Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Англи хэл суралцагчдад уншиж ойлгох арга барил эзэмшүүлэх арга зүйн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2615
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : Унших үйл, сурах арга барил, когнитив, метакогнитив барил

Аннотаци

Англи хэл суралцагчдад уншиж ойлгох арга барил эзэмшүүлэх арга зүйтэй холбоотой энэхүү судалгааны зорилго нь сурах арга барил эзэмшүүлэх/эзэмших асуудал, үүн дотор унших арга барил эзэмшүүлэх талаар хийгдсэн гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, онол арга зүйг тоймлон судалж, англи хэл суралцагчдын когнитив болон метакогнитив унших барилуудыг хэрхэн эзэмшсэн судалгааны үр дүнд тулгуурлан хэл сурах когнитив загварыг туршин үр дүнг тооцсонд оршино. Энэхүү судалгаа нь удиртгал, үндсэн 3 бүлэг, номзүй, 4 хавсралт бүхий бүтэцтэй. 1970-д оноос хэл сурах орчин үеийн дэвшилтэд онол концепцийн хүрээнд сурах арга барил (learning strategies)-ын асуудлыг авч үзэн түүнийг төлөвшүүлэхэд ямар арга барилуудыг ашиглах, тэдгээрийн мөн чанар, онцлог, ангилал, эзэмшүүлэх арга зүйн талаас судалж эхэлсэн бөгөөд эдгээр олон судалгааны үр дүн сурах арга барил эзэмшүүлэхийн чухлыг нийтэд дэвшүүлэн тавьсан билээ. Хэл сурах арга барилыг ангилдаг 22 систем байдаг хэдий ч дээр хийгдсэн олон судалгаагааны үр дүнг нэгтгэвэл когнитив, метакогнитив, афектив барил гэсэн ерөнхий ангилал өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Дээрх 3 барилаас зонхилох үүрэгтэй нь когнитив, метакогнитив барилууд юм. Иймээс суралцагч өөрийн сурах үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, чиглүүлэх хэрэгсэл болох хэл сурах арга барил (language learning strategies) эзэмшүүлэх асуудал мөн хамаарч байгаа учир гадаад хэлний үндсэн 4 чадварын нэг болох унших чадварыг хөгжүүлэх асуудал когнитив, метакогнитив барилын мэдлэг, хэрэглээ, дадал туршлагад суурилах нь зүйтэй. Метакогнитив барил нь когнитив барилуудыг хэрхэн яаж хэрэглэж байгааг хянах, зохицуулах үүрэгтэй байдаг. Когнитив мэдлэгийг декларатив мэдлэг (барилуудын тухай мэдлэг), процедурын мэдлэг (барилуудыг хэрхэн хэрэглэх), нөхцөл байдлын мэдлэг (барил эзэмших, түүнийг хэрэглэхийн үнэ цэнэ, ач холбогдлын тухай мэдлэг) зэргийг багтаадаг. Англи хэл сурах, сургах үйлийн онол арга зүйн үндэслэлийн хүрээнд англи хэлний багш мэргэжлийн ангийн суралцагчид унших чадвараа хөгжүүлэх метакогнитив, когнитив ямар барилуудыг хэрхэн эзэмшиж буй өнөөгийн байдлыг үнэлэхэд тэдэнд тулгарч буй түгээмэл бэрхшээл когнитив, метакогнитив барилтай холбоотой байна. Метакогнитив барилын хувьд суралцагчдын 45% нь унших үйлээ төлөвлөдөг, 46% нь хийсэн үйлээ хянадаг, 36% нь ашигласан арга барилаа үнэлдэг гэсэн хангалтгүй үзүүлэлт гарсан байна. Когнитив барилын хувьд суралцагчдын 58% нь цөөн тооны барилыг хэрэглэдэг гэж хариулсан байна. Түүнчлэн хэлний ерөнхий мэдлэг, чадвар, үгийн сан, өгүүлбэр зүйн бүтэц, цаашилбал