвчлан үзэж, багшийн хөгжлийг дэмжих хэрэгцээ байна гэж үзлээ. Ялангуяа биеийн тамирын багш мэргэжлийн шаардлага өндөр, мэргэшсэн ур чадварт тулгуурладагыг үндэслэн биеийн тамирын багшийг хөрвөх, давтан сургах чиглэлээр онцгой анхаарах шаардлага байна.
“Хэрэглэгчийн хандлага” судалгаанаас манай орон төдийгүй ОХУ бусад оронд ч биеийн тамирын багшид тавих олон нийтийн шаардлага өндөр болох нь тогтоогдсон болно. Иймээс биеийн тамирын багш бэлтгэх хөтөлбөрт хувь хүний хөгжлийг хангах, мэргэжлийн карьерын өсөлтийн загварт үндэслэн сонгох хөтөлбөрүүдийг шат шатанд нэмэгдүүлэх замаар гарааны багшийн чадамжийг дээшлүүлэх боломжтой гэж үзлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0