Үндэслэл: Идээ ундааг хүний биеийн өвөрмөц онцлог, өвчний байдал, цаг улирал зэрэгтэй уялдуулан хэрэглэх замаар өвчнөөс сэргийлж, түүнийг анагаадаг УАУ-ы зарчмуудыг орчин үеийн анагаах ухааны онол, арга зүйтэй зөв хослуулснаар эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинэ арга хэлбэрүүдийг бий болгох боломжтой юм.
УАУ-д идээ ундааг халуун болон хүйтэн чанартай гэж ерөнхийд нь ангилан авч үзэж халуун чанартай идээ ундаагаар хүйтэн чанартай өвчнүүдийг анагаах, хүйтэн чанартай идээ ундаагаар халуун чанартай өвчнүүдийг анагаах зарчмуудыг баримталдаг. Хүний бие, эрхтэн системийн үйл ажиллагаа, эмгэг процессыг тайлбарлах тулгуур онолуудын нэг бол 3 махбодын буюу хий, шар, бадганы онол юм. Эд, эрхтнүүдэд тэдгээрийн орших орон, гүйцэтгэх үйл ажиллагаанаас нь хамаарч дээрх махбодуудын аль нэг нь давамгай оршиж байдаг. Энэ үүднээс уушги бадган махбод давамгай эрхтэнд, элэг шар махбод давамгай эрхтэнд хамаарагддаг.
Зорилго: Идээ ундаа, цаг улирлын харилцан хамааралт хүчин зүйлсийн эд эрхтний эмгэгт үзүүлэх нөлөөг судлах хүрээнд хавар, намрын улиралд CCL4-өөр үүсгэсэн гепатитийн болон адреналин гидрохлоридоор үүсгэсэн уушгины хурц хавангийн эмгэг загварт болон бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааны байдалд халуун чанартай идээний төлөөлөл болох адууны мах, хүйтэн чанартай идээний төлөөлөл болох ямааны махны үйлдлийг судлав.
Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Вистар үүлдрийн 80 толгой цагаан харханд CCL4-ийг 200 мг/кг тунгаар тарьж элэгний хурц үрэвслийн загварыг үүсгэв. Мөн 80 толгой цагаан хулганад адреналин гидрохлоридыг 25 мг/kг тунгаар тарьж уушгины хурц хавангийн загварыг үүсгэв. Туршилтын амьтанд адуу болон ямааны махыг
2.85 г/кг тунгаар 14 хоногийн туршид өгөв. Эуфиллин (
2.14 мг/кг) ба актовегинийг (
2.8 мг/кг) стандарт эм болгон хэрэглэв. Элэгний хордлогот үрэвслийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны элэгний эсийн задралын эрчимжих байдлыг цусны сийвэн дахь АсаТ, АлаТ ферментийн агууламжийн өөрчлөлтөөр тодорхойлов. Мөн цусны ийлдэс болон элэгний эдэд агуулагдах МДА, зарим уураг, эрдэс бодис, төмрийн хэмжээг тодорхойлсон ба гистологийн шинжилгээгээр адуу, ямааны мах хэрэглэсэн болон хэрэглээгүй бүлгийн амьтдын элэгний эд дэхь өөрчлөлтүүдийг харьцуулан судлав. Уушгины индекс, алвеолын диаметр, сурфактантын тогтворт чанар зэргийг тодорхойлж үр дүнг уушгины эдийн гистологийн шинжилгээгээр баталгаажуулав. Зургаан цаг тутамд ялгарах шээсний хэмжээгээр бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг тодорхойлов.
Үр дүн: Туршилтын амьтанд CCL4-өөр үүсгэсэн элэгний үрэвслийн эмгэг загварт шар махбод хөдлөх намрын улиралд хүйтэн чанартай ямааны мах, бадган махбод хөдлөх хаврын улиралд халуун чанартай адууны мах илүү үйлдэл үзүүлж байгаа нь харагдаж байна. Хаврын улиралд намрын улиралтай харьцуулахад элэгний үрэвслийн 14 дэх хоногт идээ ундааны эмчилгээний нөлөөгөөр цусны сийвэнд агуулагдах АсаТ, АлаТ ферментийн хэмжээ илүү буурч байна. УАУ-д цул сав эрхтний үйл ажиллагааг цаг улирлын байдал, хий, шар бадганы хурах хөдлөх, амирлах цагтай холбогдуулан тайлбарладаг. Дээрхи үр дүн нь ”…намар шар хөдлөхийн цагт элэгний үйл ажиллагаа суларна…хаврын цагт элэгний үйл ажиллагаа сайжирдаг” гэх томьёоллыг тайлбарлах боломжтой байгааг харуулж байна.
Түүнчлэн намрын улиралд ямааны махны бэлдмэл хэрэглэсэн бүлэгт элэгний эдэд агуулагдах МДА-ын хэмжээ 1.16-1.07 дахин багассан байгаа нь хүйтэн тослог бэлгэ чанартай идээ ундаа нь халуун шар өвчний үед антиоксидант тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг буюу түүний нөлөөгөөр хэт исэлдэлтийн гинжин урвал ямар нэг хэмжээгээр хориглогдож байгааг харуулж байна. Хүйтэн чанартай ямааны мах нь төмрийн ионы хэмжээг буулгах идэвхээр илүү байгаа нь УАУ-ы “…шарын халуун тослогийн эсрэг хүйтэн тослог, бадганы хүйтэн тослогийн эсрэг халуун тослог идээ ундаа, эм засал, явдал мөрийг хэрэглэнэ” гэсэн томьёоллын мөн чанарыг зөв зохистой тогтоох боломжийг өгч байна. Дээрхи үзүүлэлтүүд нь мөн элэгний эдийн гистологийн шинжилгээгээр “хүйтэн чанартай ямааны мах +намрын улирал” гэсэн хувилбар болон “халуун чанартай адууны махны бэлдмэл+хаврын улирал“ гэсэн хувилбарын үед элэгний эдийн сонгодог хэлтэнцэрийн бүтэц тодорч эхэлсэн, гепатоцитын баганан бүтэц хадгалагдан элэгний эс танигдахаар болж, гепатоцитын бөөмийн хроматин өтгөрөн, кариолемм тодорсон, мөн уургийн болон өөхөн хувирал багасаж хоёрлосон бөөм бүхий гепатоцит эсүүд олширч, нөхөн төлжилтийн процесс ихэссэн зэрэг шинжээр илэрч байна.
Бадган давамгай эрхтэн болох уушгинд адреналинаар үүсгэсэн уушгины хавангийн эмгэг загварт халуун чанартай адууны махны нөлөөгөөр намрын улиралд уушгины сурфактантын тогтворт чанарын үзүүлэлт
54.73%-иар, хаврын улиралд
69.66%-иар нэмэгдэж байгаа нь тогтоогдсон юм. Адууны мах нь уушгины алвеолын шалчийлтыг багасган, уушгины сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлж байгаа нь “...уушгины өвчнийг бүлээн тослог чанартай идээ ундаа, явдал мөр, эм заслаар эмчлэх“ тухай УАУ-ы томьёололтой тохирч байна. Энэ нь “халуун чанартай адууны махны бэлдмэл+намрын улирал” гэсэн хувилбарт уушгины эдийн гистологийн шинжилгээгээр уушгины цулцангийн хөндий дэх шүүдэс багасан, цулцангийн хөндийн бүтэц сэргэж буй зураглал ажиглагдсан “халуун чанартай адууны махны бэлдмэл+хаврын улирал” гэсэн хувилбарт хяналтын бүлэгтэй харьцуулбал уушгины хаван багасаж, цулцангийн агааржилт ихэссэн зэргээс бас харагдаж байна.
Түүнчлэн адууны махны бэлдмэл хэрэглэсэн бүлэгт цусны ийлдсийн оксидаза урвалын хурд ямааны махны бэлдмэл хэрэглэсэн амьтныхаас 1.3-1.6 дахин их байгаа нь тэдгээрийн найрлага дахь олон хоёрчийн холбоот тосны хүчлийн хэмжээтэй шууд хамааралтайг үзүүлж байна. Энэ нь УАУ-д адууны махыг халуун бэлгэ чанартай, ямааны махыг хүйтэн бэлгэ чанартай хэмээсэн томьёоллыг тайлбарлах боломжтой байгааг харуулж байна. Хаврын улиралд хүйтэн тослог бэлгэ чанартай ямааны махны бэлдмэл хэрэглэсэн бүлэгт шээс, шингэний ялгаралтын хэмжээ ихсэж байгаа нь “…хүйтэн тослог бэлгэ чанартай идээ ундаагаар бадган хүйтэн хөдөлж шээс элбэгшдэг…” тухай МУАУ-ы томьёоллыг тайлбарлах боломжийг өгч байна.
Дүгнэлт:
1.Туршилтын амьтдад CCL4-өөр үүсгэсэн элэгний эсийн хурц үхжлийн үед цитолиз бууруулах ( АсаТ, АлаТ ферментийн хэмжээ) идэвхээрээ “хаврын улирал+ халуун чанартай адууны мах”, “намрын улирал+хүйтэн чанартай ямааны мах” гэсэн хувилбарууд илүүтэй байгаа нь тогтоогдлоо.
2.Цагаан хулганад үүсгэсэн уушгины хурц хавагналтын эмгэг загварын үед уушгины сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлэн, задралыг багасгах, цулцангийн диаметрийг нэмэгдүүлж, улмаар уушгины хавагналтыг бууруулах идэвхи халуун чанартай адууны махны бэлдмэл дээр илүүтэй илэрч байгаа нь тогтоогдлоо.
3.“Хүйтэн чанартай ямааны махны бэлдмэл+хаврын улирал” гэсэн хувилбарын үед туршилтын амьтдын шээс ялгаралтын хэмжээ нэмэгдэж байгаа нь тогтоогдлоо.