тухайн хэлтэн орнуудын сэтгэлгээ, соёлын хам сэдвийг тооцож чаддаггүй, хэл соёлын шүтэлцээний онцлогийг тэр бүр чухалчлан үздэггүй, аливаа эхийг зөвхөн хэлний талаас механикаар ойлгож дасгал даалгаврыг гүйцэтгэхийг хичээдэг нь судалгааны баримтаар нотлогдож байна. Төрөлх хэл болон гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой барилуудыг ямар арга замаар, хэрхэн эзэмшүүлэх асуудлыг олон эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид судалж, практикт туршиж үр дүнг тооцсоны үр дүнд өнөөгийн хэлний сургалтад хэрэглэгдэж буй хэд хэдэн загвар боловсруулагдсан. Эдгээр загвар нь арга зүйн талаас дараах хэд хэдэн нийтлэг шинжтэй. Нэгдүгээрт, санал асуулга, хэлэлцүүлэг, ярилцлага, эргэцүүлэл зэрэг судалгааны хэрэгслээр суралцагчдын унших барил эзэмшсэн байдлыг тогтоох; хоёрдугаарт, суралцагчдын метакогнитив барилыг хөгжүүлэхэд багшийн зүгээс танилцуулах, тайлбарлах, загварчлан үзүүлэх; гуравдугаарт, барилуудыг цогц байдлаар зааж сургах, эцэст нь бүх суралцагчдад тухайн барилыг хэрхэн сонгосон, ашигласнаа үнэлэх чадвар суулгах зэрэг зарчмын хувьд маш чухал шинжүүд байна. Иймээс хэл сурах арга барил эзэмшүүлэх арга зүйг тогтоохдоо дээрх шинжүүдийг байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй байна. Унших чадварыг хөгжүүлэх когнитив барил эзэмшүүлэхдээ метакогнитив барилын 5 бүрдүүлбэр үйлд (ямар барилыг хэрхэн хэрэглэх, яагаад тухайн барилыг хэрэглэх болсон үндэслэл, ямар эх дээр хэдийд ашиглахаа мэдэх, ямар үр дүнтэй болсныг үнэлэх зэрэг) суурилсан шат дараалсан үйл ажиллагаагаар төлөвлөн зохион байгуулах нь суралцагчдыг аливаа эхтэй ажиллах арга барилтай болоход маш их чухал ач холбогдолтой байна. Унших арга барил сайтар эзэмшэхийн тулд суралцагч найруулга, бүтэц, хэлбэрийн хувьд ялгаатай олон төрлийн эхийг уншдаг, хэрэглэж буй барилуудын үр дүнг илрүүлэхийн тулд тэдгээрийг хэрэглэх боломж бүрийг ашиглах, мөн нэгэнт хэрэглэсэн барилуудаа үнэлэх чадвартай болох ёстой. Иймээс тэдэнд когнитив болон метакогнитив арга барил эзэмшүүлэх арга зүйг үр бүтээлтэй ашиглахад багшийн зүгээс когнитив болон метакогнитив барилуудыг сайтар мэдэхээс гадна тэдгээрийг хэрхэн хэрэглэхийг зааж сургах арга зүйн талаас олон янзын барилуудыг загварчлан үзүүлэх, тайлбарлах, суралцагчдын зүгээс хийж буй алхам бүрийг задлан шинжилж, түүний үр дүнд тулгуурлан шаардлагатай бол дахин тайлбарлан, загварчлах циклээр эргэх байнгын ажиллагаа шаардана. Дээрх хэрэгцээ шаардлагаас үүдэн гадаад хэлний багш мэргэжлийн хичээл бүрээр тодорхой чадварыг хөгжүүлэх арга барил эзэмшүүлэх арга зүй, үйл ажиллагааны аргачлал боловсруулж жишээлэн үзүүлэх, загварчлан тайлбарлах, мөн суралцагчдыг бие даан ажиллах чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх чадвар суулгах асуудал багш хөтөлбөрийн чухал бүрдүүлбэр хэсэг болох ёстой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 630
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :