Монгол орны говийн бүс нутагт илэрч мэдэгдсэн хадны зургийг судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон сонгож бусад газрын зурагтай харьцуулан судалснаар хадны зургийн дүрслэлийн арга барил, сэдэв зохиомжийн ангилал, он цагийн болон хөгжлийн зүй тогтлын асуудлыг хөнджээ. Хадны зургийн дүр дүрслэл, утга агуулгыг эртний домог зүй, бөө мөргөл бэлгэдэл зүйн түлхүүрээр тайлан тайлбарлах оролдлого хийсэн. Ингэснээр хадны зургийн хөгжлийн зүй тогтлын асуудлыг байгальтай харьцах явцад үүссэн эртний хүмүүсийн жирийн шүтлэг бишрэлээс эхлэн амьжиргааны хэлбэр мал аж ахуй, ан агнуур өөрчлөгдсөнтөй холбоотойгоор бөө мөргөл, тэнгэр шүтлэг,өвөг дээдсийн сүнсийг шүтэх болсноор буюу хүний оюун санаа хөгжихийн хирээр шүтлэгийн хэлбэр өөрчлөгдөж ирснээр тайлбарласан байна.